Г.Гантогтох: Цагаан сар монголчуудын эртнээс уламжилсан төрт ёсны их баяр

2019-01-22

Ч.ҮЛ-ОЛДОХ

“Зууны мэдээ” сонин “Монголын түүх мөх­лийн ирмэгт”, “Түүхийн жи­мээр”, “Монгол соёлоо мөхлөөс аваръя” зэрэг  булангуудаараа  асуу­­дал дэвшүүлж  ирсэн билээ. Энэ онд “Монгол соёлын дархлаа” бу­ланг шинээр нээж, анхны зочноор Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Гантогтохыг урьж сар шинийн баярын талаар ярилцсанаа хүргэе.

 

-Монголчуудын уламжлалт  баяр Ца­­гаан сар хэзээ үүссэн, хэрхэн тэм­­дэг­­л­эж ирсэн тухай түүхээс сонирхуулна уу?

-Монголчууд Цагаан сарыг төрт улс үүссэн үеэс  тэмдэглэж ирсэн. Харин мэдээ сурвалжид дурдагдсан  нь 1200-гаад оны үе юм. Социализмын үед Хайлааст, Чингэлтэйн эцсийн айлуудаар орж “Цагаан сар тэмдэглэхгүй. Баяр ёслол хийхгүй, Хандгайтад бүх нийтийн зугаалга хийж салхинд гарна. Малчдын баяр болохоос Улаанбаатарын иргэд эрүүл агаарт гарах хөдөлгөөн өрнүүлэх ёстой”  гэж ухуулдаг байлаа.  Би ийм даалгавар авч ухуулгад явж байсан. Тэр үед залуу багш ийм үүрэг аваад гарахдаа хэдэн мянган жил тэмдэглэсэн Цагаан сарын баяраараа  салхинд гарна гэх хаашаа юм. Ийм суртал нэвтрүүлж явах ч дээ гэх шүү юм бодлоо. Гэсэн ч явдгаараа явж, орох ёстой айлуудаар орлоо. Нэг айлд ортол тавгийнхаа боовыг  хайрч  байна. Уг нь би тэдэнд “Цагаан сар хийж болохгүй” гэж хэлэх ёстой ч үндэсний их баяр Цагаан сарынхаа ууцыг чанаж хамаг юмаа бэлдчихээд  тавгийн боовоо хийж байхад таарч орж ирдэг  нь билэгтэй сайхан үйл явдал, буянтай хүн юм биз дээ” гээд биеэ магтаад гарсан.  Гэтэл нэг хүн “Та үндэсний баяр гэлээ, наадам ч бас үндэсний баяр биз дээ” гэж байна. Ам халаад “Тэр ч тийм, гэхдээ улсын баяр шүү дээ, Монгол Улсын иргэний паспорттой  хүмүүсийн баяр. Цагаан сараар паспорт шалгадаггүй, тэгэхээр монгол хүн болгоны, дэлхийн бүх монголчуудын баяр.Зөвхөн Монголд ч тэмдэглэдэг юм биш” гээд аваад хаялаа. Сүүлд  ШУА-аас  яриа таниулга хийж үү, юу ярьж  вэ гээд шалгаж, миний орсон айлууд  унинд хавчуулсан тэмдэглэлийн дэвтрээ аваад өгсөн нь “Ухуулагч  орж ирлээ. Цагаан сараар  баяр тэмдэглэхгүй салхинд гарахаар ярилцлаа” гэсэн байж. Миний орсон айлынхан намайг гарсны дараа “Залуу хүүхэд байна, ийм юм яриад хэрэг бишдэнэ. Энэ хүүхдийг сүйдэлж болохгүй” гэж ярилцан дэвтэртээ  тийм тэмдэглэл хөтлөөд униндаа хавчуулсан гэнэ лээ.Тэр үед тийм бодолтой явсных  өнөөдөр  би монголчууд  дэлхий дахины баяр Цагаан сараа дэлгэр сайхан тэмдэглэх ёстой гэж боддог.

-Цагаан сарыг тэмдэглэдэг болс­ноос хойш  байдал өөрчлөгдсөн байх?

-Цагаан сарыг тэмдэглэдэг болох үеэс С.Дулам  бид хоёр энд тэндгүй дуудагдаж “байцаагддаг” болсон. Сонин, телевизүүд урьж аваачаад “Цагаан сарын тухай яриад өг, ямар учир утгатай юм, тэмдэглэдэг ёс жаяг нь юу вэ” гээд  асууна. Тэгж байснаа үрлэг зарлага их гарч байна, одоо яах вэ. Бэлэг сэлт өгөх учиртай юм уу, үгүй юм уу. Заавал өгөх шаардлага байна уу гэж  асуудаг болсон. Цагаан сар  үндэсний их баяр учраас их  нүсэр, олон ёс жаягтай, олон жилийн туршлагатай, гүн гүнзгий агуулгатай. Бид дор хаяж есөн давхар их баярыг  нэгмөсөн тэмдэглэж байгаа хэрэг юм шүү дээ. Ёс ёмбогор, төр төмбөгөр. Хүн хэрээрээ, тэмээ тэнгээрээ  гэж үгтэй. Цагаан сар тэмлэглэж дийлэхээ байсан юм гэж хаа байх вэ. Билэгдэл, хүний сэтгэлээс л болно. Айл өрх бүр, монгол хүн болгон  байгаагаараа, хэр чинээгээрээ   тэмдэглэх   учиртай. Цагаан сарыг дийлж цаана нь гартал баярладаг хүн гэж ер байхгүй. Тэрэндээ хүрэх юм бол ямар ч том баян, хэчнээн их хөрөнгөтөн, дэлхийн талыг эзэлсэн Чингис хаан маань ч гэсэн сэтгэлдээ хүртэл Цагаан сараа тэмдэглэж байсан ч  уу, үгүй ч үү. Тийм их үнэ цэнэтэй ёс уламжлалаа бид үнэлж цэгнээд яриад сууж байж болох уу. Тэрийг бас өргөн түмнээрээ хэлэлцээд байх ч юм биш, үндэснийхээ баярыг тэмдэглэх хэрэгтэй юу, үгүй гэсэнтэй л адил. Ер нь тэгээд баярлаж байгаа хүний сэт­гэ­лийн хэм, хэмнэлийг яаж үнэлэх билээ.

-Есөн давхар баярын билэгдэл, утгыг тайлбарлана уу ?

-Нэгдүгээрт, сүлд цагаан тэнгэрийн хишиг буяны их баяр. Өглөг өргөж мөргөж сүслэдэг маань тийм учиртай. Дээр нь  шинэ жилийн, нас нэмсэний, насан уртассаны, уулзан золгосны учрал ерөөлийн баяр, хаврын баяр, төлийн баяр, хайр энэрэлийн баяр, хэлхээ бат оршихын баяр, нэг ёсны наадам гэж үздэг. Ийм есөн давхар гүн утга агуулгатай баяр юм.

-Цагаан сараар ёс жаяг хамгийн чухал байх?

-Цагаан сарын  уламжлалт нэр нь “Хувь сар”. Хувь хүртээх сар гэсэн утгатай. Билгийн улирлын нэр нь барс сар. Шинийн 1-нд харанхуй байдаг учраас билэгдлээр, зурхайн тоогоор Цагаан сар гэдэг. Хамгийн гол нь сэтгэлээ ариусгах гэсэн утгатай. Цагаан сарын өдөр сэтгэлд байгаа атгаг харанхуйг бүгдийг арилгаж, цэвэр сайхнаар,  шинээр мэндэлж төрөх гэсэн агуулгатай. Бас төрсөн өдөр гэж үзэж болно.  Хувь сарын утга  тэр жилийнхээ хишиг буян, цогцлоосон бүтээсэн, байгуулсан бүхнийхээ хувийг олон түмэндээ хүртээх.Тэнгэрээс хайрлаж байгаа хишиг буяныг бас хүртэж авах, тэр хүртсэнээ өөртөө шингээх бус үр хүүхдүүддээ тарааж хүртээж, уламжлуулах юм. Тэнгэрийн хишиг хувь нь аав ээж, өвөө эмээ, өмнө үе /урд насны, үүх түүхийн/ -ээс бидэнд ирсэн буян заяа. Тэр буян буян заяаг тогтоох, хүртээх нь золгож байгаа, авч байгаа, өгч авч байгаа хүндэтгэл юм. Цагаан сарын хамгийн чухал зүйл нь хүндэтгэл. Зоог, шүүсээр, ая дуугаар, найр наадмаар, баяр хийж баясгаж, тоглож наадаж хүндэтгэх гээд олон талтай. Нөгөө талаас байгалийн хэмнэл, орчин тойрноо хайрлах, энэрэх, хамаг бүхэн соёолон  дэлгэрч байгаа хаврын  баяр. Харин үүнийгээ бид номон дээр бичихдээ гажуудуулдаг.

-Тэр нь юу билээ?

-“Хахир хатуу өвлийг давсаны баяр. Хүйтэн жаврын үзүүр цаашаа харж урин дулааны улирал ирж ..” гэж бичээд, тэрийг нь телевиз радиогоор уншдаг явдлыг  би шүүмжилдэг. Энэ  бол хүйтнээс айдаг, гадаа гарахгүй  ном шагайгаад бээвийгээд сууж байдаг  над шиг бээрэг эрдэмтний  л үг байх. Монгол хүнд ийм үг зохихгүй, дээр нь билэггүй. Жилийн дөрвөн улирлын энэ  муухай, тэр нь сайхан гэх утгагүй. Байгалийн зохицлыг бүрдүүлж байгаа  баярыг бид амныхаа зоргоор тайлбарлаж болохгүй. Ирж байгаа цагаа сайхнаар хүлээж авах ёстой. Бас  “хорголоо тоолсон” сэтгэлгээтэй байж таарахгүй. Цагаан сарын гол агуулга  өргөн дэлгэр байхад оршино. Гэхдээ нэг их бардайж бардамлах нь  юу вэ, байгаа хэмжээндээ бүх юмны зүй зохисыг олж болох шүү дээ. Гол нь хүмүүс  зөн совингоороо уулздаг баяр юм. Бие биеэ асууж сураглан  олж  уулздаг , уулзаад сэтгэлийн үгээ уудалж,  агаар тэнгэр, ахуй амьдрал, зовлон жаргалаа ярих нь бас нэгэн жаргал. Ахмад настнууддаа хадаг барьж байгаа нь нэг талаас хүндэтгэл, нөгөө талаас  удам судраа хүндэтгэж, урт наслахыг ерөөж, үүх түүхээ  өвлөн  уламжилж авч буйн илэрхийлэл.Үүнээс  улбаалж   өрх бүрийн ургийн бичиг, данс даяг жигдэрнэ. Уулзах учрах, танилцахаас өгсүүлээд төрлийн хэлхээ батжих үндэс болно.

-Орон сууцанд амьдардаг  хотын иргэдэд гүйцэлдүүлэхэд амаргүй ёс жаяг бас байх юм?

-Айл болгон тагтан дээрээ гарч  цай, сүүний дээж өргөж доор нь байгаа машинуудыг цоохортуулж  бухимдал үүсгэдэг. Үнэтэй ууц аваад чанах газаргүй, нөгөөхөө дутуу хагас болгож түүхий нойтон юм хийх нь байна. Залуус  “Өвөө, эмээ хүртэл ууц тавихаас дургүйцэх  юм. Өвөө тэгж ярьж байхад бид юү вэ” гэх нь ч  байна. Дулаан байранд ууц шүүс нь  нэгшиж үнэр ороод,  өргөөд  тагт руу гаргах гэтэл даахгүй зовлон байдаг шиг ээ. Олон түмний яриаг бид   зөв, буруу гэж шүүх утгагүй. Гэхдээ олон нийтэд ханддаг  байгууллагууд  нийгмээ сонсч, зөв, бурууг нь ялгаж салгах ёстой. Орчин цагт бизнесийн салбар ихээхэн хөгжлөө. Ахуй нөхцөл, хүмүүсийн аж амьдрал бас сайжирлаа. Ажил хөдөлмөр эрхэлж, амьдралаа сайхан авч яваа хүн олон бий. Байшинтай, гэртэй, зуслантай, ёстой нөгөө хөдөөтэй, хоттой гэгчээр ажил амьдралыг хослуулж байгаа нь ч байна. Тэр хүмүүсээс үлгэр жишээ авах хэрэгтэй. Хотоос гарч Цагаан сараа тэмдэглэх  боломж дүүрэн бий. Бодож сэтгэж, бололцоо боломжийг хайвал  болохгүй юм байхгүй. Бэлэг сэлтийн тухайд заавал хадаг гэлгүй  номын баринтаг хийж барьж болно. Тэгээд номоо хувилж дэлгэрүүлэх, номын буян хурж, номын сангаа арвижуулдаг болбол сайхан.

-Баярын өдрүүдэд  хэлж, ярих үгээ ч бодож бай гэж ахмадууд захидаг. Энэ бас учиртай байх?

-Дандаа бүтэхгүй, болохгүй гэж яриад байх нь Цагаан сарын сэтгэл­гээнд муугаар  нөлөөлнө. Дотроо бодсон зүйл хэзээ нэгэн цагт бүтдэг. Сайныг санавал сайнаар,  мууг санавал муугаар биелдэг домтой. Ер нь  Цагаан сар хүүхэд залууст маш үлгэр дууриалтай. Үр хүүхэд, ач зээ нар, хойч үед хүмүүжлийн чухал ач холбогдолтой. Жилдээ  нэг дор бүгд цугладаг, эв найрыг олдог, ёс төр сахиж, сайн муугаа хэлэлцдэг. Энэ баяр маань хэдийгээр өв уламжлалд суурилдаг боловч цагийн цагт өөрчлөгдөж, хувьсч, шинэчлэгдэж ирсэн. Цагаан сар  өргөн дэлгэр, улам сайхан болж байгаа. Зарим зүйлийн  өв уламжлалыг хадгалан  тухайн  цаг үед  нь тохируулах, цааш бодмоор юм ч бий. Домын юм уу, өв уламжлалын чанартай зарим зүйлийг өвлөх хэрэгтэй байх. Сүсэглэх тал нь бол  өөрчлөгдсөн шүү дээ. Шинжлэх ухаан хөгжиж,  хүмүүсийн оюун ухаан  тэлсэн, юмыг тал талаас нь харж ойлгож ухаарахын хэрээр мухар сүсгээр хийдэг зүйл байхгүй болсон. Харин  манайхны хэтэрхий нэг тийш туйлширдаг байдал хөгшин, залуугүй  ууц тавих зэргээр илэрдэг. Ууц, тавгийн идээ зочдод зориулсан бус, олон үеийн цаадах үе үеийн үүх түүхийн их Заяач өвөөд  үзүүлж  байгаа хүндэтгэл.

“Оны эхнийг угтсан

Онгон буурал Заяач” гэж хэлэлцдэг дээ. Заяач өвөө цагаан дээлтэй, цагаан морьтой, сарьдгийн оройгоор дүүлж, хишгийн уут дүүрэн бэлэг сэлттэй морилдог. Алтан бумбын орноос хагарч гарсан Заяач гэж билэгддэг,  дом нь тийм. Энэ бол сахиус, шүтээн. Айлд тооноор нь орж ирж, толио туяагаа тусгаж, тотгон дээгүүр нь эргэлдэж зол заяаг нь залгуулж, айл айлын гадаа буян хишиг яаж дэлгэрч байна вэ гэдгийг харж баясч явдаг, үнэр хүлэгтэн гэлцдэг. Тиймээс ууцны үнэрээр айлсдаг гэлцдэг. Ууц нь өөрийнх нь хөдөлмөр, хөдөлмөрийнх нь үр шим нь хонины тарга бөгсөндөө, ямааны тарга цээжиндээ  гэдгээр илэрч байна гэсэн утгатай. Ингээд өсгөсөн хонь маань  олон мянгад хүрлээ, түүнийхээ дээжийг Заяач өвөөдөө тавъя гэж хэлэлцдэг шүү дээ. Заяачид тавьж буй ууц, есөн давхар тавгийн идээ нь тийм учиртай. Буулгахдаа бурханы хишгээс эхлэн хувь тараадаг, “Хувь сар” гэдгийн  утга  ийм.

-Ууц тавих насны зааг гэж байна уу?

-Тэрийг хэмжиж хэлэх боломжгүй. Ахмад хүмүүс ууц тавина гэлцдэг ч  энэ ойлголтод залуу хүн ч орж болно. Насаар залуу боловч, ёсоороо  ахмад хүн байна. Төрийн зүтгэлтний дээд талд  сууж байдаг хүүхэд ч байж болно, хүүхдийнхээ дээр сууж байгаа настан ч байж болно.Настны дээд талд  сууж байгаа цол хэргэмтэй хүн ч  байна.Тогтсон заншил, нутаг нутгийн ёсоор, олон түмэн хүлээн зөвшөөрснөөр ёслоод  явчихдаг. Түүнийг хэн нэгэн журамлаж  37, эсвэл 65 наснаас дээш  гэж тогтоох боломжгүй. 65-тай хүн доор нь суух цаг байж мэднэ, 37 настай хүн дээр нь гараад сууж  болзошгүй. Ёс гэдэг харьцангуй юм. Ингээд үзэхээр биднийг ярьдаг нутгархаг, дов жалганы үзэл  гэх зүйлүүд Цагаан сар дэлгэрэх тусам  учир зүйгээ олж, ягшмал ойлголтууд задардаг.

-Цагаан сарын баярын дэг ёсыг хэн зохиосон юм бол?

– Өндөр гэгээн Занабазарын дэгээр явж ирсэн. Гэхдээ яг тэр хэвээр уламжилсан гэхэд учир дутагдалтай. Яагаад гэвэл нутаг, нутагт өөр ёс заншилтай. Анхандаа Цагаан сарын баяр  бүхий л талаасаа бурхан шашны агуул­гатай байсан. Гэтэл Өндөр гэгээн Занабазар тэнгэр шүтлэгтэй, хэдийгээр лам хүн боловч өвгөд дээдэс, төр ёсны талаас бөө мөргөлийн уламжлалтай, тэрийгээ шашныхаа номд ямар нэг хэмжээгээр оруулсан. Бүтээл туурвилуудын  үндсэн зангилаа нь монголчуудын эртний  тамга, өв уламжлал, төрт ёсны зүй тогтол байдаг. Түүнийг нь лам нар тэр бол­гон зөвшөөрдөггүй. Ер нь бол бид эрт­нээс уламжилж ирсэн төрт ёсны уламж­лалаа ямар нэг хэмжээгээр баримтлах ёстой. Шинэчилж байна гээд шоу болгох нь зохисгүй.

Ингээд гарч байгаа гахай жилдээ мон­гол түмэн элгээрээ энх амгалан, төр­­лөөрөө түвшин амгалан, төр улс маань батжиж, түмэн олон маань нэгдэж,  их бүтээл өрнүүлэн  бад­руу­­лахын өлзий хутагт ерөөлийг дэвшүүлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.22 №15  (5982)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ