Э.Эрдэнэжамъяны хэлсэн онцлох 10 эшлэл

2019-01-20

Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарлыг татсан хоёр ч асуудлыг гаргаж тавив. Тэрээр ханиад томууны дэгдэлт газар авч эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа онц хүнд үед  зочид буудлуудыг эмнэлгийн зориулалтаар ашиглах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлсэн. Мөн  “60 тэрбумын бичлэг”-ийн талаар шинэ баримт дэлгэсэн юм. Түүний хэлсэн онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

 

Ханиад томууны дэгдэлт газар авч нялхаст хүндээр тусч буй үед төр онцгой байдал гэж үзэж амралт сувиллын газар, хувийн эмнэлэг, зочид буудлуудыг дайчлах ёстой.


Өрөөнд хэвтсэн үү, хонгилд хэвтсэн үү гэдгээс үл хамаарч Эрүүл мэндийн даатгалын сангаас  эмчлүүлж буй хүүхдүүдийн зардлыг гаргаж өгдөг. ЭМЯ үүнийг анхаарч ажлаа зохион байгуулах хэрэгтэй.


Энд ажиллах хүч хүрэлцэнэ. ЭМШУҮИС-ийн оюутнууд, тэтгэвэрт гарсан ахмад эмч нар, хувийн эмнэлэгийнхэн гээд  бүгдийг дайчлах хэрэгтэй.


Баянгол зочид буудал, Чингис зочид буудал гэхчлэн төрийн мөнгөөр баригдаад хямдхан хувьчлагдсан зочид буудал  цөөнгүй.  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг  даргалдаг Ерөнхийлөгч маань тодорхой хэмжээний бизнестэй хүн. Энэ  ажлыг санаачлаасай, хэрэгжүүлээсэй.


Төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлэг барина гээд газрын маргаан, тендерийн будлиантай өчнөөн жил  цаг алдлаа. Эмнэлгийн зориулалтаар бариад зарж байгаа барилгуудаас төр  шууд худалдан авалт хийчихдэг болчихооч.


“60 тэрбумын” гэх тэр  бичлэгийг 2016 оны сонгуулийн үеэр олон нийтэд дэлгэснээр  гүтгэгч, эвлүүлэгч хэмээн чичлүүлж, бараг л би зохиогоод биччихсэн шиг юм  болж, Хан-Уул дүүргийн шүүхээс  намайг “Уучлал гуй”  гэсэн шийдвэр  гаргасан.


Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг юм  байна. МАН-ынхан  “60 тэрбумын хэрэг”-ээ хүлээн зөвшөөрч, нэг дарга нь нөгөөгөө  буруутган  албан тушаалаас нь буулгалаа.


 “60 тэрбум” бол амлалт  маягийн яриа хэлэлцээр байсан. Үүнийг амьдрал дээр бодитоор хэрэгжүүлсэн хүн нь У.Хүрэлсүх, түүний  Засгийн газар. ЖДҮ бол “60 тэрбум”-ын хэрэгжилт юм.


М.Энхболд, У.Хүрэлсүх хоёул  Ардын намын дарга нар. Энэ бол  дарга нарын хувь хүний асуудал биш, институциэрээ хийж байгаа асуудал. Тэгэхээр энэ нам бүхлээрээ хариуцлага хүлээх ёстой.


МАХН 2016 оны сонгуулийн дараачаас эхлэн УИХ хууль бус учраас тар гэдэг шаардлагыг албан ёсоор тавьж ирсэн. Одоо ч ийм байр суурьтай  байгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ