Эрдмийн театраас үлээсэн шүгэл-2

2018-12-07

 

Р.ОЮУН

 

“Зууны мэдээ” сонины арваннэгдүгээр сарын 27-ны ¹236, 237 (5943, 5944) дугаарт Эрдмийн театраас үлээсэн шүгэл буюу УДБЭТ-ын уран сайхны удирдагч Б.Түвшинбат, ерөнхий зураач Г.Ганбаатар нарын зөрчилдөөний талаар нийтлэл гарсан. Тус театраас үлээсэн шүгэлтэй холбоотой асуудлаар БСШУСЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас шалгахад Монгол Улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллгаа явуулахыг хориглоно” мөн Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, Төсвийн тухай хуулийн 6.4.4-т “Хуульд өөрөөр заагааүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсэн заалтыг зөрчсөн байна. Тиймээс УДБЭТ-ын захирал, Б.Түвшинбат нарт өнгөрсөн сарын 27-нд таван зөвлөмж хүргүүлэхэд дуурийн захирал гадаад руу ажлаар явсан байна. Нийт албан хаагчдын хуралд яамнаас миний бие оролцож энэ талаарх мэдээллийг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна хэмээн БСШУСЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболд ярьсан юм.

 

ЗӨРЧИЛТЭЙ ХОЛБООТОЙ ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖЭЭ

Нэгдүгээрт, нийт ажилтан, албан хаагчид байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг танилцуулах шаардлага­тай байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээнд заагаагүй, мөн байгууллагынхаа дотоод журмыг ойлгоогүйгээс тухайн байгууллага дээр санхүүгийн зөрчил үүсгэж байна гэдгийг танилцуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, Монгол Улсын нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг нийт албан хаагчдад танилцуулах. Хариуцсан ажил, албанд ашиг сонирхлын зөрчил гарсан тохиолдол бүрт хариуцлага тооцох зөрч­лийг хөдөлмө­рийн гэрээнд тусгах. Гурав­ду­гаарт, Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийг үр ашиг­тай, хэмнэлттэй байд­лаар төлөвлөж зарцуу­лах, төрийн болон орон нут­гийн өмчийн хөрөнгөөр бараа ажиллуулагсдын худалдан авах тухай хууль, тогтоомжийг дагаж мөрдөх. Дөрөв­дүгээрт, Төрийн албаны тухай хуулийн захи­рах, захирагдах ёсны зарч­мыг алдагдуулж байна. Өөрөөр хэлбэл, бай­гууллагын удирдах ал­бан тушаалтныг албан хаагчдын гарын үсэг зурах замаар чөлөөлөх байдлыг цаашид таслан зогсоох. Үүнтэй холбогдуулан иргэдийн Үндсэн хуулиар олгосон хөдөлмөрлөх эрхийг баталгаатай эдлүүлэхийг цаашид анхаарч, бүрдүүлж ажиллахыг байгууллагын даргад даалгаж байгаа. Нийгэмд шударга ёсны төлөө явж байгаа, санхүүгийн зөрчилтэй байна, хууль тогтоомжийг зөрчсөн байна гэсэн асуудлыг тавьсан уран сайхны удирдагч Б.Түвшинбатыг ажлаас нь чөлөөлөх байдлаар салах ийм буруу жишгийг цаашид гаргахгүй байх, чөлөөлсөн тушаалаа дахин нягталж харах. Тавдугаарт, эдгээр илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, нийт албан хаагчдын хурлыг энэ сардаа багтааж зохион байгуулах. Эдгээр зөрчлийг хамт олны хурал дээр танилцуулах, зөрчлийг арилгасан талаар эргэж мэдэгдэхийг даалгасан байна.

Гарсан асуудалтай холбогдуулан ямар арга хэмжээ авч байгаа талаар тодруулахаар өчигдөр УДБЭТ-т очиход Ц.Түвшинтөгс захирал гадаадаас ирээгүй байлаа.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ