Ж.Батзандан: МАНАН-гийн толгойлогчийг өрөөнөөс нь чирж гаргана

2018-12-14

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулган өчигдөр хуралдах байсан ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар дахин хойшиллоо. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан УИХ-ын даргыг огцруулах шаардлагыг албан бичгээр өгч байгаа талаараа мэдээлэл хийсэн.  УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын даргыг албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг гишүүдийн олонх нь шаардсаар гурван долоо хоног болж байна. Тиймээс огцруулах шаардлагаа албан ёсоор гардуулж өгөх гэж байна. УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг даргалах ёс зүйн үндэслэлгүй гэж 38 гишүүн гарын үсэг зурсан. Дэмжиж байгаа 40 гаруй гишүүн байна. Засгийн газрын сайд нар, Ерөнхий сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөж болдог. Ерөнхийлөгч хүртэл албан тушаалаасаа чөлөөлөгддөг хуультай гэсэн. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “МАНАН-гийн эсрэг тэмцэл үргэлжилж байна. Улс төр дэх манан арилаагүй цагт Улаанбаатарын утаа арилахгүй. Манангийн толгойлогчтой хамтарч ажиллахгүй гэдэгт бид гарын үсгээ зурсан. Манангийн толгойлогчийг УИХ-ын даргаас огцруулах нь зүйтэй гэдэгт УИХ-ын гишүүдийн олонхи нэгдсэн. М.Энхболд маргаашийн дотор огцрохгүй өрөөнөөс нь чирж гаргана” гэв.  Мөн УИХ-ын дарга  М.Энхболд шаардлагын дагуу чөлөөлөгдөх хүсэлтээ гаргатал гарын үсэг зурсан гишүүд УИХ-ын чуулган болон Байнгын хорооны хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдлээ.

 

“ЗАСГИЙН ГАЗРЫГ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗВЭЛ ОГЦОРНО”

 

Үүний дараа Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Ганболд нар мэдээлэл хийлээ. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Чуулганы дэгийн тухай хуульд УИХ, Засгийн газрын гишүүн буюу давхар дээлтэй гишүүд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы хуралдаан болон байнгын хорооны хуралдааныг таслах эрхгүй. Хуралдааныг ямар үед орхиж гарах вэ гэдэг нь мөн хуулийн заалттай. УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар зөвхөн хоёр үндэслэлээр УИХ-ын гишүүн чуулганы хуралдааныг орхин гарах үүрэгтэй.  Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудлыг хэлэлцэж байгаа үед УИХ-ын гишүүн  чуулганы хуралдаан болон байнгын хорооны хурлыг орхин гарах үүрэгтэй. Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн тохиолдолд мөн хуралдааныг орхин гарах эрхтэй. Бусад тохиолдолд УИХ-ын гишүүд  хуралдааныг орхиж гарах эрхгүй.Засгийн газрын гишүүд   Үндсэн хууль,  УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийн заалтуудыг зөрчиж байгаа учраас Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Хэрэв Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Засгийн газар огцорно” гэв.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 3 сар

    Энэ хөөрүү Батзандан нарыг турхираад, шордож түлхээд байгаа хүн нь тодорхой. Тэр нь шудрага дүр эсгэгч Нямдорж. Энэ хүн хөөрүү хэдэн залуучуудыг түлхчихээд өөрөө цаана нь үлддэг зантай хүн. Зорилго нь УИХын даргын суудал.

Холбоотой мэдээ