Тэмдэглэлт ой: Шатар, бүтээл хоёроор мөнхөрсөн  Б.Нямаа зохиолчийг дурсав 

2018-12-07

Ч.Зотол

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт , үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Батын Нямаагийн 90 насны ойд зориулсан дурсамж уулзалт, эрдэм шинжилгээний хурлыг МЗЭ,  зохиолчийн  үр хүүхэд, ач зээ нар нь санаачлан зохион байгууллаа.  Нэрт зохиолч Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул байв. Утга зохиолд авьяасаараа бярдаж орж ирсэн тэрээр 1968 онд “Араараа модтой Биндэръяа” хэмээх  романаараа Монголын утга зохиолд хөл тавьсан түүхтэй. Үүнээс хойш 1971 онд “Бид гурав”, 1973 онд “Арандалынхан” романаа туурвиж, 1978 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, “Алтан гадас” одонгоор шагнагдсан байна. Кино зохиолын төрөлд ур ухаан, авьяас чадвараа дайчилж,  “Төөрсөөр төрөлдөө” кино нь олон улсын кино наадмаас үнэт ногоон чулуу шагнал, Камбожид болсон кино наадмаас диплом  хүртэж байсан юм.

Буриад зоны хүү болж төрсөн тэрээр зохиол бүтээлдээ буриадын ард түмний зан заншил, уламжлалт сэтгэлгээний онцлог, соёл ахуйг уран яруу бөгөөд амьд дүрсэлсэн нь зохиол бүтээлийг нь улам амттай болгосны дээр хэзээ ч хуучрахгүй үе үеийн уншигчдын сонирхлыг татсаар байх мөнхийн өв болж үлджээ.

Түүний 90 насны ойд зориулсан дурсамж уулзалт, эрдэм шинжилгээний хуралд  МЗЭ-ийн  Удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав тэргүүтэй төлөөлөл, зохиолч нөхөд нь болон Монголы кино урлагийн мастерууд цугласан юм. Тэд үзэг, сэтгэл, оюун санаа нэгт зохиолч нөхрийнхөө тухай  Монголын үргэлжилсэн үгийн ноён оргилуудын нэг  хэмээн зохиол бүтээлийг нь үнэлэн хэлэлцээд зогсохгүй  ямар хүн байсан, хэн байсан талаар  нь “Манай Б.Нямаа дөлгөөн тайван, хэнд ч эвгүй үг хэлддэгүй эвсэг найрсаг, маш мэдрэмжтэй ухаалаг хүн байсан. Оюун санааны том элит гэр бvлийг vлдээгээд  явсан буянтай ч  хvн” хэмээн дурсч байна. Б.Нямаа зохиолч уран бүтээлээс гадна зохиолч нөхдийнхөө дунд шатрын спортыг хөгжүүлсэн хүн юм. Өдгөө түүний үр хvvхэд, ач зээ нараас   Монгол Улсын болон Олон улсын спортын мастер 10 гаруй хүн бий. Түүний таван хvv нь шатрын улсын аварга, нэг охин нь улсын болон идэрчvvдийн хэд хэдэн удаагийн аварга болж байсан юм.  Тэгвэл нэрт зохиолчийн ач охин Т.Батцэцэг  Монгол Улсын гавьяат тамирчин, тив, дэлхийн олон тэмцээнд улсынхаа нэрийг гаргасан  шатрын их мастер билээ.

Эх сурвалж: polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ