Ё.Баатарбилэг: Ахмад гишүүдийг түдгэлзүүлэх асуудлыг тавина

2018-12-14

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Амарзаяа А.Ундраа нар мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын ахмад гишүүдэд шаардлага хүргүүлсэн байна. Сүүлийн үед үүсээд байгаа ЖДҮ-ийн асуудлыг олон нийтийн анхаарлаас сарниулах зорилготойгоор УИХ-ын дарга, сайдын сэнтий рүү сэмхэн гэтэж байгаад эдгээр гишүүд эгдүүцэж, ийнхүү шаардлага хүргүүлж байна. Ялангуяа парламентын ахмад гишүүд болох Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ч.Улаан нарын гишүүд УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах, залуу гишүүдийг хуралдаанд оролцуулахгүй байх ажлуудыг зохион байгуулж байгаад харамсч байна. Бидэнд тийм мэдээлэл ирсэн учраас ийнхүү парламентын ахмад гишүүддээ шаардлага хүргүүлж байна гэсэн юм.

Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-УИХ-ын бүх гишүүн чуулган, байнгын хорооны хуралдаандаа суух эрх нь бий шүү дээ?

-Монгол Улсын парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахад ахмад гишүүд үлгэр дуурайл болж, манлайлж оролцох ёстой гэж бид бодож байгаа. Ямар цаг үед нь орж ирж, ямар цаг үед нь чуулганы хуралдаандаа суухгүй байна вэ. Ялангуяа ахмад гишүүдийн зүгээс залуу гишүүдээ уриалж, парламентынхаа үйл ажиллагаанд орж ирээд явах болов уу гэж бодож УИХ-ын хамгийн ахмад дөрвөн гишүүнд шаардлага хүргүүлсэн. Гэтэл өнөөдөр тэд чуулганы хуралдаандаа орж ирээд картаа аваад, би хуралдаа суух эрх нь миний эрх гээд Ц.Нямдорж сайд маань гараад явсан. Уг нь ахмад парламентчид маань залуу гишүүдээ уриалж, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах ёстой байсан. Гэвч тэд бидний тавьсан шаардлагыг хүлээж авсангүй. Цаашид бидний тавьсан шаардлагыг хүлээж авахгүй бол бид бүрэн эрхээсээ түдгэлзэх асуудлыг тавих болно.

-Танай намын дотоод зөрчлийг арилгах хоёр талаас тодорхой гишүүдийн бүрэлдэхүүнтэй уулзалтууд хийсэн  гэсэн. Та бүхэн тодорхой шийдэлд хүрээд төрийн ажлыг тасралтгүй явуулж болдоггүй юм уу?

-УИХ-ын даргын санаачлагаар хоёр талаас дөрөв, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл болгож уулзалт хийсэн. Хоёр ч удаа уулзалт хийсэн боловч харамсалтай нь нааштай зүйл болоогүй гэж би ойлгосон.

-УИХ-ын даргыг огцруулах асуудлаар та бүхэн ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын даргад өчигдөр бичиг өгсөн байсан. Миний ойлгосноор Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж, хуулийн ямар үндэслэл байгааг тогтоож, дүгнэлтээ гаргах байх. Мөн Үндсэн хуулийн Цэцэд хандсан байгаа. Эрх зүйт төрд ажиллаж байгаа бол УИХ хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Бид хуулийн дагуу асуудлаа шийдээд явах ёстой.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 6 сар

    ЭНЭ НӨХӨР ГАНЦАД БАЙХДАА МАНАНГЫНХАНД  МАШ ИХ ДАРАМТЛУУЛЖ ,ЭЛССЭН ,ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЭД ЗҮТГЭЖ БНА ДАА

Холбоотой мэдээ