990 айлыг 0.4кВт-ын эрчим хүчний эх үүсвэрт холболоо

2018-12-13

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд түүхий нүүрсний хэрэглээг халж, гэр хорооллын айл өрхийг 4кВт хүчин чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх ажлыг хоёр үе шаттай хийж гүйцэтгэж байна. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн нар цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлэх 16 дугаар багц ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын зургадугаар гудамд барьж ашиглалтад оруулсан КТПМ56/18 дугаарын 0,4 квт-ын  хүчин чадал бүхий 990 айлыг хангах дэд станцын  ашиглалтын явцтай газар дээр нь танилцлаа. Нийслэлийн хэмжээнд 56 багц ажлыг цахилгаан эрчим хүчний барилга угсралтын 54 компани хийж гүйцэтгэснээс “Наран хайрхан трейд” ХХК энэхүү дэд станцыг гэрээний дагуу угсарч хүлээлгэн өгчээ.

Эрчим хүчний хүчин чадал нэмэгдснээр айл өрхүүдийн цахилгаан эрчим хүчинд зарцуулах төлбөр буурснаас гадна, хүчдэл унах гэх мэт хүндрэлүүд арилсан байна. Иймд нүүрсний хэрэглээгээ цаашид хумих, цахилгаан халаагуур хэрэглэж, шөнийн тарифын хөнгөлөлтийг эдлэх гэх зэргээр агаар, орчны бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах боломжтой болж байна гэв.

Гэр хорооллын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийт 5 дүүргийн 35 хорооны 41 964 айл өрхийг хүчин чадал сайтай, хүчдэлийн уналтгүй эрчим хүчээр хангах юм.

Өнөөдрийн байдлаар нэгдүгээр ээлжийн 21362 айл өрхийн цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил бүрэн дуусч техникийн ба улсын комисс ажиллан ашиглалтад хүлээн авч, айл өрхийг холбох ажлыг дуусган УБЦТС ТӨХК-д шилжүүлэн өгч байна. Хоёрдугаар ээлжийн 20602 айл өрхийн цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил бүрэн дуусч техникийн комисс ажиллаж байгаа аж.

Угсралтын ажлаар 110 кВ-ын 1ком дэд станц, 35 кВ-ын 1ком дэд станц, 3ком хуваарилах байгууламж, 6-10 кВ-ын 273ком дэд станцыг шинээр барьж, 153 ком дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, 0.4-35 кВ-ын 471 км цахилгаан дамжуулах шугам шинээр татаж, 28 фидерийн ачаалал хөнгөлөх, 13 шугамын утасны дамжуулах чадварыг нэмэгдүүлэх ажлыг тус тус хийсэн байна.  Мөн 2073 айл өрхийг шинээр цахилгаан эрчим хүчинд холбожээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ