Хот хэдий болтол эзэнгүй айл байх вэ?

2019-01-08

Т.БАТСАЙХАН

Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.  Түүнээс хойш  бүтэн нэг сарын хугацаанд  Улаанбаатар хот “эзэнгүй” байна.   МАН-ынхан хоёр тийшээ харж, хор найруулсаар Хотын даргын асуудал сар шинэтэй золгох нь бараг л тодорхой болчихлоо.  Уг нь энэ албан тушаалд гурван хүний нэр яригдаж байгаа.  НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал өмнө нь Оюутолгойн ТУЗ-д байсан Б.Мөнхбаатар, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва нар өрсөлдөж буй. Эрх баригч намын Удирдах зөвлөл хуралдаж, тэднээс сонголтоо ч хийчихээд байгаа. НИТХ руу С.Амарсайханыг хотын дарга болгохоор нэрийг нь явуулсан байдаг. МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан түүнийг зүтгүүлж, удирдах зөвлөлөөрөө дэмжүүлж чадсан.  Гэсэн ч С.Амарсайханыг НИТХ-ын гишүүд нь хүлээж аваагүй.

Удирдах зөвлөлөөс ирсэн нэрний дагуу НИТХ хуралдаж, хотын даргыг сонгох байсан ч хурлын ирц бүрдээгүй юм. Тэгэхээр НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонхийнх нь халаасанд өөр хүний нэр байгаа гэсэн үг. Ийнхүү МАН-ын удирдах зөвлөл, нийслэл дэх МАН-ын бүлэг  хоёрын санал мөргөлдснөөс Хотын даргын томилгоо гацчихаад байна.

Энэ асуудлаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “Хотын даргыг сар шинээс өмнө томилох боломж харагдахгүй байна. Эрх баригч нам бүлэглэл хоорондоо эв зүйгээ ололцож чадахгүй бүгд л нэг нэр бариад зүтгүүлсэн байдалтай байна” гэв. Мөн үүнээс гадна МАН-ын  улс төрийн зөрчил парламент төдийгүй яам, тамгын газарт ч түр орлон гүйцэтгэгч нарыг олноор бий болгоод байна. Гурван ч салбарын сайд , дэд сайдын асуудал тодорхойгүй байна. ХХААХҮЯ, ЗТХЯ, БСШУСЯ гээд сайд нарыг нь чөлөөлөх, томилох хуулийн хугацаа нь ч өнгөрчихөөд байгаа билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.8 № 5 (5972)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ