АН-ын дарга С.Эрдэнийн онцлох эшлэлүүд

2018-12-05

 Т.САЙХАН

 

АН-ын Их хурал өнөөдөр /12.05/ Төрийн ордонд болж байна.  АН-ын дарга С.Эрдэнийн улс төрийн илтгэлээс онцлон хүргэж байна.

 

-Ардчиллын үйл хэрэг шинэ шатанд гарсныг АН-ын Их хурлаар зарлалаа.

 

– Ардчилсан нам бол эрх чөлөө, хүний эрх, тэгш эрхийг дээдэлсэн Үндсэн хуульт Парламентын ардчиллыг Монгол Улсад авчрах үүдийг нээж, үндсийг суулгасан тусгаар тогтнолын төлөөх улс төрийн хариуцлагатай хүчин юм.

 

-2016 оны сонгуулийн үр дүнгээс хойш Ардчилсан намын шинэчлэл эрчимтэй өрнөж байна. Шинэчлэл бол байнгын үйл явц, байнгын зүтгэл, байнгын хамтын ажиллагаа, байнгын хөдөлмөр бөгөөд урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх, үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолыг хамгаалсан хүний эрх, эрх чөлөөний бүхий л үнэт зүйлсийг баталгаажуулах амьд үйл явц юм.

 

-Ардчилсан намын удирдлага анхан шатнаас, бүх гишүүдийнхээ саналаар ил тод, нээлттэй өрсөлдөөний зарчмаар тодордог боллоо.

 

-Ардчилсан намын амин гол шинэчлэлийн нэг бол гишүүдийн оролцоотой шийдвэр гаргах, бодлогын нам байх зарчим руу эргэлт буцалтгүй орсон явдал юм. Үүний нэг тод жишээ бол 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн юм.

 

-МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн, хариуцлагатайгаар нотолсончлон “60 тэрбумын хэрэг” бодит юм бол өнөөдрийн УИХ-д сонгогдсон 64 гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн хуралд сонгогдсон МАН-ын төлөөлөгчид  бүгд хууль бус аргаар төрийн болон орон нутгийн эрхийг авсан гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна.

 

-“Нам доторх цэвэрлэгээ” хийнэ гэх У.Хүрэлсүхийн сүржин мэдэгдлээр Монгол Улс хөгжихгүй. У.Хүрэлсүх үнэхээр цэвэрлэгээ хийх гэж байгаа бол хууль бусаар сонгогдсон гэх бүх албан тушаалтнуудаа эгүүлэн татаж, дээр нь өөрөө манлайлан огцорсноор жинхэнэ цэвэрлэгээ амжилттай болно гэдгийг түүнд зориулж хэлье. 

-Товчхон хэлэхэд “ЖДҮ-чид”  ч тэр, 60 тэрбумчингууд нь ч тэр Монголын төрөөс зайлах ёстой, шударга ёс тогтоож холдох ёстой гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

 

–Өрийн асуудлаар хамгийн их улс төрждөг улс төрийн хүчин МАН өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулах хэмжээний өрийг ирээдүй хойчдоо өвлүүлж буйг бодлогогүйн гамшиг, эх оронч бус, харалган, арчаагүй үйлдэл гэхгүй юм бол юуг гамшиг гэх юм бэ.

-Ардчилсан нам энэ бүх алдаа гажуудлыг харсаар байж, мэдсээр байж, дуугүй суух эрх байхгүй.  Сөрөг хүчнийхээ хувьд иргэд сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалан бодлогын алдаа завхралтай эрс шийдмэг тэмцэх болно. 

 

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ