Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн ялагдсан эшлэлүүд

2019-01-11

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.  ЖДҮХС-гаас зээл авсан дөрвөн гишүүнээ шөнө дөлөөр хуралдан авч үлдлээ. Уг нь Улсын Ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир,  Б.Ундармаа, Л.Энхболд нарыг эгүүлэн татах санал хүргүүлсэн.  Гишүүдийн хэргийн явцын талаарх мэдээллийг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулсан.  Гэсэн ч энэ удаа тэрээр дахин ялагдлаа.  Өмнө нь энэ хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Батзоригийн асуудлыг оруулан мөн л парламентаас сугалж чадаагүй юм.  Ийнхүү парламентын танхимд Ерөнхий прокурорын хэлсэн үгнээс эшлэн хүргэж байна.

-60 тэрбумын асуудал дээр прокурор тэр яриаг эвлүүлэг биш гэж үзсэн. Гэхдээ яг мөнгөө өгөөд албан тушаал дээр очсон, хэрэгжсэн баримт бол байхгүй байгаа юм. Прокуророос энэ бол эвлүүлэг биш, гэхдээ хэрэгжсэн тохиолдол батлагдаагүй юм байна гэж үзээд хаасан. Гэхдээ ТЕГ-аас энэ хэргийг дахин шалгаад эхэлсэн.

-Т.Ганболдын ярьсны мөрөөр шалгаад явж байна. Тохиролцоод байсан юм шиг, айлгаж дарамтлуулсан юм шиг, андуурчихсан юм шиг янз янзаар яриад явдаг юм байдаг юм.

-Та нар эс өгсөн ч бай, хамаагүй. Би дараа дараагийн хүнийг оруулж ирнэ ээ.

-АТГ-г дуудахаар очдог гэж гишүүд яриад байна. Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй гишүүд ороод ирэв ээ.  Ямар томьёолол дээр авч үлдье гээд, ямар үед нь аваад яв гэдэг юм бэ.

-Шалгагдаж байгаа хэргийнхээ талаар мэдээлэл өг гэж  надад хэлэх юм. Үүний эсрэг би хатуу зогсдог. Н.Алтанхуяг гэдэг хүнийг огцруулахын өмнө АТГ-ынхан өмнөх өдөр нь гарч ирээд мэдээлэл хийсэн. Энийг би гудамжнаас жирийн хуульч хүний хувьд харж суухдаа үнэхээр болчимгүй юм даа гэж бодсон. УЕП болоод би энэ үйлдлийг хаасан. Та бүхэн ажиглаж байвал одоо хэн нэгний нэрийг дурдсан мэдээлэл огт гарахгүй байна.

-Бүрэн эрхтэй дархлагдсан хүнийг бүрэн дүүрэн шалгах боломжгүй байгаа учраас түдгэлзүүлж өгөөч гэдэг саналыг оруулж ирсэн. Үүнийг та нар сайн мэдэж байгаа байх. Хуулийн байгууллага боломжит бүх зүйлийг ашиглаж шалгадаг.

-Бөөнөөр нь оруулж ирэх шаардлагатай бол мөрдөн байцаагчийн хүсэлтээр оруулаад ирж болно оо. Тус тусдаа явах ёстой юм л даа.

-40-50 мөрдөн байцаагч зөвхөн ЖДҮ-г шалгах гэж хоёр сар ажиллаж байна. Хүн хүч хүрэхгүй байна аа. Энийг яриад суухын оронд Оюутолгой, Үнэ тогтворжуулах хөтөлбөр зэргийг шалгаад суумаар байлаа. Гэвч тийм биш байсан учраас оруулж ирсэн юм.

-Зарим нь шалгалтын дараа ална, хядна, гишүүн шалгадаг чи хэн бэ гэж ярьсан байна лээ. Би энэ талаар дараа оруулж ирэхдээ ярина. Зарим нь ямар нэг хамааралгүй гэдгээ ирж шалгуулаад, баярлалаа, баяртай болоод салсан байна лээ.

-Миний ажилд саад болж байгаа зүйл байхгүй. Бүлэг хэрэг гэдгийг нотлох баримтаар тогтоогоогүй учраас би хэлж мэдэхгүй. Гэхдээ энэ мөнгийг надаас илүүтэй та нар сайн мэднэ. Хэрэв нотлогдвол би энэ асуудлыг оруулж ирнэ. Зохион байгууллагатай мафи байгаа нь харин үнэн шүү.

-Улсын төсвөөс нийлж авдаг гэх мэт. Би үүнтэй хатуу тэмцэнэ. Өнөөдөр цаг нь болсон. Юм бүхнийг дарах гэсэн цаг нь өнгөрсөн. Бүх зүйл хууль ёсны дагуу явагдах ёстой гэдгийг нийгэм ч шаардаж байна. Би ч үүнийг хангаж ажиллана. Та бүхэн дэмжээрэй

-Ерөнхий прокурорын асуудлыг Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж, УИХ-д оруулж ирсэн. Намайг томилоход М.Энхболд гэдэг хүн УИХ-ын дарга байгаагүй. Би энэ хүний үгээр хөдөлдөг ч хүн биш.

-Хууль хяналтын ажлыг та нар битгий улс төр болгооч. Хуулийн байгууллага нь ажлаа хийгээд, хянадаг юмаа хянаад оруулж ирж байгаа.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ