Н.Наранбат: Чехэд хөдөлмөр эрхлэхэд дундын зуучлагч шаардлагагүй

2018-12-06

Д.АМАРТҮВШИН

 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Наранбаттай ярилцлаа.

 

Таныг удам дамжсан дипломатч, Чехэд төрсөн, чех хэлтэй, Гадаад яамны ажилтан. Чамгүй олон жил ажилласан гэдэг юм билээ. Аавын тань талаар яриагаа эхэлье, та зөвшөөрч байна уу?

-Миний аав Пэрэнлэйн Нямаа 1960-аад онд Мон­гол Улсаас хуучнаар Чехословак улсад суралцах анхны таван оюутны нэг болон ирж Төв европын анхны их сургууль болох Прага хотын Карлын их сургуульд суралцсан байдаг.

 

Би Чех улсад төрөөгүй, дүү маань төрсөн. Аав маань энэ улсад дөрвөн удаа томилогдон, атта­шегаас Элчин сайд хүртэл ажилласан. Хам­гийн сүүлд 1990-1995 онд Монгол Улсаас Чех болон Словак улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын үүрэг гүйцэтгэсэн. Гэр бүлээрээ Чех улсад амьдарч байсан болохоор миний хувьд багаасаа чех цэцэрлэг, сургуульд, цаашлаад Карлын их сургуульд суралцсан юм.

Та энд чех найз олонтой байлгүй. Тэгээд ч Элчин сайдаар томи­лог­доод ирчихсэн. Үүрэг зорилгоо биелүү­лэхэд танд давуу талтай байдаг байх?

-Чех найз нөхөд бий. Хэл, ёс заншлыг нь мэддэг учраас нутгийн хүмүүстэй харьцахад илүү дөхөм. Өнөөдрийн байдлаар Чех улсад 120 гаруй орны ЭСЯ үйл ажиллагаа явуулдгаас чех хэлтэй таван Элчин сайд байдаг. БНЧУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас жил бүр Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүнийг хүлээн авч уулздаг. Тэр дундаа Ерөн­хийлөгч Милош Земан чехээр ярьдаг таван Элчин сайдыг тусгайлан дуудан уулзаж ярилцдаг давуу тал бол бий.

Ингэхэд та өмнө нь хаана сууж байсан бэ?

-Миний бие өмнө нь Сингапур дахь Монгол Улсын Ерөнхий кон­сулын газарт консул, Ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Ерөнхий кон­сулын газрыг Элчин сайдын яам болгон өргө­жүүлэхэд гар бие оролцож байлаа.

Социализмын үед Чехословак, Монгол орны гадаад худалдаа ямар бай­сан юм бол одоо хоёр улсын эдийн засгийн харилцаа хэр байгаа вэ?

-Сүүлийн 2-3 жилийн статистик мэдээгээр хоёр улсын гадаад худалдааны эргэлт 15 орчим сая ам.дол­ларт хэлбэлзэж байна. Мэдээж энэ хангалтгүй тоо. Үүнийг өсгөх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломж, бололцоог манай ЭСЯ үргэлж эрэл­хийлж ажилладаг. 2018 оны дөрөвдүгээр сард Монгол Улс, БНЧУ-ын Зас­гийн газар хоорондын хамтарсан комиссын хурал Прага хотод болсон. Бид энэ үеэр гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэхийн тулд хамтран хийж гүйцэтгэх ажлынхаа талаар санал солилцож ирэх хоёр жилд хэрэгжүүлэх ажлын төлөв­лөгөө буюу протоколыг баталсан. Социализмын үед Чехословак улс нь ЗСБНХУ-ын дараа орох манай улсын гадаад худалдааны хоёр дахь том түнш орон байв. Нэгэн цагт зах зээлийн эдийн засагт хамтдаа шилжсэн Чех улс 1996 оноос хойш 50 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжийг манай улсад үзүүлсэн байдаг. Гэвч 2017 оноос тусламжийн цар хүрээг багасгасан нь манай улсын эдийн засгийн байдал сай­жир­сантай холбоотой юм.

Гутлын болон арьс ширний үйлдвэрийг Чехословак улсын тус­ламжаар барьж байгуулс­ныг санаж байна. Олон хүнийг сурган бэлтгэж өгсөн улс гээд бидний аав ээжийн үеийнхэн ам сайтай ярьцгаадаг?

-Таны сая хэлсэн үйлдвэр, газруудаас гадна цемент шохойн үйлдвэр, гурилын үйлдвэр, Улсын нэгдүгээр төв эмнэлгийг Чехословак улсын буцалтгүй тусламжаар барьснаас гадна Эр­дэнэтийн овооны ор­дыг нээж, нөөцийг нь тогтоох ажлыг анх Чехословакын геологичид хийж гүй­цэтгэсэн байдаг. Түүнчлэн “Кароса” автобус, “Ява” мотоцикль, “Шкода” автомашиныг монголчууд өргөн хэрэглэдэг байлаа. Сүүлийн жилүүдэд манай бизнес эрхлэгчид Чех улсаас сантехник, халаалтын төхөөрөмжүүд, цахилгаан бараа зэрэг тоног, төхөөрөмж, бараа материал голлон авч буй­гаас гадна ариун цэвэр болон хүнсний бүтээг­дэхүүн импортолж байна. Харин багахан хэмжээний хагас үнэт чулуу, сүлжмэл эдлэл Чех улсад нийлүүлж байгаа. Миний дээр хэл­сэнч­­лэн манай улсын оюутнууд 1955 оноос эхлэн тус улсын их, дээд сургууль болон техник, мэргэжлийн сургуульд суралцаж байсан. Чехэд боловсрол эзэмшсэн олон хүн одоо ч улс эх орныхоо бүтээн байгуулалт, хөг­жил дэвшилд хувь нэмрээ оруулсаар байна.

Прага хотын Амьт­ны хүрээлэн тахийг эх нутагт эргэн нутагшуулах хө­төл­бөрийг амжилттай хэрэг­жүүлж буй. Энэ хөтөл­бөр сүүлийн жилүү­дэд манай хоёр улсын хамтын ажил­лагааны нэгэн том илрэл болоод байна шүү дээ?

-1960-аад оноос эхлэн устаж үгүй болсноор дэлхийн “Улаан ном”-д устсан амьтны жагсаалтад бүртгэгдээд байсан зэрлэг адууны сүүлчийн төрөл болох тахийн төрөл зүйлийг хамгаалах, өсгөн үржүүлэх үйлсэд Прага хотын Амьтны хүрээлэн онцгой гавьяа байгуулсан гэж үздэг. Тус Амьтны хүрээлэн 1959 оноос тахийн удмын сангийн бүрт­гэл, мэдээллийг хөтөлж ирсэн нь өнөөдөр тахийг унаган байгальд нь эргүүлэн нутагшуулах, хамгаалахад чухал ач холбогдолтой өв болон үлджээ. Найман удаагийн хүргэлтээр нийт 31 тахийг Говийн их дархан цаазат газрын Б хэсэг болон Хустайн нуруунд нутагшуулаад буй. Цаашид тус Амьтны хүрээлэнтэй хамтран Монгол Улсын баруун хэсэгт нутаглаж бай­гаа хавтгай болон бөхөнг хамгаалах, тоо тол­гойг нь өсгөх хамтын ажил­лагааг энэ оноос эхлүүллээ.

 –Хоёр улсын хооронд нийгмийн хамгааллын хэлэл­цээр байгуулах асуу­дал ямар шатандаа яваа вэ?

-Олон жилийн хуга­цаанд ярьсан “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурахад бэлэн болоод байна. Энэ хэлэлцээр байгуулагдсанаар 1996 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш тус улсад албан ёсоор хөдөлмөр эрхэлж байгаа бүх иргэн нийгмийн даатгал төлсөн жилдээ ногдох тэтгэвэр, тэтгэмжийг авах боломж бүрдэж байгаа. Энэ хэлэлцээр нь ирээдүйд ч үр ашгаа өгөх чухал хэлэлцээр юм.

Ямар шалтгааны улмаас тус хэлэлцээрийг байгуулах явц удааш­ралтай байсан бэ?

-Чех улсын Засгийн газар тус хэлэлцээрийг “Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-тэй хамтад нь нэг багц хэлэлцээр болгон байгуулах байр суурь баримталсантай холбоотой удааширсан. Тухайн үед манай улсын хувьд “Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай” хэлэлцээрийг ямар ч улстай огт байгуулаагүй байсан учир энэ хэлэл­цээрт болгоомжтой хандсан. Түүнчлэн олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулна гэдэг нь цаг хугацаа их шаарддаг. Олон удаагийн хоёр талын уулзалт, хэлэлцээрийн дүнд нэгдсэн ойлголцолд хүрч чадсан.

Элчин сайдын хүчин зүтгэл, оролцоо ихээхэн чухал байдаг уу?

-Зөрүүтэй ойлголтын улмаас зогсоод байсан асууд­лууд бий. Элчин сайд болсноос хойш өөрийн болон айлын талын хол­бог­дох төрийн байгуул­лагууд, албан тушаалт­нууд­­тай уулзалт хийж, ярьж, тайлбарлаж ойл­гуу­лах гэж багагүй ажлыг амжуулсан.

Чех улсад монгол иргэд олноор оршин суудаг уу. Тэдний ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал ямар байдаг бол?

-Энэ оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар манай улсын 8813 иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин сууж байна. Энэ нь Европын холбооны улс орнуудаас хамгийн олон тооны монгол иргэн оршин суугаа улс нь Чех. Манай иргэд ихэвчлэн төрөл бүрийн оёдлын үйлдвэр, машины эд анги угсрах үйлдвэр мөн компьютер угсрах үйлдвэрүүдэд ажиллаж буй. ЭСЯ өөрсдийн нөөц бололцооныхоо хэрээр иргэддээ хүрч ажиллахыг зорьдог. Монгол иргэд олноор төвлөрөн суудаг хот, үйлдвэрийн удирдлагууд болон монгол ажилчдыг хариуцсан үйлдвэрийн боловсон хүчин нартай байнгын харилцаа, хол­боотой ажилладаг. Ажил олгогчдын зүгээс манай ир­гэдийг ажилдаа хурдан даддаг, бүтээмж сайтай гэж үнэлдэг.

Монголоос ажиллах хүч авах асуудалд Чех улс ямар байр суурь баримталж байна вэ. Чехийн визтэй холбоотой гомдлууд их байдаг юм билээ?

-Чех улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас виз авахад хүндрэлтэй байдаг талаар манай иргэд их ярьдаг. Үүнийг хөнгөвчлөх, түргэн шуурхай үйлчлэх зорилгоор Чехийн талаас хэд хэдэн алхмыг хийсэн. Үүний үр дүнд богино хугацааны визийн төвийг арваннэгдүгээр сараас эхлэн Улаанбаатар хотноо ажиллуулж байна. Ингэснээр Чех улсын ЭСЯ-ны ачаалал багасч монгол иргэдийн визийн хүсэлтийг хүлээн авах боломжтой болж байгаа юм. Үүний зэрэгцээ Чех улсын Засгийн газраас Монгол, Филиппин, Украйн, Сербиэс ажиллах хүч авах зорилгоор тусгай журам гаргасан. Энэ тусгай журмын хүрээнд Чех улсын ЭСЯ жилд 1000, сардаа 83 хөдөлмөр эрхлэх визийн мэдүүлэг хүлээн авах юм. Тусгай журмын дагуу Чех улсын аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсаас ажиллах хүч авах хүсэлтээ тус улсын Худалдаа, эдийн засгийн танхимд гаргана. Тухайн байгууллагын хүсэлт, хэрэгцээ шаардлагыг хар­гал­зан БНЧУ-ын Үйлд­вэр, худалдааны яам зөв­шөө­рөл олгосноор хөдөл­мөр эрхлэх визийн мэдүүл­гийг ЭСЯ хүлээн авах юм. Өөрөөр хэлбэл, тус­гай журмын дагуу манай улсаас ажиллах хүч авах зөвшөөрөл авсан Чех улсын аж ахуйн нэгж байгууллагуудад ажиллах иргэдийн визийн мэдүүлгийг Улаанбаатар хотноо суугаа ЭСЯ эхний ээлжинд хүлээн авч байх юм. Энэ оны есдүгээр сарын байдлаар Монгол Улсад суугаа БНЧУ-ын ЭСЯ 1400 орчим хөдөл­мөр эрхлэх визийн мэдүүлэг хүлээн авч шийдвэрлэсэн тухайгаа Элчин сайд Иржи Бродский мэдээлсэн.

Чехийн виз гаргаж өгнө, зуучилна гэсэн зар их байх юм. Хуурамч виз­ний хэрэг ч цагдаагийн бай­гуул­лагаар шалгагдаж байгаа гэх? 

-Энэ нь Чех улсад хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн эрэлт их байгаатай холбоотой. Энэ эрэлт, хүсэлтийг хангах боломж нь өөрөө хяз­гаарлагдмал тул визийн мэ­дүүлгийн цаг худал­дах, ажлын гэрээ төл­бөр­тэйгөөр гаргах зэрэг за­ли­лан­гийн шинж чанар­тай үйл­дэл гарч байгаа болов уу. Чех улсын хөдөл­мөрийн хуулийн дагуу тус улсын аж ахуйн нэгж бай­гууллагууд га­даад улсаас ажилчин авах үйл явц нь хөдөлмөрийн бирж дээр ил тод, нээлттэй, төлбөр хураамжгүй явагддаг зүйл. Дундын зуучлагчийн оролцоогүйгээр ажил олгогч болон ажилтан нар хоорондоо шууд холбогдон хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах бүрэн боломжтой. Гагцхүү иргэдийн мэдлэг, мэдээлэл бага байгаа болон Чех улсын визийн зарим хүндрэлүүдээс үүдэн гарсан нөхцөл байдлыг зарим хэсэг бүлэг хүн буруугаар ашиглан иргэдийг хохироох, хууран мэхэлж залилах явдал гарсан. Энд зориуд онцлон хэлэх зүйл бол өнөөдрийн байдлаар Чех улсад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөлтэй нэг ч монгол компани байхгүй гэдгийг хэлье. Хэрэв иргэд Чех улсад хөдөлмөр эрхлэхээр шийдсэн бол зөв бодит мэдээллийг холбогдох төрийн байгууллагуудаас авахыг зөвлөх байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ