Хууль: Жагсаал цуглаанаас гарах үр дагаврыг хэн хариуцах вэ

2019-01-10

С.САРУУЛ

УИХ-ын даргыг огцруулахаар УИХ-ын нэр бүхий гишүүд Төв талбайд хоёр дахь удаагаа жагсаал зохион байгуулж байна. Мөн аймгуудад ч энэхүү улс төрийн жагсаал болж буй юм. Л.Болд гишүүний хэлснээр жагсаалд 50, 60 мянган хүн оролцож байгаа бөгөөд гишүүд дөнгөж сая /2019.01.10/ УИХ-ын даргатай уулзсан ч М.Энхболд огцрох боломжгүй гэжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд “”Таван гишүүн жагсаал зохион байгуулах зөвшөөрөл авахдаа маш том хариуцлага хүлээсэн. Тиймээс ч 50, 60 мянган хүн тайван замаар жагсаж байна.   УИХ-ын дарга 30 хуудас ажлын тайлангаа өгч байна. Бид түүнийг нь хүлээж авсангүй. Бид үймээн самуунд уриалаагүй. Гэхдээ гадаа байгаа хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэхийг бид мэдэхгүй.  Төлөвлөгөөний дагуу суулт хийнэ” гэлээ. Өөрөөр хэлбэл, жагсагчид хяналтаас гарч эмх замбараагүй байдал үүсгэж магадгүй гэлээ.

Хууль хяналтын байгууллага жагсагчдын аюулгүй байдлыг ханган хяналтдаа авч ажиллаж байгаа юм. Жагсаал цуглаан зохион байгуулах талаар Монгол Улсын Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд хэрхэн зааж өгснийг хүргэж байна.

Жагсаал цуглаанаас гарах үр дагаврыг хэн хүлээх вэ

-Монгол Улсын Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Жагсаал цуглаан хийх журмыг хуульчилж өгсөн байдаг. Уг зүйлийн 1 дэх хэсэгт Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд түүний зорилго, эхлэх, дуусах хугацаа, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой зааж өгсөн байх ёстой.

Мөн Жагсаал, цуглааныг санаачлагч улс төрийн нам, төрийн бус байгууллага уг арга хэмжээнээс үүсэх үр дагаврыг биечлэн хариуцах үүрэг бүхий зохион байгуулагчийг албан ёсоор томилж, энэ тухай итгэмжлэлийг жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд хавсаргана. Жагсаал, цуглааныг санаачлагч иргэнийг уг жагсаал, цуглааныг зохион байгуулагч гэж үзнэ. Жагсаал, цуглааныг зохион байгуулагч дараахь үүрэг хүлээнэ.

Жагсагчдын үүрэг:

Хот, суурин газрын нийтийн аж ахуй, зүлэг, таримал, бусдын өмч хөрөнгөд хохирол учруулахгүй байх, жагсаал, цуглааны дараа гудамж, талбайг цэвэрлэж хэвийн байдалд оруулах, халуун, хүйтэн зэвсэг, хорт болон тэсэрч дэлбэрэх бодис, орчин тойрондоо болон хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц аливаа зүйл, амьтан авч явж болохгүйг жагсаал, цуглаанд оролцогчдод урьдчилан анхааруулж тийм тохиолдол илэрвэл холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэж шаардлагатай арга хэмжээ авахуулах, жагсаал, цуглааны явцад аливаа хэлбэрээр хүч үл хэрэглэх, төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байх, бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлохгүй байхыг оролцогчдод урьдчилан анхааруулж, энэ заалт зөрчигдөхөд хүрвэл нэн даруй таслан зогсоох буюу холбогдох байгууллагад мэдэгдэх; -согтууруулах ундаа, мансууруулах буюу хорт бодис хэрэглэсэн болон сэтгэцийн өвчтэй хүмүүсийг жагсаал, цуглаанд оролцуулахгүй байх, жагсаал, цуглааны явцад согтууруулах ундаа хэрэглүүлэхгүй байх,  жагсаал, цуглааны үеэр гудамж, замын хөдөлгөөнийг бүслэн хаах, аливаа байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулах, дотоод хэрэгт нь оролцоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг оролцогчдод урьдчилан анхааруулж, энэхүү шаардлагыг чандлан сахиулах; -жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, шахалт дарамт үзүүлэх болон бусад хэлбэрээр албадахгүй байх. -Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байх гэсэн үүргийг хуулиар хүлээнэ.

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ