ДАШТ-2018-ын цэнгэлдэхүүд өнөөдөр

2019-01-08

 

Д.ЭНХЭЭ

Түүхэнд хамгийн шилдэг хэмээн ФИФА-гийн зөвлөл хүлээн зөвшөөрсөн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны зун ОХУ-д болж өнгөрсөн бөгөөд гол өв болж үлдсэн орчин үеийн цэнгэлдэх хүрээлэнгүүдийн хувь тавилан тэмцээн дууссанаас хойш хагас жилийн дараа ямар байгаа бол гэдгийг РИА-Новости-д Сергей Яременкогийн бичсэнийг орчуулан хүргэж байна.

 

Саранск: Хүйтний улирал бүгдийг баллав

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээж авахаар нэр дэвшсэн хотуудаас эхэндээ хамгийн маргаан дагуулсан нь Саранск байсан. Ядахдаа орон нутгийн “Мордовия” баг Мэргэжлийн хөлбөмбөгийн холбоондоо Оросын хөлбөмбөгийн хүч чадлын чансаагаар гуравдугаар цуваанд тоглодог байсан. Хуучин цэнгэлдэхдээ 2000 гаруй үзэгчийг хааяа л нэг цуглуулж чаддаг байсан.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа Саранскийн багийн амьдрал цоо шинээр эхэлсэн. Хөлбөмбөгийн үндэсний лигт дэвшсэн “Мордовия” баг энэ улиралд нутгийнхаа шинэхэн цэнгэлдэхэд хийсэн эхний таван тоглолтдоо тус бүр 20 мянга гаруй үзэгч цуглуулсан. Гэхдээ намраас цаг агаар хүйтэрч, бас үр дүн муутай тоглолтууд үзэгчдийг үргээчихжээ. Марат Мустафины багийн сүүлийн хоёр тоглолтыг үзэхээр “Мордовия Арена” цэнгэлдэхэд 5.2 мянган үзэгч иржээ.

 

Сочи: Зүлэгний асуудал

 

2018 оны зун хүртэл Сочид ерөөсөө мэргэжлийн хөлбөмбөгийн баг огт байгаагүй. Харин зургадугаар сард, ДАШТ эхлэхийн өмнөхөн Петербургийн “Динамо” баг өмнийг зорин нүүж иржээ. Шинэ баг “Фишт” цэнгэлдэхэд шууд тоглож хараахан амжсангүй. Талбайн зүлэг асуудалтай байснаас Александр Точилины баг нутагтаа хийсэн дөрвөн тоглолтын зөвхөн нэгд нь л дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон цэнгэлдэхэд зочин багаа хүлээж авсан бол бусад гурвыг нь Слава Метревелийн нэрэмжит цэнгэлдэхэд тогложээ.

Зотина Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэн

 

Илүү тохь тухтай “Фишт” цэнгэлдэхэд нүүж очсон ч үзэгчдийн тоонд онцын өөрчлөлт гарсангүй, харьцангуй цөөн үзэгчтэй байв. Олимпийн цогцолборт “Барууд”-ын эхний тоглолтод 8,5 мянган үзэгч ирсэн бол дараа нь 3000 хүрсэн үзэгчтэй тоглолт ховорхон байжээ.

 

Калининград: Живж байгаа “Балтика”

“Калининград” цэнгэлдэхэд улирлын тоглолт эхлэхийн өмнө “Балтика” таних тэмдгээ шинэчилж сольсон хэдий ч ажил үйлээ харин шинээр эхэлж хараахан чадсангүй. ОХУ-ын хамгийн баруун зүгийн клуб Хөлбөмбөгийн үндэсний лигийн гараагаа гурван хожигдол, гурван тэнцээгээр эхэлсэн. Есдүгээр сарын дундуур ерөнхий дасгалжуулагч Валерий Непомнящий багаа орхиж явсан бол аравдугаар сарын сүүлээр спортын захирал Кирилл Котов клубтэй байгуулсан гэрээгээ цуцалжээ. Спортын амжилтын тааруухан үр дүн, боловсон хүчний халаа сэлгээ нь “Балтика”-гийн санхүүгийн байдал хүндэрсэн үед болж байгаа аж.

Калининградчуудын нутагтаа хийсэн эхний тоглолтууд 10 мянга орчим үзэгчтэй байсан бол Москвагийн “Локомотив”-тэй хийсэн цомын тоглолтод 25 мянга гаруй үзэгч ирсэн байна. Гэсэн ч цуварсан бүтэлгүй тоглолт, улмаар Хөлбөмбөгийн үндэсний лигээс хасагдах болсон явдал үзэгчдийн тоонд сөргөөр нөлөөлжээ. Арваннэгдүгээр сард “Калининград” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтууд 3-4 мянган үзэгчтэй байжээ.

 

Волгоград: Үнэнч хөгжөөн дэмжигчид

 

Волгоградын “Ротор” клуб Хөлбөмбөгийн үндэсний лигт “Балтика”-тай хөршилж байгаа. Гол төлөв хожигддог, Ярославийн “Шинник”-т (1:3) хожигдсон арваннэгдүгээр сарын сүүлийн тоглолтын дараа ерөнхий дасгалжуулагч Роберт Евдокимовыг ажлаас нь халжээ. Гэхдээ удирдлагын болон спортын энэ мэт асуудлууд үзэгчдийг харин үргээсэнгүй.

Чалабов “Волгоград Арена” цэнгэлдэх хүрээлэн

“Волгоград Арена”-д “Ротор”-ын хийсэн анхны тоглолтод 30 мянга гаруй үзэгч ирсэн. Аравдугаар сарыг дуустал үзэгчдийн тоо тогтвортой хадгалагдаж, цэнгэлдэхэд 22-29 мянган үзэгч байнга ирж байжээ. Гагцхүү арваннэгдүгээр сараас хүйтэрсэн нь статистикт муугаар нөлөөлсөн байна. Өвлийн улирлын завсарлага эхлэхийн өмнөх “Ротор”-ын сүүлийн тоглолтуудыг 10-14 мянган хүн үзжээ.

 

Нижний Новгород: Өсч дэвжих хөдөлгөөн

 

Дараа жил Оросын премьер лигт бас нэгэн шинэ цэнгэлдэх нэмэгдэхээр бол тэр нь зөвхөн “Нижний Новгород“-ынх байх болно. Дмитрий Черышевын баг өвлийн улирлын амралтыг жагсаалтын тавдугаарт, элит хэсэгт тоглох эрхийн төлөө “Чертаново”-гоос зөвхөн нэмэлт үзүүлэлтээр л хоцорч яваа.

“Нижний Новгород” нутагтаа бараг оноо алддаггүй, тогтмол олон үзэгчээр дэмжүүлдэг баг. Шинэ улиралд тэдний нутагтаа хийсэн эхний тоглолтыг үзэхээр 18 мянган хүн ирсэн бол дараа нь бүр 30 мянган үзэгч цугласан тохиолдол ч бас бий. Харин цаг агаар хүйтрэхээр үзэгчдийн сонирхол буурсан бөгөөд арваннэгдүгээр сарын 24-нд “Нижний Новгород” цэнгэлдэхэд “Томи”-гийн эсрэг хийсэн тоглолтыг 6.8 мянган хөгжөөн дэмжигч үзсэн.

 

Самара: 40 мянгаас 7000 руу

 

“Крылья Советов” улирлыг сүрхий сайн эхэлж, “Самара Арена” цэнгэлдэхэд Москвагийн ЦСКА-гийн эсрэг 39137 мянган үзэгчтэйгээр премьер лигийн уламжлалт лидерүүдийн нэгэнтэй тэнцсэн (0:0) тоглолт үзүүлж билээ.

“Самара Арена” цэнгэлдэх хүрээлэн

Гэсэн ч яваандаа үзэгчдийн тоо, тэмцээний үр дүн ч аль аль нь уруудаж буурсан. Нутагтаа хийсэн найман тоглолтын тавд нь “Крылья” хожигдсон. Аравдугаар сарын эхээр ерөнхий дасгалжуулагчаа сольж, Андрей Тихоновын оронд “Крылья Советов”-ыг Миодраг Божович ахалсан. Намар нь “Самара Арена” цэнгэлдэхэд ганц л удаа 20 гаруй мянган үзэгч цугласан нь Петербургийн “Зенит”-ийн эсрэг хийсэн тоглолт байсан. Арваннэг, арванхоёдугаар сард “Крылья”-гийн нутагтаа хийсэн хоёр тоглолтод 8.6 мянга (грозныйгийн “Ахмата”), 7.2 мянган (“Ростов”-ын эсрэг) үзэгч тус  ирсэн байна.

 

Екатеринбург: 20 мянга-энэ бол дээд хэмжээ

 

Екатеринбургийн “Урал” баг Оросын аварга шалгаруулах тэмцээний энэ улирлыг нутагтаа хийсэн гурван тоглолтоор эхлүүлсэн хэдий ч сайхан цаг агаар, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараах шинэхэн сэтгэгдлийн аль аль нь “Екатеринбург Арена”-г үзэгчдээр дүүргэж чадсангүй. “Краснодар”-тай хийсэн хоёр дахь цувралын тоглолтод 20.3 мянган үзэгч ирсэн бол Махачкалагийн “Анжи” (1 дэх цуврал), Москвагийн “Динамо” (3 дахь цуврал)-той хийсэн уулзалтад 17.16 мянган үзэгч иржээ.

Улирлын явцад Дмитрий Парфеновын багийн тоглолт мэдэгдэхүйц сайжирч, хэд хэдэн гялалзсан ялалт байгуулсан хэдий ч “Урал”-ын үзэгчдийн тоо харин нэмэгдсэнгүй. Тоглолтуудад 11-18 мянган үзэгч ирж байв. Арваннэгдүгээр сарын сүүлээр екатеринбургчүүд шинэ цэнгэлдэхийн зүлгээ ирэх хаврын тоглолтод зориулан гамнаж, өвлийн амралт эхлэхийн өмнө “Оренбург”-тэй хийсэн улсын аваргын тоглолт, “Нижний Новгород”-той хийсэн Оросын цомын аваргын тоглолтыг өөрийн хуучин “Уралмаш” цэнгэлдэхдээ хийжээ.

 

Ростов: хөлбөмбөгчид Бастагийн эсрэг

 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа “Дон дахь Ростовын Арена”-гийн талаар хоёр ч дуулиантай мэдээ түүх болж үлджээ. Эхлээд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр “Ростов” клуб түрээсийн өндөр төлбөр төлж чадахгүйн улмаас шинэ цэнгэлдэхэд тоглож чадахгүй нь гэсэн мэдээ тарсан ч тун удалгүй энэ асуудал шийдэгдэж, хөлбөмбөгчид хуучин “Олимп-2” цэнгэлдэх рүүгээ буцсангүй. Дараа нь талбайн зүлгээ сүйдэхээс сэргийлж, тус клуб Бастагийн рэпүүдийн концертыг шинэ цэнгэлдэхэд тоглуулахыг эрс эсэргүүцсэн байна. Үүнийг ч мөн эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүйгээр шийджээ.

 “Ростов Арена”

Шинэ цэнгэлдэхийг тойрсон дуулиан шуугианыг үл хайхран ростовчууд үзэгчдийнхээ тоог нэмэгдүүлж, тогтвортой өндөр төвшинд байлгаж чаджээ. 21 мянгаас доош үзэгчтэй нэг ч тоглолт “Ростов”-ын нутагтаа хийсэн тоглолтуудаас байхгүй. Казанийн “Рубин”-тэй хийсэн тоглолтыг хамгийн олон буюу 40 мянга гаруй хөгжөөн дэмжигч үзжээ.

 

Казань: ДАШТ тус нэмэр болсонгүй

 

“Казань Арена”-гийн анхны тоглолтыг “Рубин” бүр 2014 онд хийсэн шинийг үзэх сонирхол аль хэдийнэ буурсан аж. Орчин үеийн цэнгэлдэх рүү үзэгчдийг эргүүлж авчрахад дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ч тус нэмэр болсонгүй. Премьер лигийн тав дахь цувралд “ЦСКА”-тай хийсэн тоглолтод 26.5 мянган үзэгч ирсэн нь дээд амжилт байв. “Казань Арена”-д нутагтаа хийсэн таван тоглолтыг 10 хүрэхгүй мянган үзэгч, тухайлбал, арваннэгдүгээр сарын сүүлээр “Динамо”-той хийсэн уулзалтыг дөнгөж 3.2 мянган хөгжөөн дэмжигч үзжээ.

 

“Спартак”: Каррерагаас болсон хямрал

 

“Улаан-цагаан”-ууд шинэ цэнгэлдэхдээ 2014/2015 оны улирлаас эхлэн тоглож байгаа. Дэлхийн аварга шалгуурлах тэмцээн Тушино дахь цэнгэлдэхийн үзэгчдийн тоонд нөлөөлөөгүй, үүнээс өмнө ч үзэгчид олноор цугладаг байсан. Найм, есдүгээр сард “Спартак”-ийн нутагтаа хийсэн тоглолтууд 27-43 мянган үзэгчтэй болж байсан.

Аравдугаар сарын 22-нд ерөнхий дасгалжуулагч Массимо Каррераг ажлаас халснаас хямрал эхэлжээ. Хөгжөөн дэмжигчдийн зарим нь цэнгэлдэх дээр дургүйцлээ илэрхийлсэн бол ихэнх нь цэнгэлдэхэд ирэхээ больж энэ шийдвэрийг эсэргүүцжээ. Аравдугаар сараас “Спартак” өөрийнхөө цэнгэлдэхэд нэг удаа 30 гаруй мянган үзэгч цуглуулсан бол Оросын цомын төлөөх “Урал”-тай хийсэн тэдний сүүлчийн тоглолтыг дөнгөж 9333 үзэгч сонирхсон нь тус цэнгэлдэхийн хамгийн доод амжилт болсон байна.

 

Санкт-Петербург: Үзэгчдээрээ лидерүүд

 

Бүр өнгөрсөн улирлаас эхлэн “Зенит” шинэ цэнгэлдэхдээ байнгын олон үзэгчтэй болж чадсан. Энэ онд ч мөн хөгжөөн дэмжигчдийн цуваа үргэлжилжээ. Үүнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөхөн цэнгэлдэх хүрээлэнтэй зэргэлдээ шахуу нээгдсэн метроны буудал, нутагтаа сайн тоглолт үзүүлж байгаа үр дүн, тасалбарын үнэ хэт өндөр биш, тоглолтын өмнө хөгжөөн дэмжигчдэд зориулсан төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээ олныг зохион байгуулдаг нь нэмэр болжээ.

“Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэн

Европын лигийн ангилалд 40.6 мянган үзэгчтэйгээр Норвегийн “Молде”-тэй хийсэн тоглолт “Зенит”-ийн энэ улиралд нутагтаа хийсэн хамгийн даруухан үзүүлэлттэй нь болжээ. Премьер лигт петербургчүүд 45-61 мянган хөгжөөн дэмжигч цуглуудаг байна. Үзэгчдийн тоогоор “Зенит” Оросын аварга шалгаруулах тэмцээний гарцаагүй лидер яах аргагүй мөн ажээ.

 

“Лужники”: Армийнхны дээд амжилт

 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гол цэнгэлдэх хүрээлэн энэ намар хөлбөмбөггүй өнжих шахсан боловч ЦСКА-гийн удирдлага Аваргуудын лигийн цувралын нутагтаа хийх тоглолтуудыг “Лужники”-д явуулахаар шийдсэн нь оножээ. Мадридын “Реал”-тай хийсэн тоглолтод 71.8 мянган хөгжөөн дэмжигч үзэж, тэдний дэмжлэгтэйгээр армийнхан “Эзэн хааны клуб”-ыг дийлж чаджээ.

Италийн “Рома”-тай хийсэн тоглолтыг 64 мянга, Чехийн “Виктория”-тай хийсэн тоглолтыг 53 мянган үзэгч сонирхжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.8 № 5 (5972)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ