2018 оны улс төрийн “афоризм”

2019-01-03

– ОЛОНТАА ДАВТАГДАН ИШЛЭГДЭЖ ХЭРЭГЛЭГДСЭН ОНЧ МЭРГЭН ҮГС –

1: Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга:

-Монгол Улс системийн хямралд нэрвэгдсэн. Хүмүүстээ биш, намдаа биш, тогтолцоонд бүх асуудал байна. Тогтолцоог өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй юм байна.

Шинэ Үндсэн хууль,  түүнийг батлагдагсдад “баяртай” гэж хэлээд дараагийн шатны Үндсэн хуулиа  хэлэлцэх цаг ирлээ. Реформоос хожих тал нь ард түмэн, хохирох нь төрийн эрх мэдлийг ашиглаж баяжсан олигархи цөөнх байх болно.

Эрс шинэчлэлд бэлтгэгтүн!

/“Өдрийн сонин”. 2018.10.02. 195 /6038/

2: Монгол Улсын Ардын уран зохиолч Тангадын Галсан:

-Ашиг сонирх­лын үүднээс ард түмнийг нь уст­гаж байгаад баял­гийг нь авдаг нөх­­дүүдийг “байгалийн фашис­тууд” гэдэг юм. Эмэгтэй хүний алтан ээмгийг авахын тулд чихийг нь огтлоод шуудайлчихдаг харгис этгээдүүд шүү дээ, тэд чинь. Баянхонгор аймагт үүссэн асуудлыг би үүнтэй жишиж хэлмээр байна. Өнөөдөр миний мэдэхээр таван рашаан, 39 булаг ийм “фашистуудын” гарт өртөн устах гэж байна. Зүүн, баруун хил дээр цусаа урсгаж, дарь утаа үнэрлэж, эх орноо гурвантаа хамгаалж явсан  101 настай өвгөн ах маань саяхан “Би дөрөв дэх удаагаа эх орноо хамгаалах цаг иржээ. Эх нутагтаа амиа өгөхөөс аргагүй боллоо” гэж хэлсэн. Ингээд би алд цагаан хадгаа “сахал” Д.Эрдэнэбилэг чамд барья. “Чи бузраас ариудвал эрдэнэт хүний зэрэгт ирнэ. Тэгэхгүй бол, түмэн үед түүхэнд хар толботон явж удмаа бузарлана. Ийм учраас миний хүү битгий тэгээрэй, миний хүү зөв замдаа ороорой. Монгол орноо аврагчдын эгнээнд, элдэв муу ашгаас татгалзагчдын хэмжээнд ирээрэй. Энэ хадаг Монголын ашигт малтмалын лицензийн баттайяа 60 хувийг атгачихаад, дахин харсан зүгтээ уулгалан “довтолж” буй Д.Эрдэнэбилэг хүүг бузраас арилгах сэтгэлийн шүншиг болох болтугай”.

/2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн TV-9 телевизийн “Ардын парламент” нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн үгээс/

 

3: Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.ХҮрэлсҮх:

-Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Ард түмний минь итгэл найдвар алдрах бий гэхээс би айж байна.

/Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлсэн үг/

4: Судлаач, нийтлэлч Ч.Эрдэнэ:

-Төр засаг юуг яахаа мэдэхээ болиод удлаа. МАНгартаж АНгайхаас өөр бодлого, зорилго алга. Монгол Улсад мэдрэлийн саатал учирсан. Монголын улстөрийн гол асуудал бол үндэсний лидер, жолоодогч олдохгүйд оршино.

/ “Нээлттэй хаалга.” сонин. 2018 оны аравдугаар сарын 19, № 40 /218/

5: Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын ЭнхбаЯр:

-Японы буддын шашны нэгэн сүмийн хаалган дээр гурван сармагчинг сийлсэн байдаг. Нэг нь чихээ тагласан, нөгөө нь амаа тагласан, гурав дахь нь нүдээ тагласан байдаг. Тэр гурван сармагчин үл харах, үл сонсох, үл ярихыг илэрхийлдэг…

Одоо нөгөө гурван сармагчингаа өөр талаас нь шинээр  харъя. Муу муухай үг үл хэлнэ, муу муухай юм үл сонсоно, муу муухай юм үл харна гэсэн утга санааг илэрхийлж байна гэж хэлбэл бас л зөв болно.

/”Чингиз Айтматов ба орчин цагийн сорилтууд” олон улсын 3-р форумд тавьсан илтгэлээс нь. 2018 оны  аравдугаар сарын 7, ТV-9 телевиз/

-Хамгийн том нүгэл бол эрх дархаараа далайлгаж байхын тулд эрх дархаа хадгалан авч үлдэхийг үхэн хатан шунан хүсэх явдал юм… Энэ нүгэл гагцхүү нэг нэгийгээ устгах үр дагаварт хүргэнэ.

/ “Чингиз Айтматов ба орчин цагийн сорилтууд” олон улсын 3-р форумд тавьсан илтгэлээс нь. 2018 оны 10 дугаар сарын  7,TV-9 телевиз/

6: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Гадаад нөхцөл байдлыг ажиглахаас өөр арга алга гэж ярьж байгаа хүн хэрэггүй. Ажигладаг биш ажилладаг хүн хэрэгтэй.

/ “Зууны мэдээ” сонин. 2018.10.19. № 210 /5917/. Н.Баяртсайхан огцрох болзлоо хангалаа/

 

7: УИХ-ын гишүүн Ж.МӨнхбат:

-Тулганд дүрэлзэх гал ариун байг, тусгаар тогтнол мөнх байг.

/“Өдрийн сонин”. 2018.10.23. № 210 /6053/

8: Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮрэлсҮх:

-Би зарлаад, тэвчээд, засах гээд үзлээ. Болохгүй байна. Тун удахгүй би намаа шинэчилнэ…намаа шинэчлэх чиглэлд гишүүдээсээ дэмжлэг хүснэ…  ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Тэгээд чадахгүй бол өөрөө огцорно. Зээл авсан гишүүд ард түмнээсээ уучлал гуйж, зээлээ төлөхгүй бол  2020 онд нэр дэвшүүлэхгүй.

/ “Долоо хоногийн толь” сонин.  2018 оны 44 дэх долоо хоног/

9: Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан:

-Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой. Түдгэлзүү­лэх­гүйгээр шалга гэж байна. Түдгэл­зүүлэхгүйгээр шалгах гишүүн, жирийн иргэн хоёр чинь тэс өөр шүү дээ. Яагаад журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм. Шалгах боломжийг нь өгөөч. Тийм шударга юм бол Б.Батзоригоо чөлөөл. Хаана байна, тэр шударга ёс. Энэ хүний шийдвэрээр үүрэг гүйцэтгэсэн хүмүүс тэнд хоригдчихсон байна. Гэтэл энэ хүн энд зүгээр сууж байна.

/УИХ-ын нэгдсэн чуулганд хэлсэн үгнээс нь, “Долоо хоногийн толь” сонины 44 дэх долоо хоног/

10: Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд Д.БЯмбасҮрэн:

-Намууд гэдэг бол төр рүү бохир цутгадаг хоолой болж хувирсан байна. Үүнийг л цэвэрлэх хэрэгтэй. Үүгээр дамжин төрд наалдсан бузар буюу хулгайч, луйварчин, авилгачид чамгүй олон сууж байна. Эднийг цэвэрлэхгүйгээр төр цаашаа явж чадахгүй. У.Хүрэлсүхийн их цэвэрлэгээ хийнэ гэсний утга нь үүндээ байгаа байх гэж бодож байна.

/“Өдрийн сонин”. 2018.11.30. /6081/

11: Баабар /Төрийн соёрхолт, нийтлэлч/:

Бид үгийг дан буруу хэрэглээд байна. ЖДҮ-ээс зээл авсан учраас гэхийм. Хорвоогийн эдийн засаг зээл дээр тогтдог. Давуу байдлаа ашиглаж хулгай хийсэн гэмээр. Доллар өслөө л гэхийм. Юань мөрөөрөө байсан чинь ам.доллар өсч хорлоод байгаа юм шиг. Юань уналаа гэсэн энгийн үнэн үгийг хэрэглээч.

 / “Нээлттэй хаалга” сонин. 2018.11.23-30/

12: УИХ-ын гишүүн асан, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар:

-Би нэр төртэй, мөнгөтэй, бүлэглэлтэй байхыг биш балбуулсан ч гэсэн шударга, үнэн байх замыг сонгосон.

Оюутолгойг Монголд ашигтай болгосноор л бид ажлын байртай, орлоготой болж, цалин тэтгэврээ нэмнэ. Яагаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ үүнийг ярихаас үргэлж тойрдог юм бол оо?

/2018.12.7-нд Төв аймагт Шинэ Дээд Үндсэн хуулийг танилцуулах уулзалт дээр хэлсэн үгнээс, “Зууны мэдээ” сонин/

13: УИХ-ын гишүүн Л.Болд:

-ЖДҮ бол 60 тэрбумын нотлох баримт. 60 тэрбум ЖДҮ-гээр бүрэн нотлогдож байгаа, тоо баримттайгаа. ЖДҮ-гүй цэвэрхэн бүлэглэл ЖДҮ-тэй бохир бүлэглэлийг унагааж байгаа гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

/“Монголын мэдээ” сонин. 2018.12.03.  № 213 /5063/

14: УИХ-ын гишүүн, Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.НЯмдорж:

-Энэ их хуралд ашиг сонирхлын зөрчилгүй хүн гэж байна уу? УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ч ашиг сонирхлын зөрчилтэй. Би ч зөрчилтэй.

/ “Монголын мэдээ” сонин. 2018.12.03.  № 213 /5063/

15: УИХ-ын гишүүн Н.НомтойбаЯр:

-30 гэр бүл гэж хэн юм. Нэрийг нь сонсмоор байна. Би мөн үү?

Ерөнхий сайд У.ХҮрэлсҮх:

-30 гэр бүлийн нэг та мөн. Зөвхөн МАК компани гэхэд  36 лиценз авсан. “Цагаан суварга” байна. “Цагаан суварга” бол танай гэр бүлийн өмч биш. Монголын ард түмний өмч. “Цагаан суварга”-ыг буцааж авна. Нэг гэр бүл 36 лиценз эзэмшинэ гэж байх уу? Гэтэл ганц ч лицензгүй гурван сая иргэд байгаа. 30 гэр бүлийн нэг нь Н.Номтойбаяр та.

/ “Монголын мэдээ” сонин. 2018.12.03.  № 213 /5063/

16: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Монгол төр М.Энхболд, Т.Бадамжунай нар оролцсон, Ц.Элбэгдоржийн эх­лүүлсэн хонгилд орсон. МАНАН бүлэглэлийн сүүл­чийн бөглөөс болсон М.Энхболд та ажлаа өг. Танд энэ суудалд суух эрх байхгүй.

/ “Монголын мэдээ” сонин. 2018.12.03.  №213 /5063/

 

17: УИХ-ын гишүүн Д.ЛҮндээжанцан:

-“Ганцаараа явбал түргэн явна, олуулаа явбал хол явна” гэдэг үг бий. Эв нэгдлээ чухалчлаач гэж гуйя.

 /“Монголын мэдээ” сонин. 2018.12.03.  № 213 /5063/

18: УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Төрийг түшиж чадах ухаан байхгүй бол төрөөс зайлцгаая… Их хурал тарвал би хамгийн түрүүнд явна.

/“Монголын мэдээ” сонин. 2018.12.03. № 213 /5063/

19: УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Би 20 жил төрд явахдаа хээл хахууль авч, уул ус ухаж яваагүй. Энэ 76 дотор үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс, бондоос зээлтэй хүмүүс байгаа. Бүгдээрээ зээлээ төлцгөө. Худлаа шударга дүрд тоглоод байх юм. Хамгийн их зээлтэй хүмүүс хамгийн чанга дуугарч байна.

/ “Монголын мэдээ” сонин. 2018.12.03.  № 213 /5063/

 

20: УИХ-ын гишүүн Ц.ДаваасҮрэн:

-Олон нийт Засгийн газар муу ажиллаж байна гэж дүгнэж байгаа бол ажлаа өгөх л ёстой. Харин үйлдвэрээ барь, утаанаас салга гэж байгаа бол тэр ажлаа л хийнэ.

/ “Монголын мэдээ” сонин. 2018.12.03.  № 213 /5063/

21: УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-Би төрөө олигархиас цэвэрлэхийг дэмжинэ. Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй.

/ “Монголын мэдээ” сонин. 2018.12.03.  № 213 /5063/

22: УИХ-ын гишүүн С.Жавхлан:

-Үнэний галд та бүхэн шатаж байна… Гуравдугаар ээлжийнхэн хоолонд ормоор байх шиг байна. Цөөвөр чоно шиг өлөлзөөд л. Төр тогтвортой байх ёстой.

/ “Монголын мэдээ” сонин. 2018.12.03.  № 213 /5063/

23: УИХ-ын гишүүн Ж.МӨнхбат:

-УИХ-ыг тараах асуудлыг үргэлжлүүлнэ. Ард түмэн дээрээ очиж дүнгээ тавиулъя.

/ “Монголын мэдээ” сонин. 2018.12.03.  № 213 /5063/

24: УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл:

-У.Хүрэл­сүхийн намаа цэвэрлэх шаардлагыг дэмжиж байна. Харин УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын хуулиас гадна ёс зүй гэж бичигдээгүй хууль гэж байдгийг ойлгох хэрэгтэй. Бага хурлын гишүүд ч үүнтэй санал нэгдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.

 / “Өдрийн сонин”. 2018.12.21. № 26 /6096/

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.3 № 1, 2 (5968, 5969)

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ