“МАНАН-гийн толгойлогчийг өрөөнөөс нь чирч гаргана”

2018-12-13

Т.САЙХАН

УИХ-ын 38 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа татгалзах өргөдлөө гаргахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Энэ шаардлагаа албан ёсоор гардуулж өгөх гэж байна. Шаардлагад 38 гишүүн гарын үсэг зурсан. Дэмжиж байгаа 40 гаруй гишүүн байна.
УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг даргалах ёс зүйн үндэслэлгүй гэж үзэж бид өргөдөл гаргасан” хэмээн ярилаа.

УИХ-ын гишүүн Л.Болд: УИХ-ын даргатай уулзахад та бүхний шаардлагад “огцруулах” гэсэн үг алга, УИХ-ын гишүүдийн олонхыг та бүхэн төлөөлөхгүй” гэж биднийг дорд үзсэн. Тиймээс бид УИХ-ын 40 гишүүнийг төлөөлж, өнөөдөр албан ёсоор өргөдлөө гаргалаа. Хэдийгээр энэ нь хэдэн хүн бичиг өгөөд нэг хүнийг огцруулах гэж байгаа мэт боловч энэ бол маш том хувьсгал.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Маргаашийн дотор огцрохгүй бол бид нийт иргэд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран жагсаал цуглаан, тэмцэл хийнэ. Ард түмэнтэйгээ хамт ирээд МАНАН-гийн толгойлогчийг өрөөнөөс нь чирч гаргана.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Гадны улс орнуудад спикерээ парламентын гишүүд нь чирч гаргадаг. Спикер хамгийн төвийг сахисан байр сууринд байдаг юм байна. Бид парламенттай улсуудын жишигт очих шаардлага үүсээд байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: “Алтан Дорнод” компанийн захирал Г.Ганболдын ярианаас улсын Ерөнхий прокурор хүнийг эрүүдэн шүүж, дөрвөн сая доллар авсан баримт ил болсон. Эндээс нийт иргэд, хэвлэл мэдээллийнхэн маань нэг зүйлийг ойлгосон гэж бодож байна. Энэ бол зөвхөн М.Энхболд гэдэг хувь хүнтэй тэмцээд байгаа хэрэг биш төрийг алсаас удирддаг, мафийн сүлжээнд орсон бүлэглэлтэй тэмцэж байгаа. Бид ҮАБ-ын зөвлөлд үдээс хойш хандана. УИХ-ын гишүүдийн 50%+1 нь энэ хүнтэй ажиллахгүй гэдгээ илэрхийлээд байхад энэ хүн ажлаа өгөхгүй бол одоо л бид тэмцэж чаддаг ард түмэн гэдгээ харуулах хэрэгтэй. Үгүй бол үүнээс цааш дийлэхгүй гэдэг нь харагдаж байна. Маш өрөвч зантай нь Монголчууд бидний том алдаа гэж боддог.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Хууль хяналтын байгууллага улс төрийн захиалгаар ажилладаг, бизнесийг булаадаг, байгалийн баялгийг нийлж завшдаг, цөөхөн хүн хөлждөг байдал бодитой өөрчлөгдөнө. Бүх зүйл ил тод болно. Бүх түвшинд хариуцлагыг тогтооно. УИХ-ын дарга М.Энхболд хэдэн ч хүн гарын үсэг зурсан би огцрохгүй гэж хэлж болохгүй гэлээ.

 

Эх сурвалж:www.polit.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ