Б.Ариунхишиг: Хавсарсан эмгэггүй бол эм өгөхгүйгээр дархлааг нь дэмжээрэй

2019-01-07

С.САРУУЛ

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө. Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар их, сүүлийн гурван жилийн мөн үеэс 6.9 хувиар багасчээ. Гэхдээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо их байгаа аж.  Эрүүл мэндийн яамны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл “Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хүүхдүүд эмнэлэгт хэвтэх нь 50-60 тохиолдлоор илүү байна. Сүүлийн 10 хоногт улирлын томуугийн буюу А хүрээний вирус гарч байгаа. Энэ нь хүндрэл ихтэй бөгөөд, ялангуяа бага насны хүүхдэд хатгалгаа болох магадлал өндөр. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх орны тоог нэмэгдүүлсэн. Тухайлбал, нийслэлийн эмнэлгүүдийн 977 орон дээр нэмэлтээр 419 зөөврийн орыг нэмж зохицуулалт хийсэн ба одоогоор 1,396 амьсгалын замын өвчтэй хүүхэд хэвтэн эмчлэгдэж байгаа юм. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 87.6 хувийг 15, үүнээс 69.4 хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Мөн А хүрээний вирусийн тархалт их байгаагийн улмаас Эрүүл мэндийн яам ДЭМБ-аас улирлын томуугийн 1200 хүн тун хүүхдийн, 500 хүн тун том хүний вакциныг  захиалсан” гэлээ.

Мөн олон улсын нэршил нь нэг боловч үйлдвэрлэгч байгууллагуудын өөр өөр нэршилтэй эмийг олон дахин авах, хүүхдэдээ өгөх явдал гарч байгаа талаар  ЭХЭМҮТ-ийн эмч Б.Ариунхишиг “Хүүхдийг 38.5 ба түүнээс дээш хэмээр халуурвал эмчийн зөвлөснөөр халуун бууруулах эм өгөх нь зүйтэй. Томуугийн үед хавсарсан эмгэггүй хүүхдийн дархлааг дэмжсэнээр эмчлэгддэг тул ямар нэг антибиотик өгөх шаардлагагүй. Томуугийн эмчилгээ 5-7 хоног хийгдэж байгаа бөгөөд энэ хугацаанд бүрэн эдгэрсэн гэж үзэх нь буруу. Эмчилгээ хийлгэсний дараа олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, дулаан хувцаслах, амин дэмээр баялаг хүнс хэрэглэх хэрэгтэй.  Харин эмчилгээ хийлгэсний дараа  хүүхдэд амьсгаадах, цээж хонхолзох зэрэг шинж тэмдгүүд илэрвэл даруй эмнэлэгт хандах ёстой”  гэв.

 

Хүндэрсэн ШИНЖ ТЭМДГҮҮД

  • Амьсгаадах – Хүүхдийг тайван үед амьсгалыг тоолох бөгөөд нярай хүүхэд 60 ба түүнээс дээш, хоёр сартай хүүхэд 50 ба түүнээс дээш амьсгалж байвал амьсгаадсан гэж үзнэ. Харин хоёр настай хүүхдийн хувьд 40 ба түүнээс дээш амьсгалж байвал амьсгаадсан гэж үзэн, өрх, дүүргийн эрүүл мэндийн төвд хандах шаардлагатай.
  • Цээж хонхолзох – Хүүхэд амьсгал авахад цээж болон хэвлийн голд хавирганы доод нумаар дотогшоо татагдахыг хэлнэ.
  • Хоолонд муу болох

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ