“Баруун бүсийг эрчим хүчээр хангах төслийг ирэх хавраас эхлүүлнэ”

2018-12-14

 

Д.ОЮУНЧИМЭГ

 

Ховдчууд нутаг орноо хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах асуудлаа хэлэлцэхээр энэ сарын 11-ны өдөр нийслэлд чуулав. Ховд аймгийн ИТХ, Засаг даргын тамгийн газар, Нутгийн зөвлөл хамтран “Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганыг амжилттай зохион байгууллаа. Чуулганаар Монгол Улсын баруун бүс нутаг нь БНХАУ, ОХУ, Казахстан улстай хиллэдэг учраас худалдаа эдийн засгийн тааламжтай газар зүйн байрлалтай өргөн уудам газар нутаг, байгалийн баялаг, мал ахуйн түүхий эдийн нөөц зэрэг давуу талаа ашиглан хөгжих боломжийн талаар хэлэлцэв. Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав “Аймаг, орон нутгийн эдийн засаг, нийгмийг тогтвортой хөгжүүлэх, ард иргэддээ амьдрах таатай орчин бүрдүүлэх, амьжиргааны төвшинг дээшлүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулж байна. Чуулганд оролцсон яам, агентлаг, олон улсын төсөл хөтөлбөр, аж ахуйн нэгж, бизнесийн төлөөлөл, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн гишүүд, баялаг бүтээгчид, аймаг, сумдын удирдлагуудад талархал илэрхийлж, чуулганаар гарсан санал санаачлагыг дэмжиж, анхаарч ажиллана” гэдгээ илэрхийлсэн юм.

Ховд аймгийн тухайд ОХУ, БНХАУ болон Евро-Азийн бараа санхүүгийн урсгал, дамжин өнгөрөх транкит тээврийн төв болох гадаад худалдаа, аялал жуулчлалын салбарыг хурдацтай хөгжүүлэх боломжтой хэмээн аймгийн удирдлагууд чуулганы төлөөлөгчдөд танилцуулж байлаа. Ховд аймаг баруун бүсийн хөгжлийн тулгуур төв болохынхоо хувьд нэн тэргүүнд томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай гэдгийг хурлын төлөөлөгчид хэлж байлаа. Харин энэ үеэр Ховд аймагт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулсан юм. УУХҮЯ-ны газрын дарга Ц.Одхүү “Засгийн газрын 21:100 хөтөлбөрийн хүрээнд Ховд аймагт долоон үйлдвэр барихаар баталсан. Хамгийн гол нь санхүүжилтийн эх үүсвэр хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалтаар барих шаардлагатай. Тэр дундаа хөрөнгө оруулагчийн оролцоотойгоор барих боломжтой. Нөгөөтэйгүүр Ховд аймагт үйлдвэр технологийн паркийг байгуулах боломж бий. Хэрэв энэ нь бодит ажил хэрэг болвол хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт үзүүлэх боломж бүрдэнэ гэж харж байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрүүдийг барих хөрөнгө оруулагчдад хөрсийг нь бий болгосон гэсэн үг” хэмээсэн юм. Нийслэл болоод орон нутагтаа бизнес эрхэлж буй хүмүүсийн хувьд нутгийнхаа хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахын төлөө өөрсдийн боломжийг дайчлан ажиллана гэдгээ чуулганы үеэр онцолж байлаа.

“Эрдэнэбүрэнгийн УЦС” төсөл хэрэгжсэнээр баруун аймгуудыг цахилгаанаар хангахын зэрэгцээ төвийн бүс рүү экспортлох боломжтой юм байна. Эл станцын хүчин чадлыг 32 мегаваттаар нэмэгдүүлсэн гэдгийг чуулганы үеэр танилцуулсан илтгэлд дурдсан юм. 800 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай тус төслийн талаар төслийн удирдагч Ж.Лувсандандар “Төсөл БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжихээр болсон. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, бичиг цаасны ажил үргэлжилж байна. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс 2019 онд багтаад цаасны ажлыг дуусгах, амжвал 2019 ондоо барилгын ажлыг эхлүүлэх зорилготой байгаа. Оройтлоо гэхэд 2020 оны хавар барилгын ажил эхэлнэ” гэсэн юм.

Түүнчлэн Цeмeнтийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлснээр зөвхөн Ховд аймагт төдийгүй баруун бүс нутгийг хангах боломж бүрдэх аж. Хэдийгээр улсын хэмжээнд цементийн дөрвөн үйлдвэр байгуулагдсан ч баруун аймгуудад цементийн хүртээмж муу байгааг бизнесийнхэн учирлаж байна. Ялангуяа бүтээн байгуулалтад нэн шаардлагатай цемент зах зээлийн үнээс нэг дахин илүү байгаа нь өртөгт нөлөөлж буйг ярьж байлаа. Мөн ирэх оноос хэрэгжүүлэх жилдээ 50 мянган тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай нeфтийн үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хөгжүүлэх “Ховд Агро Парк”, Малын гаралтай түүхий эд, мах, арьс шир, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийн цогцолбор, гэр хорооллын айл өрхөд чиглэсэн “Хашаандаа сайхан амьдарцгаая” төсөл, Тээвэр ложистикийн төслийг эхлэх томоохон төслийг талаар танилцуулж санал солилцов. “Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганы үеэр “Номин” сүлжээ дэлгүүрт “Ховдод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн”-ийг борлуулах гэрээ байгуулсан. Мөн “Ноолуур нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г “Говь” компанийн ерөнхий захирал Ц.Баатарсайхантай сумдын Засаг дарга нар байгуулсан юм. Гэрээний хүрээнд малчдаас ноос, ноолуурыг нь ченжийн гар дамжуулахгүйгээр авах давуу талыг бий болгожээ. Чуулганы үр дүнд Ховд төдийгүй баруун бүс хямд найдвартай эрчим хүч, шатахуун, барилгын матeриалтай болж агаарын бохирдлыг бууруулах, орон сууцны үнийг 30-40 хувь хямдруулах, олон мянган ажлын байр бий болж, малын гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингээн боловсруулах, иргэд болон малчдын орлого нэмэгдэх сайхан ирээдүй харагдаж байгааг зохион байгуулагчид ярьж байлаа. Түүнээс гадна “Хашаандаа сайхан амьдарцгаая” төслийг хэрэгжүүлэхэд “Хаан” банкны зүгээс дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ бүтээгдэхүүнийг аймгийнханд зориулж гаргахаа илэрхийлэхийн сацуу хамтын ажиллагааны гэрээ байгуулсныг энэ дашрамд дуулгая. Ховдчууд нутаг орноо хөгжүүлэх, аймгийн удирдлагуудын ирээдүйд чиглэсэн үйл ажиллагаа, төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлж байсан юм.

 

ИТХ-ын дарга Г.Пүрэвганди: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ТАТАХ НЬ ЧУУЛГАНЫ ЗОРИЛГО

 

-Манай аймаг 87 мянга гаруй оршин суугчтай. Иргэдийн 60 гаруй хувь нь хөдөлмөрийн насныхан бөгөөд 34 мянга гаруй татвар төлөгчтэй баруун бүсийн тулгуур төв болсон аймаг. Бидний хувьд ажлын байрыг нэмэгдүүлэх, айл өрхийн орлогыг өсгөх нь тулгамдсан асуудлын нэг. Тиймээс аймаг орон нутгаа хөгжүүлэхэд олон талын хүчин зүйлийг хамруулан томоохон ажлуудыг хийх шаардлага бий. Энэ удаагийн чуулганы гол зорилго ч мөн үүнд тулгуурласан. Нөгөөтэйгүүр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор Ховд аймгийг хэрхэн хөгжүүлэх вэ гэх асуудлын хүрээнд хамтаа хэлэлцэхийн зорьсон. Зөвхөн Ховд аймаг гэлтгүй баруун бүс нутагт нэн шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг энэ удаагийн чуулганаар танилцуулж байна. Цаашилбал, хөрөнгө оруулагчдыг татах асуудлыг ч мөн хөндөж байгаа юм. Аймгийн хэмжээнд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй байгаа учраас бид энэ удаагийн хөрөнгө оруулалтыг чуулганыг нийслэлд зохион байгуулж байна.

 

“Хашаандаа сайхан амьдарцгаая” төслийн удирдагч Э.Алтан-Од: САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ ШИЙДЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

 

-2010 оноос хойш энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ярьж байсан бөгөөд энэ жилээс хэрэгжих боломж бүрдэж байна. Төсөл маань хашаагаа хэрхэн тохижуулах вэ гэдгээс эхэлнэ. Аймгийн хэмжээнд 5300 орчим гэр хорооллын айл өрх бий. Үүнээс 90 гаруй хувь нь ил жорлонтой бөгөөд энэ хэрээр хөрсний болоод агаарын бохирдлыг үүсгэж байгаа. Тиймээс эндээс урьдчилан сэргийлэх зорилгоор бид мэдээлэл түгээхдээ “Хөршийн холбоо”-г ашиглаж байна. Нөгөөтэйгүүр энэ холбоогоо ашиглан төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд томоохон хөшүүрэг болно. Түүнчлэн орон нутагт байгаа хямд эх үүсвэрийг ашиглан амины болон орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Энд мэдээж санхүүжилтийн асуудал гарч ирнэ. Тиймээс манай төслийг хэрэгжүүлэх боломжийг “Хаан” банкныхан олгохоор болсон нь энэ удаагийн чуулганы нэг үр дүн гэж харж байна.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ