Хохирогчид 12 жилийн дараа УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүллээ

2018-12-07

2000-2004 оны хооронд МАН төр барьж байхдаа Хадгаламж зээлийн хоршоодыг олноор нь татан буулгасан байдаг. 2006 онд нэгэн зэрэг дампуурсан нэрээр мэдээлэл тарааж, 64 тэрбумаар үнэлэгдсэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, газар, ашигт малтмалын лицензүүдийг хураан авч, эздүүдийг шоронд хийжээ.

Тэгвэл 12 жилийн дараа Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид дахин нэгдэж, УИХ-ын дарга М.Энхболдол шаардлага хүргүүллээ. Шаардлагад “Тухайн үед хадгаламж эзэмшигч 8000 гаруй хүний шударга хөдөлмөрөөрөө олж, хуримтлуулсан 72 тэрбум гаруй төгрөг хаана байна вэ. Энэ бол төрийн оролцоотой аймшигт дээрмийн халдлага байсан.

Үүнээс үүдэлтэй олон гэр бүл салж, гадаадад амьдарч байгаа үр хүүхдийнхээ мөнгийг дээрэмдүүлсэн эцэг эх тэднийхээ өмнө буруутай мэтээр амьдарч ирлээ. Харамсалтай нь төр үүнийхээ төлөө зовж, хохирсон иргэдээсээ уучлал гуйгаагүйгээр үл барам УИХ-аас 2007, 2014 онуудад “Эргэн төлөгдөх нөхцөлтэй” хуулийг баталж, байсан боловч хуулийн хэрэгжилт муу байгаагаас шалтгаалан өнөөдрийг хүртэл хохирлыг бүрэн барагдуулж чадаагүй байна” гэжээ. Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг “Одоогийн байдлаар 1734 иргэн хохирлоо барагдуулж дууссан байна. Цаана нь 6000 гаруй хүний хохирлыг хэзээ барагдуулах вэ.

Тухайн үед М.Энхболд та намын дарга Ерөнхий сайд байсан. Үүсээд байсан нөхцөл байдлыг бодитоор нь дүгнэн яаралтай зөв арга хэмжээ авахгүй намын нэр хүнд, өөрийн эрх мэдлээ хамгаалан үлдэх атгаг санаа өвөрлөсний улмаас олон мянган иргэд өнөөг хүртэл хохирсоор байна. Төр засаг өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор дүгнэн, олон жилийн өмнө ард иргэдээ хомроглон зовлонд учруулсан гэм нүглийнхээ хариуцлагыг хүлээн зөвшөөрч, нэн даруй огцорохыг шаардаж байна” гэсэн юм.

Эх сурвалж: polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ