Д.Урианхайн 10 боть нохой жилийн тэргүүн ном боллоо

2019-01-29

Ч.ОЛДОХ

“Нохой жилийн тэргүүн ном” шалгаруулах  хүндэтгэлийн ёслол Монголын Үндэсний номын санд боллоо. “МNС”  телевизийн санаачилсан энэхүү шалгаруулалт нохой жилийн шилдгийн шилдэг номоор Д.Урианхайн 10 ботийг  нэрлэжээ.

Тэргүүн номын шагнал хүртсэн Д.Урианхайн 10 боть нь 2022 он хүртэл хэвлэгдэх 27 ботийн эхнийх нь юм.  10 ботид түүний философи, улс төрийн өгүүлэл, нийтлэлүүд ороогүй, зөвхөн утга зохиолын төрлийн 40 гаруй бүтээл дээжлэгджээ.

Түүнчлэн Төрийн шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Бавуудоржийн “Шувууг сулла” ном шилдгээр нэрлэгдэв. Энэ нь    түүний анхны үргэлжилсэн үгийн зохиолоос бүрдсэнээс гадна өгүүллэг, бичил өгүүллэг, эссэ, жүжгийн зохиол нь багтсанаар  өвөрмөц бүтээлд  үнэлэгдсэн байна.

Зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн “Санкара” эссэ роман  баримтат намтарчилсан хэлбэрээр бичигдсэн бөгөөд  шилдэг номд багтлаа.

Орчуулгын бүтээлээс япон хэлний орчуулагч, судлаач  О.Жаргалсайханы “Хайрын ааш” шигшмэл өгүүллэгийн ном шилдгээр шалгарчээ.

Шүүмж судлалын бүтээлүүдээс Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Д.Төмөртогоогийн “Монгол хэлний үгийн гарлын тайлбар толь” ном шалгарчээ.

Хэвлэлийн газруудаас  “Нэпко” шилдгээр шалгарсан бөгөөд  2018 онд хэвлэсэн “Монголын түүх” дөрвөн  боть, Бямбын Ринчен таван  боть, “Дэлхийн түүхийн альманах”, “Бизнесийн философи”, “Цэгцтэй сэтгэх урлаг”, “Эмсгүй эрс” зэрэг бүтээл хэвлэснээр нь шилдгээр шалгаруулсан байна.

Шилдэг номыг шалгаруулах ёслолд МЗЭ, Үндэсний номын сан хамтран оролцлоо.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ