Шинэ жилээр үзэх шилдэг кинонууд

2018-12-19

 

Х.ОЮУНБОЛД

 

Шинэ жилийн баяр ойртож байна. Энэ үеэр гэр бүлээрээ гэртээ тухлан сууж үзэж болох киног “ccareasur.com” цахим хуудаст бичсэнийг сонирхуулъя.

 

The Holiday

Цахим хуудаст нийтэлсэн шинэ жилээр үзэх киноны жагсаалтын эхний киногоор “Columbia Pictures” компанийн бүтээл “The Holiday” оржээ. Энэ кинонд цахим хуудсаар танилцсан гол дүрийн хоёр баатар Ирис, Аманда нар шинэ жилийн баярын үеэр амралтаа өөр орчинд өнгөрүүлэхийн тулд гэрээ сольж амьдрах шийдвэрийг гаргана. Ингэснээр тэдний хүлээж байгаагүй их өөрчлөлт гарч, шинэ амьдрал эхлэхэд хүргэнэ. Инээдмийн төрлийн энэ киног шинэ жилээр үзэхэд тохиромжтой гэжээ.

 

ЗУЛ САРЫН БАЯРЫН ХАНХҮҮ

Өнгөрсөн жил гарсан АНУ-ын цуврал инээдмийн романтик киноны найруулагчаар Алекс Замм ажиллажээ. Кино зохиолыг нь Карен Шалер, Натан Аткинс нар бичжээ.Киноны гол дүрд шинэ Зеландын жүжигчин Роуз Макайвер, Их Британийн жүжигчин Бен Ламб нар тоглосон байна. Нефтликс кино компанийн бүтээлд залуухан сэтгүүлч бүсгүй эцгийгээ нас барсны дараа хаан ширээг нь залгамжлах ёстой ханхүү Ричардын ордонд хэвлэлийн хуралд оролцохоор явдаг. Гэвч ханхүү хуралд ирээгүйд урам нь хугарсан сэтгүүлч бүсгүй Амбер ордон дотуур явахаар шийднэ. Ингэснээр түүнийг залуу гүнж Эмилитэй андуурсныг ашиглаж тэрээр ханхүү Ричард хаан ширээгээ өөр хүнд өгөх гэж байгаа цуурхлын шалтгааныг олохоор шийддэг ажээ. Харин ханхүүг хүүхдэд, зул сарын баярт дуртай сайн хүн болохыг мэдэж авснаар бүх юм өөрчлөгдөнө. Тэр үед сэтгүүлч бүсгүйд юу тохиолдох бол. Энэ киноны II анги “Зул сарын ханхүү: Ханхүүгийн хурим” нэртэй анги нь өнгөрсөн сарын 30-нд дэлгэцнээ гарч эхэлсэн байна.

 

ГРИНЧ

Шинэ жилээр үзэх кино жагсаалтад “Баг” киногоор нь мэддэг болсон жүжигчин Жим Керригийн тоглосон “Гринч” багтаж байна. Энэ кинонд Санта Клаусын хүүхдүүдэд өгөхөөр бэлдсэн бэлгийг хулгайлж, зул сарын баярыг бусниулахаар оролдож байгаа тухай гардаг.  Харин анхны хувилбар нь 1952 онд дэлгэцнээ гарсан. Доктор Сьюзийн бичсэн “Гринч зул сарын баярыг хулгайлсан нь” хүүхдэд зориулсан номноос сэдэвлэн бүтээж байжээ. Үүний дараа энэ киноны шинэчилсэн хувилбар 1990, 2000 онд гарсан бол сүүлийн хувилбар нь энэ жил гарсан байна. Дашрамд сонирхуулахад энэ номыг бичсэн зохиолч Теодор Сьюз Гейселд 1984 онд Пулитцерийн нэрэмжит шагналыг хүүхдийн уран зохиолд оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгосон байдаг.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ