АТГ 17.3 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ

2018-12-07

С.САРУУЛ

АТГ сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн хурлаа өнөөдөр буюу 12 дугаар сарын 7-ны өдөр болгож хойшлуулсан нь тодорхой шалтгаантай. НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдөр болдог. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг соёрхон баталж, нэгдэн орсон дэлхийн улс орнууд авлигын эсрэг олон нийтийн дуу хоолойг сонсох, хүргэх, конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах ажил хийх ёстой. Энэ өдөртэй уялдуулан хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ.

Энэ удаагийн хэвлэлийн хурлаар АТҮХ-ийг хэрэгжүүлэх чиглэлээр өнгөрсөн 2 жилд хийсэн үйл ажиллагааны мэдээллийг олон нийтэд өгөв. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойших 2 жилийн хугацаанд 262 удаагийн бүтэн өдрийн сургалтыг зохион байгуулж одоогоор 21574 нийтийн албан тушаалтныг хамруулжээ. Мөн авлигын эрсдэл бүхий 50 шийдвэрийг хүчингүй болгож, хууль тогтоомжид нийцүүлж өөрчилсөн талаараа төрийн байгууллагууд хариу мэдэгдээд байна.

2018 онд гэмт хэргийн улмаас 332.0 тэрбум  төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 17.3 тэрбум  төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Мөн үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 97.9 тэрбум  төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Түүнчлэн оффшор бүсээс 4,4 сая ам долларыг оруулж ирсэн үр дүнтэй ажилласан байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 262.3 тэрбум төгрөгөөр буюу 4,1 дахин,  хохирол нөхөн төлүүлэлт 8,5 дахин, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа 8 дахин өссөн үзүүлэлттэй байгааг АТГ-аас онцоллоо.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • АТГ уг нь их сайн ажиллаад байна?! Тэр нь ЖДҮ-чид буюу Хүрэлсүхтэнгүүдэд л таалагдахгүй байх шиг?!… Төр ийм байж болохгүйлдээ?! Энхжаргалыг битгий өөрчлөөсэй?!

Холбоотой мэдээ