The National Interest: Орос, Хятадын түншлэл Зүүн хойд Азийг өөрчилнө

2018-12-05

Хятад-Оросын түншлэлийг юугаар нь ч юм бэ дээ шалихгүй хэмээн хэдэн арван жилийн турш үзсээр ирсэн. Худалдаа, арилжаа тийм ч гялалзтал хөгжсөн юмгүй, тээврийн холбоо харилцаа хязгаарлагдмал, цэргийн хамтын ажиллагаа ёс төдий, соёлын асуудлаар том ангалын хоёр талд байгаа шиг ялгаатай. Эдгээр дүгнэлт нэг бүрийн цаана бага ч гэсэн үнэний хувь байгаа, гэхдээ орос-хятадын харилцааны өсөлтийг харуулж байгаа гайхалтай үзүүлэлтийг тоохгүй орхивол алдаа болно хэмээн  The National Interest-ийн зохиогч Лайл Голдстайн (Lyle J. Goldstein) бичжээ. Түүний нийтлэлийг Д.Энхээгийн орчуулснаар хүргэж байна.

Лайл Голдстайн нь Род-Айленд мужийн Ньюпорт дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн коллежийн дэргэдэх Хятад улсын тэнгисийн судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан. Тэрээр хятад, орос хэлээр ярьдаг бөгөөд шинээр үүсэн байгуулагдсан ОХУ-ын тэнгисийн судалгааны хүрээлэнд уригдсан мэргэжилтэн аж.

 

 

Хятад-Оросын түншлэлд таагүй санаж явдаг хүмүүс эргэцүүлж бодох хэрэгтэй болжээ. Хоёр талын энэ холбоо харилцааг нэг бол юу ч биш гэж үзэж өөрөөсөө холдуулах, эсвэл санаа зовних шалтаг гэж үзэхийг хэдэн арван жилийн турш зөв зүйтэйд тооцсоор ирсэн. Үүний цаад учир шалтгаан нь: азийн аварга том хоёр гүрэн сайхан л юм үзүүлж байна, тэглээ гээд ноён нүцгэн хэвээрээ л байна. Худалдаа, арилжаа тийм ч гялалзтал хөгжсөн юмгүй, тээврийн холбоо харилцаа хязгаарлагдмал, цэргийн хамтын ажиллагаа ёс төдий, соёлын асуудлаар том ангалын хоёр талд байгаа шиг ялгаатай. Цаашилбал, хэн ч эргэж санахыг үл хүсдэг, хав дараастай ч гэсэн хоёр их гүрний аль алины сэтгэл зүйд нөлөөлсөөр, харилцааг жинхэнэ ах дүүгийн зиндаанд хүргэхэд тээг саад болж байгаа 1960-аад оны дэндүү муухай үйл явдал (1969 онд Даманы арал дээр болсон зөрчлийг өгүүлж байна) бий. Эдгээр дүгнэлт нэг бүрийн цаана бага ч гэсэн үнэний хувь байгаа, гэхдээ Орос-Хятадын харилцааны өсөлтийг харуулж байгаа гайхалтай үзүүлэлтийг тоохгүй орхивол алдаа болно.

 

Оросын Алс дорнод хийгээд Зүүн хойд хятад хоорондын холбоо харилцааг хөгжүүлэхэд гол анхаарал хандуулж, 2018 оны эхээр болж өнгөрсөн Зүүн хойд Азийн форумын хүрээнд сүүлийн үед хүрсэн ололт амжилт, цаашдын бүтээн байгуулалтын жагсаалт нийтлэгдсэн. Үндэсний ач холбогдолтой “нийгмийн шинжлэх ухааны түлхүүр төсөл” хэмээн үнэлэгдсэн Чанчун дахь Жилиний их сургуулийн хоёр хятад эрдэмтний судалгаа төрөөс санхүүжилт авсан явдал хятад улс үнэхээр их сонирхож байгааг гэрчилж байна. Судалгаа гол төлөв орос хэл дээрх эх сурвалжуудад суурилсан бөгөөд судлаачид оросын Алс дорнодыг тийм ч сайн мэдэхгүй хүмүүс. Судлаачид өргөн уудам энэ зах хязгаар нутгийн хувьд “хахир хүйтэн өвөл, хөгжиж чадаагүй дэд бүтэц, эдийн засгийн хязгаарлагдмал хөгжил, амьдарч аж төрөхөд хүнд бэрх нөхцөл, хүн амын дайжилт” зэрэг хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгааг шударгаар онцолж тэмдэглэсэн. Үүний зэрэгцээ тэд “маркетингийн түвшин хангалтгүй”, “аж үйлдвэрийн бааз уналтад орсон” зэрэг Зүүн хойд Хятадын тулгамдаж байгаа гол асуудлыг ч мөн онцолсон. Судалгаанд тэмдэглэснээр хоёр орны хувьд 2012 он эргэлтийн жил жил болжээ. ОХУ-д Путин Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын зохион байгуулагчаар Владивосток хотыг нэрлэн дэлхий даяар зарлан сурталчилж, Алс дорнодыг Европ болон Ази-Номхон далайн бүс нутгийн хооронд хийх худалдаа арилжааны үүд хаалга хэмээн магтаж өгсөн. Үүний хамт Хятадын шинэтгэлийн асуудал эрхэлсэн үндэсний хороо 12 дугаар таван жилийн хүрээнд нойронд дарагдсан хязгаар нутгийг сэрээхээр “Зүүн хойд зүг рүү идэвхтэй хөдлөх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

 

Энэ бүгдийн дараа хоёр бүс нутаг руу хөрөнгө оруулалт цутган орж эхэлсэн. Бүхэлд нь авч үзвэл Зүүн хойд Хятад болон Алс дорнодын хооронд худалдааны хэд хэдэн уулзвар хонгилыг нээхэд чиглэсэн арга хэмжээ бүс нутгийг эрс шийдвэртэйгээр өөрчлөх болно. Бүтээн байгуулалт нь дуусах дөхөж байгаа стратегийн хоёр гүүрээс эхлэе. Хятадын Тунзяан хот, оросын Нижнеленинск тосгоны (Хабаровскийн ойролцоох) хооронд 2215 м урт гүүр хоёр бүс нутгийн төмөр замын сүлжээг анх удаа холбоно. Энэ алхам Хятадтай тогтоосон Алс дорнодын холбоо харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ нэгэн цагт Транссибирийн төмөр замыг орлох зорилгоор бүтээн байгуулсан Байгал-Амарын төмөр замын (БАМ) хөгжилд эрч хүч нэмнэ. Судалгаанд дурдсан баримтаар эдгээр хоёр магистрал замыг төгөлдөршүүлэх ажил 2013 оноос эхлэн хэрэгжиж байна. Эдгээр замаар Чанчун зэрэг хотоос зөөх ачаа Европт ердөө хоёрхон долоо хоногийн дотор хүрнэ. Шеньян-Манжуур-Европ гэсэн чиглэлийг оролцуулан “олон чиг үүрэг бүхий чиглэлүүдийг” өгүүлэлд нуулгүй бахдан дурджээ. Өгүүлэлд дурдсан баримтаар зөвхөн энэ замаар сүүлийн хоёр жилд арван мянга гаруй чингэлэг зөөвөрлөжээ. Тун удахгүй баригдаж дуусах өөр нэгэн чухал холбоос бол хятадын Хэйхэ, Оросын Благовещенскийн хоорондох энэ гүүр хоёр орныг холбосон анхны хурдан зам  болох бөгөөд хоёр талын худалдаа, арилжаанд ашиг тустай байх болно хэмээн найдаж хүлээж байна.

 

Бүс нутаг хоорондын бусад хэд хэдэн чухал торгоны зам төлөвлөлтийн янз бүрийн шатанд байгаагийн нэг жишээ нь Хятад-Монгол-Орос гэсэн олон улсын тээврийн хонгил юм. 2016 онд энэ замаар Хятадын Тянжинээс Байгал нуурын ойролцоох Оросын Улаан-Үд хот хүртэл ачаа тээврийн цуваа явсан. 2017 оны есдүгээр сард Монголын Ерөнхийлөгч таван мянган километр төмөр замыг ОХУ, Хятад улстай хамтарч бүтээн байгуулах төлөвлөгөөг сайшааж дэмжсэн. Гэсэн хэдий ч хэлэлцэж байгаа бүх төслөөс илүү ач холбогдолтой нь “Приморье-1”, “Приморье-2” хэмээн нэрлэгдсэн хоёр хонгил болж байна. Эдгээр хонгил Зүүн хойд Хятадын янз бүрийн хэсгээс Алс дорнодын худалдааны зангилаа болсон Владивосток руу очих шууд замыг хангах хүлээлт бий. Олон улстай худалдаа, арилжааны холбоо харилцаагаа хөгжүүлэхийн тулд далайд гарцгүй Жилин, Хэйлунжин мужууд эдгээр шугамыг ашиглах боломжтой болно. Хятадын аналитикуудын онцолж байгаагаар ОХУ-ын хувьд эдгээр төсөл “стратегийн асар их ач холбогдолтой” байх ажээ. “Приморье-1” шугам Хэйлунжин мужийн төв Харбинээс эхэлж, зүүн хойд зүг рүү Дорнод Хятадын түүхэн төмөр замаар Муданжин, Суйфыньхэг дайран Уссурийскээр дамжин Владивостокт хойд талаас нь хүрч очно. “Приморье-2” нь Жилин мужийн төв Чанчунаас эхэлж, Жилин, Хуньчун хотуудаар дайран хилийн дамжин өнгөрөх Краскино хүрч, улмаар Амарын булангийн нөгөө эрэгт (Зарубино боомт Их Петрийн булангийн нэг хэсэг болох Посьета буланд байрладаг) Владивостокоос зүүн өмнө зүгт 80 км-ийн зайд орших Зарубино боомтод дуусна. Хоёр хонгилын араас дэд бүтэц, авто болон төмөр замын сүлжээ, усан боомт, нисэх онгоцны буудал, хилийн дамжин өнгөрөх цэгүүд, холбоо харилцаа зэргийг өргөн хүрээнд төгөлдөршүүлэх ажил өрнүүлж, мөн хил нэвтрэх горимыг хялбаршуулж, гаалийн татварыг бууруулна хэмээн хятадын судалгаа-анализ урьдчилан харж байна. Энэ бүс нутагт харьцангуй ойрмогхон (2017 оны арванхоёрдугаар сард) очиж боломж надад олдсон бөгөөд эдгээр төлөвлөгөө төлөвлөсөн хугацаандаа биелэх бүрэн боломжтой юм байна гэдгийг би гэрчилж чадна. Дээр дурдсан хятадын шинжилгээнд Алс дорнод хийгээд Зүүн хойд хятад хоорондын холбоо харилцааг бэхжүүлэх худалдаа, арилжааны өөр нэгэн хонгилыг тэмдэглэсэн нь өнөөх Хойд мөсөн далайн зам юм. Тэдний өгүүлэлд энэ замыг “Туйлын торгоны замын” хэсэг хэмээн дурджээ. 2017 оны наймдугаар сард дэлхийн түүхэнд эргэлт авчирсан мөч болох шингэрүүлсэн байгалийн хий (ШБХ) ачсан хөлөг онгоц (танкер) Берингийн хоолойгоор анх удаа өнгөрч гарсныг бид гарцаагүй ажигласан. Орос-Хятадын харилцаанд Хойд мөсөн далайн замын гүйцэтгэх үүрэг бол тусад нь авч үзэх сэдэв юм. Энд бид хятадын судалгааны эшлэлд л баригдаж байна шүү дээ. Энэ чиглэлд харин таарч тохирох зогсоол барьж байгуулах, бүх замын турш холбооны найдвартай систем зэргийг тохижуулж бий болгох шаардлагатай юм байна. Гэсэн хэдий ч Хойд мөсөн далайн зам ойрын жилүүдэд Алс дорнод хийгээд Зүүн хойд хятад хоорондын хамтын ажиллагааны чухал түшиг тулгуур болно гэдэгт огт эргэлзэх юмгүй.

 

Эрчим хүч бол урьдын адил Орос, Хятадыг холбож нэгтгэх гол хүчин зүйл байсан, цаашдаа ч байх болно гэдгийг Берингийн хоолойгоор танкер явж өнгөрсөн явдал харуулав. Шингэрүүлсэн байгалийн хийг танкер Арктикийн оросын хэсэг дэх шинэ асар том Ямалын орд газраас хүргэсэн. Гэхдээ оросын хий Хятад руу ган хоолойгоор бас урсана. Хий дамжуулах “Сибирийн хүч” хоолойн барилга байгууламж 2019 онд дуусна; түүгээр Хятадын зүүн хойд талын гурван муж руу хий дамжуулна. Үүнээс гадна энэ хоолой Өвөр Монгол, Хэбэй, Тянжин, Жяньсу, Шанхайг эрчим хүчээр хангана. Хятадын өгүүлэлд орос, хятадын инженерүүд хий дамжулах Хэйхэ-Благовещенскийн хэсэг дээр бүр 2015 оны зургадугаар сараас эхэлж ажилласныг тэмдэглэжээ. Хятадын зүүн хойд хэсэг байгалийн хий ашигладаг болох нь экологийн үүднээс ашигтай: одоо бол цахилгаан эрчим хүчийг бохир нүүрс шатааж гаргаж авдаг. Үүнээс гадна хятадын хөрөнгө оросын Алс дорнод дахь эрчим хүчний дэд бүтцийн бүтээн байгуулалтад, тухайлбал, 2017 онд барилга байгууламжийн ажил нь эхэлсэн Амарын (Свободный хотын) хий боловсруулах заводод гол үүрэг гүйцэтгэсэн. Азийн аварга том улс орнууд 2011 онд ашиглалтад оруулсан анхны хий дамжуулах хоолой дээр нэмж бас дахин нэг хоолой барьж нефтийн экспортыг нэмэгдүүлсэн. Сүүлийн жилүүдэд Хятад руу хамгийн том нефть нийлүүлэгч нь Орос улс байсанд гайхах явдалгүй.

 

Гэхдээ хоёр талын харилцаа зөвхөн эрчим хүчийг тойрч эргэлдээгүй. Орос улс “хүнсний агуу том гүрэн” хэмээх нэр алдраа эргүүлж олж авах боломжтой, үүнд нь нэг талаас Крымтэй холбогдуулж тавьсан хоригууд, нөгөө талаас Америк-Хятадын худалдааны дайн тус нэмэр болж байгаа тухай олон хүн сүүлийн жилүүдэд онцлон тэмдэглэж байна. Үнэхээр ч Хятад руу оросын хүнсний бүтээгдэхүүний экспорт байнга өсөн нэмэгдэж байгаа тухай хятадын судалгаанд тэмдэглэжээ. Үүнээс гадна инновацийн схемийн тусламжтайгаар, тухайлбал, хятадын хилийн Дуннин хотын фермерүүд оросын газар нутгаас хоёр зуу гаруй га-г аль хэдийн түрээсэлсэн шигээр, хүнсний аж үйлдвэрийн өсөлт бий болж чадна. Ийм хэлцэл тохиролцоонд визийн уян хатан дэглэм ч тус дөхөм үзүүлж байна. Уссурийскийн ойролцоо (Владивостокоос хойш) хятадын пүүс арван мянган толгой сүүний үүлдрийн сүрэгтэй болохоор найдаж, сүүний фермүүдэд 300 сая долларын хөрөнгө оруулалт аль хэдийн хийгээд байна. Алс дорнодын боомтуудтай хятадын дотоодын мужуудыг холбох дээр авч үзсэн “Приморье-1”, “Приморье-2” хонгилууд жил бүр 45 сая тонны хүчин чадалд хүрч болохыг хятадын судалгаа-аналтиз харуулж байна. Энэхүү хүчин чадлын тэн хагас орчмыг улаан буудай, буурцагт болон шошийн төрлийн ургамал зэрэг үр тариа бүрдүүлэх юм байна. Хилийн худалдаанд бараа бүтээгдэхүүний үнэ тийм ч чухал ач холбогдолтой биш аж. Тухайлбал, АНУ-ын худалдааны томоохон түншийн нэг нь Канад улс билээ. Хятад-Оросын худалдааны холбоо харилцаа үндсэндээ бүх салбарт асар их нөөцтэй.

 

Дээр дурдсан төлөвлөгөөнүүдээс болж АНУ санаа зовних ёстой юу? Үгүй ээ. Тэгэхдээ Орос-Хятадын цэргийн хамтын ажиллагааны идэвхтэй хөгжлийг бүрмөсөн хасч болохгүй, хоёр талын харилцааг бүрэн хэмжээгээр цэрэг дайны болгох шинж тэмдэг харьцангуй бага байна. Москва, Бээжингийн хувьд энэ цаг мөчид тэргүүлэх чиглэл нь эдийн засгийн хөгжил болж байна. Хятад-Оросын аюул заналын тухай байнга үглэж ярьснаараа харин ч Орос, Хятадын түншүүдээ цэргийн хамтын ажиллагааг илүү дэлгэрүүлж авч үзэх хувилбар луу өөрсдөө түлхэж мэдэх юм. Орос-Хятадын харилцааны дулаарлыг байгаагаар нь болгоомжтой хүлээн авч, өөрийгөө “тайтгаруулах” ямар нэг зүйл эрж хайх нь илүү оновчтой байх биз ээ. Оросын эрчим хүчний нийлүүлэлтэд итгэлтэй болох Хятад улс “Малаккын сонголтын асуудал (дилемма)”-д (Малаккийн хоолойгоор дамжуулан нийлүүлэх эрчим хүчний нийлүүлэлтээс азийн зарим эдийн засаг хамаарах асуудал, энэ нэр томьёог хятадын өмнөх лидер Ху Жин Тао гаргасан) бага санаа зовж, улмаар Энэтхэгийн далай дахь цэргийн зөрчилд бага анхаарах болно. Үүнтэй нэг адил, илүү тайван, өөрийн хүчин чадалд бат итгэлтэй Орос улс Японтой харилцах харилцаагаа илүү оновчтой, ухаалаг болгох байх. Эцэст нь, хамгийн чухал нь: хэрвээ олон улсын худалдаа арилжааны идэвхжлийн ачаар Зүүн хойд Азийн эдгээр “саарал” бүс нутаг жинхэнэ ёсоор “цэцэглэн хөгжих” аваас ажил хэргийн эдгээр үзэл санаа бус нутгийн бусад улс орны, ялангуяа тэдний ойрын хөрш Хойд Солонгосын сэтгэлгээг орвонгоор нь өөрчилж ч болох юм. Тэгвэл үйл явдлын ийм өрнөл Зүүн хойд Азийн харилцааны тогтолцооны талаарх Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Иний шинэ геоэдийн засгийн чиг хандлагатай маш сайхан уялдаж болох юм.

 

Америкийн стратегичид 1970-аад оны эхээр Киссинжерийн явуулсан зальтай дипломат бодлогоос эхлэн Азийн аварга том хоёр гүрнийг хооронд нь яс хаяж муудалцуулахыг боломжийнхоо хэрээр хичээсээр ирсэн. Гэсэн хэдий ч “Ерөнхийлөгч Трамп “Хятадыг барьж зогсоохын тулд Оростой холбогдох” аль эсвэл эсрэгээр “Оросын эсрэг үйл хийхийн тулд Хятадтай ойртох” бодолтой эсэх нь ерөөсөө огт чухал биш, Хятад-Оросын харилцаанд яагаад ч нөлөөлөхгүй” гэсэн хятадын гярхай нэгэн ажиглагчийн тун саяхны тайлбарт хоёр орон анхаарлаа хандуулах хэрэгтэй байж болох юм. Геополитикийн хүүхдийн тоглоом тоглохын оронд Бээжин, Москва хоёр худалдаа, арилжааг эрчимжүүлж, дэд бүтэц бүтээн байгуулж, урьд өмнө нь удаан хугацааны турш анхаарч байгаагүй бүс нутгуудад амьдралын төвшинг дээшлүүлж байна.

 

Эх сурвалж: polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ