Бүсчилсэн хөгжлийн бодлоготой ЖДҮХС-г уялдуулах шаардлагатай гэв

2018-12-06

Д.ОЮУН

 

“Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болж байна. Хэлэлцүүлгийг АТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж байгаа юм. МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Л.Болормаа сонирхолтой илтгэл танилцууллаа. Тэрээр үйлдвэрлэгчдийг дэмжих механизмууд бий болсон ч засаглал нь бэхжээгүй. Өөрөөр хэлбэл, засаглалын гажуудал өнөөдрийн завхарлыг бий болгож байгаа гол шалтгаан. Бизнестэй холбоотой, хууль, дүрэм журам батлах үедээ хэлэлцүүлэг зохион байгуулдаг хэдий ч огт санал шүүмжлэлийг тусгаж авдаггүй. Нэн ялангуяа засаглалтай холбоотой асуудлыг хүлээн зөвшөөрдөггүйн гор гэдгийг ойлгох учиртайг тэрээр сануулж байлаа.

Түүнээс гадна тус сангийн ил тод байдал алдагдсан байсныг илтгэгч Л.Болормаа тайлбарлалаа. “Сангийн талаарх мэдээллийг өдөр тутам хүргэж байсан уу гэвэл үгүй. Зээл авах аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалтыг ил тод мэдээлэх ёстой ч цахим хуудсанд нь хамгийн сүүлд энэ оны тавдугаар сарын мэдээлэл л бий. Өмнөх онуудын зээлийн түүх байхгүй. Мөн зөвхөн зээл авсан компанийн нэрийг зарлах нь хангалтгүй. Аль салбарт ямар чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгж вэ гэдгийг мэдээлэх хэрэгтэй” гэсэн юм.

Цаашид засаглалын гажуудлыг арилгаж бүсчилсэн хөгжлийн бодлоготойгоо ЖДҮХС-г уялдуулахгүй бол орон нутаг хөгжихгүй гэдгийг анхааруулж байна. Хотын төвлөрлийг сааруулахын тулд орон нутгийн хөгжлийг дэмжих, үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай хоосон лоозонг халах цаг болсныг ч мөн сануулж байлаа.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ