Ерөнхийлөгчийн хичээл. Хувь заяагаа гартаа атгахыг залуучуудад В.Путин зөвлөв

2018-12-14

-“Урагш тэмүүлэх чиглэлүүд” сэдвээр “Проектория” форумын нээлттэй хичээлд Оросын төрийн тэргүүн оролцов-

Д.ЭНХЭЭ

Мэргэжлийн чиг баримжааны асуудалд зориулсан бүх оросын “Проектория” форумд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцсон байна.Тэрээр “Урагш тэмүүлэх чиглэлүүд” сэдвээр нээлттэй хичээлийн хүрээнд орчин үеийн дэлхий ертөнцөд ямар чиг хандлагыг илүү ирээдүйтэй гэж үзэж байгаа тухайгаа болон ирээдүйн мэргэжлээ хэрхэн сонгох талаар дунд сургуулийн сурагчид, тэдний багш нарт өөрийн санаа бодлоо өгүүлж, зөвлөгөө өгсөн талаар ТАСС агентлаг мэдээлжээ.

Өнөөгийн сурагчид хэр зэрэг үр ашигтай суралцаж, өөрийнхөө эзэмших мэргэжилд өөрийгөө хэрхэн эрж олохоос улс орны ирээдүй хамаарна гэдгийг В.Путин онцгойлон тэмдэглэв. “Урьд өмнө нь бидний хүрч чадсан салбар бүрт тэргүүлэх байраа хадгалж, ирээдүйн хөгжилд хэрэгтэй салбар бүхэнд шинэ чадамж олж авахад технологийн шинэ хувьсгал бидэнд боломж олгож байна. Энэ бол хэрвээ бид уураг тархиа зөв ажиллуулж чадах юм бол тэргүүлэх байраа хадгална гэсэн үг”  хэмээн Ерөнхийлөгч онцолжээ.

“Та нарын насныхан багш нарынхаа тусламжтайгаар ирээдүйд юу хийх талаараа цагаа олж, зөв чиг баримжаатай болж чадвал саяын хэлсэн бүхэн биелнэ. Ер нь амжилтад хүрэх анхны алхам бол хамгийн гол нь амьдралд өөрийгөө олох явдал. Хүсэл тэмүүлэл байгаа л бол ялалт гарцаагүй”  хэмээн төрийн тэргүүн итгэлтэй өгүүлэв.

Мэргэжил сонгохыг хойш тавих хэрэггүй хэмээн Ерөнхийлөгч зөвлөв. “Амжилтад хүрэх нь илүү ойр дөхөм болохоор сонголтыг аль болохуйц эртхэн хийх хэрэгтэй”  хэмээн тэрээр уриалав. 1999 онд, тухайн үеийн төрийн тэргүүний албыг хашиж байсан Борис Ельцинээс Засгийн газрыг тэргүүлэх санал тавихад нь ийм ажилд өөрийгөө бэлэн биш гэж үзэж татгалзаж байснаа тэр мөн хүлээн зөвшөөрсөн. “Амьдралынхаа гол асуудлыг шийдэхэд аль болох эртнээс бэлэн байхыг би та нарт хүсч байна”  хэмээн форумд оролцогчдод хандсан үгийнхээ төгсгөлд ерөнхийлөгч хэлэв.

 

“Буянтныг” хүлээх хэрэггүй

 

Ихээхэн санаачилгатай, биеэ даадаг байхыг төрийн тэргүүн форумд оролцогчдод уриалав. “Хамгийн гол нь ямар нэг удирдамж заавар хэзээ ч хүлээх хэрэггүй. “Бидэнд халамжилж бөөцийлдөг төр байнга байсаар өдий хүрсэн, уламжлалыг хадгалдаг болохоор энэ бол зарим талаар сайн, гэхдээ нөгөө талаас, хувийн амжилтын 90 хувь өөрөөс нь шалтгаалдаг гэдгийг хүн бүр ойлгох ёстой”  гэж үздэг гэлгээээ ерөнхийлөгч онцлов.

Авьяаслаг залуусыг төр дэмжсээр байх болно гэдгийг В.Путин тэмдэглэв. “Гэхдээ та нар тус тусын амьдралын замыг өөрөө эрж олох, өөрийнхөө хувь заяаг гартаа атгах ёстой, эс тэгвэл бид амжилтын барааг олж үзэхгүй. Хувийн санаачилга, өөрөө өөртэйгөө уйгагүй ажиллах, зөвхөн энэ л хэрэгтэй. Хэн нэг “буянтан ямар нэг зүйл авчирна” гэж хүлээж найдах хэрэггүй, “Бурхан багш ч, эзэн хаан ч, эрэлхэг баатар ч, хэн нь ч бидэнд туслахгүй” хэмээн дуулдаг шиг урагшлах хэрэгтэй” хэмээн тэр онцолж хэлэв.

 

Ямар чиглэл сонгох вэ?

 

Ирээдүйтэй чиг хандлагын талаар өгүүлэнгээ Путин хэд хэдэн чиг хандлагыг нэрлэв. “Өнөөдөр болж байгаа бүхнээс миний сонирхлыг үнэхээр татаж байгаа зүйл бол мэдээж, генетик болон хиймэл оюун ухаан юм” гээд мэргэжлээ хэрхэн сонгосон бэ гэх асуултад Путин “Би тэр үеийн Ленинградын, одоогийн Санкт-Петербургийн улсын их сургуулийн хуулийн факультетэд суралцаж байсан, сонголтдоо би сэтгэл хангалуун явдаг” хэмээн хариулав.

Төрийн тэргүүн ирээдүйтэй хэд хэдэн чиглэл, тухайлбал, биолог, мэдээллийн технологи хоёрыг нэрлэв. “Энэ бол өнөөдрийн гол чиглэлүүд. Биолог бол дотроо олон чиглэлтэй, маш өргөн ухагдахуун, би генетикийн тухай хэлсэн дээ” хэмээн тэрээр онцлов.

Мэдээллийн аюулгүй байдлын тухай өгүүлэнгээ Путин “банкууд онцгой анхаардаг хэдий ч энэ бол практик хэрэглээний хувьд зөвхөн санхүүгийн салбар гэлтгүй иргэний, цэргийн гээд бусад салбарт нэн чухал” гэдгийг онцлов.

Үүний хамт спортоор хичээллэхээ мартахгүй байхыг Ерөнхийлөгч уриалав. “Биеийн дасгал хийж, биеийн тамираар хичээллэж байхыг бүгдэд чинь уриалж байна, үүнийг хийх хэрэгтэй, хэзээ ч үүнийг мартаж болохгүй шүү” хэмээн төрийн тэргүүн захиж хэлэв.

 

Багшийн нэр хүнд

 

Залуу хүний төлөвшилд багш маш их үүрэгтэйг Путин онцлов. Дунд сургуульд математикт “сайнгүй” байсан түүнийг математикийн дугуйланд оруулж, энэ шинжлэх ухаанд ойртоход нь багш тусалж, өөрийн үнэлгээ дээшилснийг тэрээр дурсаж өгүүлэв.

“Тийшээ яаж орсноо би сайн мэдэхгүй байна, гэхдээ надад маш их таалагдаж, болж бүтэж эхэлсэн. Миний хувьд энэ бол нээлт байсан, гэхдээ энэ нээлтийг би багшийнхаа ачаар хийсэн, одоо хүртэл би түүнд талархаж явдаг. Энэ бүхэн миний өөртөө итгэх итгэлийг дээшлүүлж, хожим нь мэдлэгийн өөр салбарт ч урагш ахиж, хөгжиж, амжилт олоход минь тус болсон” хэмээн өгүүлэв.

Бие хүн болж төлөвших замын эхэнд хийсэн ийм алхмууд үнэхээр чухал, гэхдээ “энэ бол мэдээж, багшийн зүгээс асар их авьяас, бүтээлч хандлага шаардана” хэмээн Путин төгсгөлд нь хэлэв.

 

Яаж ерөнхийлөгч болох вэ?

 

Улс орныг тэргүүлэхийн тулд ямар мэргэжил хэрэгтэй вэ хэмээн форумд оролцогчид Путинээс асуусан.

“Ямар ч мэргэжлийн хүн Ерөнхийлөгч болж болно, нэг бол хууль эрх зүйн, нэг бол эдийн засгийн мэдлэгтэй, нийгэм, хууль тогтоомж, хүмүүсийн өөр хоорондын харилцан үйл ажиллагаанд гүн нэвтэрсэн хүмүүс гол төлөв төр, засгийн тэргүүн болдог. Мэргэжлийн эдгээр мэдлэг, дадал хэрэгтэй, ашиг тустай. Гэхдээ зарчмын хувьд төр, засгийн тэргүүнээр аливаа хүн болж болно” хэмээн оросын лидер туршлагаасаа хуваалцав.

“Гэхдээ гол нь үүнд биш, гол нь ийм үйл ажиллагааг сонгосон хүн өөртөө: өөрийнхөө амьдралыг, эсвэл амьдралынхаа ихээхэн хэсгийг сонгосон үйл хэргийнхээ төлөө зориулахад бэлэн үү гэдэг гол асуудлыг шийдэх ёстой”  хэмээн Ерөнхийлөгч хэлэв.

Түүний хэлснээр хоёр дахь зарчмын чухал зүйл бол эмч нарын баримталдаг “нуухыг нь авах гээд нүдийг нь бүү сохол” гэх зарчим. “Үйлчлүүлэгчийнхээ зовж шаналж байгаа бүхнийг хамт хуваалцан зовж шаналахгүй бол тэр хүн сайн эмч болж чадахгүй. Үйлчлүүлэгчээ энэрэн хайрлаж, санааг нь зовоож байгаа асуудлыг гүн мэдэрч, өөрийнхөө асуудал мэтээр хандаж шийдэхийг хичээж зүтгэх ёстой. Энэ бүхэн аливааг тэргүүлж байгаа хүмүүс, засгийн газрын тэргүүн, ерөнхийлөгч нарт бүрэн хэмжээгээр хамаарна” энэ бол хамгийн гол зүйл хэмээн Путин зөвлөв.

Хүүхэд бүр өмнөө том зорилго дэвшүүлж тавьж чадна, ерөнхийлөгчийн статус тэр болгон амжилтын шалгуур болж чадахгүй хэмээн оросын лидер нэмж хэлэв. “Эйнштейн ямар ч ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн байгаагүй. Дэлхийн газрын зургийн хаа нэгтээ өнөөдөр та нар хуруугаараа заагаад тэндхийн засгийн газрын тэргүүн, эсвэл ерөнхийлөгч нь хэн бэ гэж асуувал бараг л хэлж мэдэхгүй байх, харин Эйнштейныг бүх дэлхий даяараа мэднэ” хэмээн өөрийнхөө санааг Путин тайлбарлав. Чухам ийм учраас л тэрээр өөртөө сонирхолтой тодорхой зорилго тавихыг сурагчдад зөвлөжээ. Түүний бодлоор гагцхүү энэ л хувийн амжилтад хүрэх гол зам, үүнээс улбаалан улс орны сайн сайхан аж байдал эцсийн бүлэгт шалтгаалах ажээ.

Эх сурвалж: polit..mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ