Т.Золбаяр: Хуулийн байгууллагад хандах болно

2019-01-10

Д.ЧИМЭГ

Иргэн Т.Золбаяр “60 тэрбумын” гэх хэрэгтэй холбогдуулан Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэрээр “Бамбай секьюрити сервис” компанид хамгаалагчаар өнгөрсөн оны хоёрдугаар сарын 12-нд хоёр жилийн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд оржээ. Ингээд гуравдугаар сарын 2-нд харуулын менежерээр дэвшүүлэн томилсон аж. Т.Золбаяр Оюутолгойн ард талын гадна байрлах орон нутгийн замын хяналтын ХХ постод ажил үүргээ гүйцэтгэж байсан юм байна. Тус зам дээр нүүрс тээврийн автомашиныг нэвтрүүлэхдээ хууль бус мөнгө хураадаг байдлыг эсэргүүцсэнийхээ төлөө ажлаас чөлөөлөгдөхөд хүрснээ тэрээр хэвлэлийн хурлын үеэр ярилаа. Ингэхдээ ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй атлаа цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаанаас улбаалан ажлаасаа халагдснаа ярьж энэ нь өнөөх “60 тэрбум”-тай холбоотой гэж үзэж буйгаа илэрхийлэв.  Албан тушаалаа ашигласан гэмт хэрэг хэмээн үзэж буй учраас цагдаагийн байгууллагад хандсан хэдий ч “Албаны шалгалтаар тус цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасаг, Гэрээт цагдаагийн тасгийн алба хаагчид нь хууль тогтоомж болон цагдаагийн алба хаагчийн ёс зүй хэм хэмжээг зөрчсөн нь тогтоогдоогүй болохыг хариу мэдэгдэж байна” гэх утгатай албан бичиг ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэлэв. Тэрээр цааш ярихдаа “Би бүх шатны байгууллагад гомдол гаргаж өөрийнхөө хохирлыг барагдуулахыг хүсэх болно” хэмээсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ