Монголын сонгодог урлагийн ноён оргил “Уран хас”

2019-01-21

Ч.ГАНТУЛГА

Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай хөгжмийн зохиолч Ж.Чулууны мөнхийн бүтээл болох “Уран хас” балет өнгөрсөн онд 45 нас хүрсэн юм. Монголын сонгодог урлаг, бүжгэн жүжгийн ноён оргил болсон  тус бүтээл 1973 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр анх үзэгчдийн хүртээл болжээ. Тухай үед удирдаачаар Ч.Жамсранжав, бүжиг дэглээчээр Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамъяндагва, зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх ажилласан түүхтэй. Харин Хасын дүрд Д.Батхүрэл, Хандармаад Ю.Цэрмаа бүжиглэсэн байдаг. Үүнээс хойш үе үеийн шилдэг уран бүтээлчид болох Э.Оюунбат, Ю.Оюун, Н.Эрдэнэцэцэг нарын авьяаслаг бүжигчид Хандармаа, Хасын дүрд гоцолсоор иржээ. Ж.Чулуун гуай “Уран хас” балетаа бодилт амьдралаас сэдэвлэсэн гэдэг. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн Н.Гэлэнхүү тэнгэрт эрх дураараа дүүлэн нисэх шувуудын адил нисэхийг хүсдэг байжээ. Мөрөөдөлдөө хөтлөгдөн суманд нь байх 200 метрийн өндөртэй “Дүнтэр” цохион дээрээс үсэрчээ. Улмаар хоттой хонин дээр газардсан тулдаа амьд үлдсэн тухай яриаг Ж.Чулуун гуай анх сонсоод “Уран хас” балетаа бичсэн аж. Балетад яг л тийм дэврүүн мөрөөдөлтэй нэгний тухай өгүүлдэг юм.

Шувуу мэт дүүлэн нисэхийг хүссэн Хас

Хангай нутаг. Идэр мөрний хойд хөвөө, уулархаг хадан хясаагаар хучигджээ. Хясааны хажууханд ганц холтсон бор гэр байх агаад тэр гэрт “уран” гэж алдаршсан Хас  ээжийн хамт амьдардаг байв. Хас жигүүртэн мэт дүүлэн нисэх хүсэлдээ хөтлөгдөж, шувууны далавч урлаж байтал түүний сэтгэлт  бүсгүй Хандармаа ирснээр үйл явдал эхэлдэг. Хас нутгийн гурван бүсгүйд далавчаа үзүүлж, өндөр хясаанаас үсэрч, шувуу мэт нисэх тухайгаа өгүүлсэн ч тэд итгэсэнгүй. Харин ч тоглоом тохуу хийжээ. Энэ үед Хас хясааны орой дээр гарч үсрэхээр завдахад гурван хүүхэн ихэд айж сандарцгаав. Хас өндөр хадан хясаанаас үсэрч, энх тунх бууж ирэхэд Хасын төлөө айн сандарсан Хандармаа үнэн сэтгэлээсээ баярлан хөөрдөг. Хасын авьяасын тухай сонссон хошуу ноён түүнийг Хүрээ рүү дуудуулж буйгаар хоёрдугаар үзэгдэл эхэлдэг. Ноёны “Диваажин” урлан. Хас ноёны даалгасан бүтээлийг хийж сууна. Хасын урласан 12 жилээр хийсэн эрдэнийн цаг үнэхээр гайхамшигтай бүтээл болжээ.

 

“Би Ж.Чулуун гуайн хөгжмийг шүтэж явдаг”

Ж.Чулуун 1928 онд Ховд аймгийн Жаргалант сумын нутагт төрсөн. 1939 оноос Төв театрт ажиллаж эхэлсэн бөгөөд үндэсний хөгжмүүдээс гадна хийл хөгжмийг эзэмшиж, улмаар зөвлөлтөөс ирсэн мэргэжилтэн Б. Смирнов А. Белоусов нарын шавь болжээ. 1950 он хүртэл тус театрын гоцлол хөгжимчнөөр ажилласан байдаг. Үүнээс гадна Прага, Будапешт, Бухарест хотод болсон хөгжмийн наадамд амжилттай оролцож байв. Ж.Чулуун 1960-1988 онд УДБЭТ-ын ерөнхий удирдаач, 1988 оноос Улсын филармонийн ерөнхий удирдаач, уран сайхны удирдагчаар ажиллаж байсан юм. Тэрээр УДБЭТ-ын тайзнаа 20 гаруй дуурь, балетыг удирдсан байдаг. Харин түүний мөнхийн бүтээл, Монголын сонгодог урлагийн ноён оргил болсон “Уран хас” балет сонгодог урлагт шимтэн дурладаг хүн бүхнийг соронзон мэт татсаар иржээ.

Тиймээс ч УДБЭТ-ын урын санд одоог хүртэл голлох байр суурийг эзэлсээр байна. Тус бүтээлийн тухай Ж.Чулуун агсны хүү удирдаач Ч.Чинбат “Би зун найзуудтайгаа загасанд явах их дуртай. Өнгөрсөн жил Хөвсгөлийн Галт сумаас завиар явсаар Их уул хүрсэн юм. Олон голын бэлчир хүрэх үед нутгийн хөгшин надад хандаж “Энэ уул чинь нөгөө далавч хийгээд ниссэн хүний цохио шүү дээ” гэж хэлсэн. Их жижигхэн цохио байдаг юм билээ” хэмээн дурслаа. “Уран хас” төрөх үед Ч.Чинбат ОХУ-д оюутан байжээ. Тэрээр цааш нь “Аавын минь бүтээл 46 жилийн турш дуурийн театрын тайзнаа тоглогдлоо. Хамгийн чухал нь балетын 40 жилийн ойгоор бүтээлийн нотыг шинэчилж, дижитал хэлбэртэй болгосонд баярладаг юм. Нотыг олон жил тоглох тусам элэгдэж, урагдаж, хуучирдаг. Үүнийг дижитал хэлбэрт шилжүүлнэ гэдэг цаашид тус уран бүтээлийг тавихад илүү хөнгөн болсон гэсэн үг” гэв. Харин “Уран Хас” бүжгэн жүжгийн Хандармаагийн дүрд анх гоцолсон ахмад балетчин Ю.Цэрмаа “Би Ж.Чулуун гуайн хөгжмийг шүтэж явдаг. Тэрээр бүжигчнийхээ тухайн өдрийн формыг анддаггүй гайхалтай мэдрэмжтэй хүн байсан. Би энэ бүтээлд 29 настайдаа бүжиглэж байлаа. Харин Хандармаагаас өмнө олон бүжгийн жүжигт тоглосон. Миний хамтрагч Д.Батхүрэл гээд их сайн бүжигчин байсан. Түүнээс хойш нэг хэсэг Б.Оюунбаттай бүжиглэсэн” хэмээн дурссан байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.21 № 14 (5981)

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ