Ц.Цолмон: УИХ-ын даргын өрөөнд юу болсныг хэлье

2019-01-10

С.САРУУЛ

УИХ-ын даргыг огцруулахаар УИХ-ын нэр бүхий гишүүд улс орон даяар жагсаал зохион байгуулав. Л.Болд гишүүний хэлснээр жагсаалд 50, 60 мянган хүн оролцож байгаа бөгөөд гишүүд дөнгөж сая /2019.01.10/ 15:00 цагт  УИХ-ын даргатай уулзсан ч М.Энхболд огцрох боломжгүй гэжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд “УИХ-ын дарга 30 хуудас ажлын тайлангаа өгч байна. Бид түүнийг нь хүлээж авсангүй. Бид үймээн самуунд уриалаагүй. Гэхдээ гадаа байгаа хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэхийг бид мэдэхгүй.  Төлөвлөгөөний дагуу суулт хийнэ” гэлээ. Өөрөөр хэлбэл, жагсагчид хяналтаас гарч эмх замбараагүй байдал үүсгэж магадгүй гэлээ.

Харин үүний дараа 16:30 цагт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Миний зорилго бол УИХ-ын даргын өрөөнд юу болсныг хэлэх. Төв талбайд жагсаал зохион байгуулсан УИХ-ын дөрвөн гишүүн, жагсаал зохион байгуулагчдын хамт нийт есөн хүн  УИХ-ын даргатай уулзсан, би хамт байсан. Тэд УИХ-ын даргад огцрох шаардлага тавьсан. УИХ-ын дарга тодорхой үндэслэлүүдээр тайлбар өгсөн ч гурван хуудас тайлбарыг хүлээж аваагүй. УИХ-ын даргын хариултыг орж ирсэн хүмүүс  сонсоогүй. Энэ үеэр гишүүдтэй хамт ирсэн хүмүүс нь УИХ-ын дарга руу дайрсан. Дайрсныг баталгаажуулах бичлэг камерт үлдсэн.
Төрийн тусгай хамгаалалтын ажилтнуудын үйл ажиллагааг зогсоосон нь Төрийн тусгай хамгаалалтын тухай болон Төрийн ордонд мөрдөгддөг хууль, журмыг зөрчсөн үйлдэл боллоо. Ямар байгууллага, ямар арга хэмжээ авахыг мэдэхгүй байна. Ямар ч байсан баривчлах, саатуулах үйл ажиллагаа явуулаагүй. Тэр хүмүүс гарч явсан” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ