УИХ-ын даргыг огцруулах асуудлыг байнгын хороогоор хэлэлцэнэ

2018-12-14

Т.САЙХАН

УИХ-ын  чуулганаар хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Засгийн газраас нэн яаралтай дэгээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, ХХААХҮ-ийн сайдыг томилох, ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, БСШУС-ын сайдыг огцруулах тухай Ерөнхий сайдын санал, Нотариатын тухай, Эрүүл мэндийн тухай, Шуудангийн тухай, Хэмжил зүйн тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.  Нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцруулах шаардлагыг тавьсан. Тус шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн талаар УИХ-ын дарга М.Энхболд  мэдэгдлээ. Тэрээр “Намайг огцруулах гарын үсгээ зурсан 38 гишүүний 34 нь манай намынх. Гарын үсгээ зурсан нөхдийгөө би хэний хүсээд байгаа хүслийг гүйцэлдүүлэх гэж, хэний даалгасан даалгаврыг биелүүлэх зорилготойгоор гарын үсэг зурснаа тунгааж бодож үзсэн байгаа даа гэж бодож байна. Би хууль ёсоор УИХ-ын даргад нэр дэвшиж сонгогдсон. Энэ албан тушаалыг өгч чөлөөлөгдөхөд надад зууралдаад байгаа зүйл байхгүй. Гэхдээ парламентын дотор болж буй үйл явдлууд хуулийн дагуу явагдах ёстой гэж үздэг. Тийм учраас нэр бүхий гишүүдийн шаардлага хуульд хэрхэн нийцэж байгаа эсэхийг авч үзнэ үү гэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Миний хувьд хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаа. Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж шийдвэр гартал нь  чуулганы нэгдсэн хуралдааныг  УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар удирдуулъя” гэлээ. Үүгээр чуулганы хуралдааныг Л.Энх-Амгалан даргалж байна. Гэвч хуралдаанд одоогоор 21 гишүүн ирээд байна.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ