Их 20-ийн уулзалт дээр Путин дэлхийн эмзэг цэгүүдийг тоочив

2018-12-03

Д.ЭНХЭЭ

Баасан гарагт эхэлсэн Их 20-ийн уулзалтад оролцохоор Буэнос-Айрэст адал явдалгүй ирсэн цөөхөн лидерийн нэг нь бараг Владимир Путин байлаа. Эммануэль Макроныг онгоцны буудалд шар хантаазтай цэвэрлэгчээс өөр хүн тосоогүй нь Парижийн эсэргүүцэгчдийн жагсаалын суурь дэвсгэр дээр урьдаас бэлтгэж сургууль хийсэн доромжлол шиг ойлгогдов. Онгоц нь эвдэрч, буцаж газардахаасаа өмнө далайд 120 тонн керосинээ юүлэн байж Кельнд эргэж ирсэн Ангела Меркель азаар эсэн мэнд үлджээ. Дональд Трамп Аргентинд Путинтэй хийхээр товлосон уулзалтаа сайн цаг ирэх хүртэл хойшлуулснаа онгоцны бүхээгээс гэв гэнэт жиргэв.

 

-Буруу зөвийг би үнэлэх биш, сурсан арга барилаараа Трампын бичсэн твитээс л энэ мэдээг би олж үзсэн хэмээн аль эрт зөвшилцөн тохирч нийтэд мэдэгдсэн уулзалтыг өөрчлөгдсөн талаар Сергей Лавров тайлбарлав. Тэрээр мөн олон улсын хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлж болохуйц энэ алхам ингээд хүчээр бүтэхээ больж байгаад би эргэлзэж байна. Хэрвээ энэ нөхцөлд АНУ-ын Ерөнхийлөгчид ОХУ-ын Ерөнхийлөгчтэй харилцаагаа хэвийн хөгжүүлэхэд нь Украин мэтийн русофобууд (Орос улсад дайсагнагчид), тэдгээрийн ивээн тэтгэгчдийн зүгээс үзүүлж байгаа дарамт шахалт саад тотгор болж байгаа бол магадгүй дахиж шинэ тохиолдол гарахыг л бид хүлээх болж байна гэв.

Владимир Путин харин АНУ-ын баримталж байгаа бодлого, дэлхий дахины нөхцөл байдлын талаар бодож санаж яваа бүхнээ хэлэхийн тулд шинэ тохиолдлыг хүлээсэнгүй. Их 20-ийн уулзалтын албан ёсны нээлт эхлэхийн өмнөхөн болж өнгөрсөн БРИКС-ийн лидерүүдийн уулзалт дээр тэрээр бүгдийг нэгмөсөн илтгэж орхив.

 

-Улс хоорондын шударга, эрх тэгш яриа хэлцээг шударга бус өрсөлдөөн болгож байгааг харахгүй байж болохгүй. Нэг талын хууль бус хориг тогтоодог, НҮБ-ын Дүрэм, Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм, бусад нийтээр хүлээн зөвшөөрсөн эрхийн хэм хэмжээнээс гадуур протекционист арга хэмжээ авдаг буруу жишиг дэлгэрч тогтох гэж байна. Энэ бүхэн олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны уур амьсгалд маш сөрөг муу нөлөө үзүүлж, ажил хэргийн холбоогоо эргэн харж багасгах, эдийн засгийн харилцаанд оролцогчдын итгэл алдрах, улмаар дэлхийн эдийн засгийн эд эсийг таслахад хүргэж байна хэмээн Путин хэлсэн үгэндээ мэдэгдэв.

 

АМЕРИК ТҮНШҮҮДЭД ХАНДАЖ БҮХ ЧИГЛЭЛЭЭР БОДЛОО ИЛЭРХИЙЛЭВ

 

-Путин яриагаа Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойронд хурцадмал байдлын шинэ тойрог бий болгохгүйн тулд Бүхнийг хамарсан хамтын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэвээр хадгалахад боломжтой бүгдийг хийх хэрэгтэй байна хэмээн эхлэв. Тэрээр цааш нь “Зэвсэг хураах, дэлгэрүүлэхгүй байх салбарын ажил хэргийн төлөв байдал түгшүүр төрүүлэхгүй байж чадахгүй байна. Ойрын болон дундын зайн тусгалтай пуужингийн тухай Гэрээгээр хүлээсэн үүрэг амлалтаасаа АНУ татгалзаж болзошгүй байдал, Стратегийн давшилтын зэвсэглэлийн тухай Гэрээний асуудлаар баримталж байгаа байр суурийн тодорхойгүй байдал зэрэг нь зэвсэглэлээр хяналтгүй хөөцөлдөх эрсдлийг бий болгож байна” хэмээн үргэлжлүүлэв.

 

ӨӨР НЭГЭН ЭМЗЭГ ЦЭГ БОЛОХ СОЛОНГОСЫН ЗЭВСЭГ ХУРААХ АСУУДЛААР САНАЛАА ХЭЛЭВ

 

-Солонгосын хойгийн нөхцөл байдлыг зохицуулахад ахиц гарах төлөв бий болсон нь сайн хэрэг, гэхдээ Пхеньянаас нэг талыг барьсан буулт хийхийг тулган шаардах нь хүрсэн тохиролцоог тасалдуулахад хүргэж болзошгүй юм. Тийм учраас зэвсэг хураах талаар БНАСАУ-ын алхмын хариуд энэ улс оронд тавьсан хоригийн дэглэмийг аажмаар сулруулах явдал чухал хэмээн Путин онцлов.

Их 20-ийн уулзалт дээр Путин Трамптай мэндэлсэнгүй Фото: REUTERS

 

СИРИЙН ТУХАЙ ЯРИХГҮЙГЭЭР ЭНЭ ӨДӨР ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ БАЙСАН БИЗ

 

-Сирид Засгийн газрын хүчний эсрэг босогчдын дайчид зэвсэгт халдлага үйлдсээр байна, арваннэгдүгээр сарын 24-нд Алеппо хотын баруун дүүргийн оршин суугчдын эсрэг хлор байж магадгүй химийн хордуулагч бодис хэрэглэн дайрч гал зогсоох дэглэмийг жигшүүртэйгээр зөрчлөө. Террористуудын иймэрхүү гэмт хэргийг шийтгэлгүйгээр үлдээж болохгүй, учир нь ийм үйлдлийг тэд дахин давтсаар байх болно. Террорист бүлэглэлүүдийн хувьд хоёрдмол стандарт, эсвэл аливаа ямар нэг эвлэрэл, тэр тусмаа зэрлэг балмад үйлдлийг нь геополитикийн зорилгоор ашиглах явдал огт байж болохгүй, террористуудтай хийх аливаа тоглоом тэднийг шинэ цуст хорлол үйлдэхэд нь өдөөж байна хэмээн Оросын Ерөнхийлөгч мэдэгдэв.

Хэсэгчилсэн уулзалт хийж өглөөг өнгөрөөсөн Дональд Трампад хоёр хоногийн уулзалтын өмнө бодож санах зүйл олон байсан.

 

G20 – ЫН УУЛЗАЛТ ДЭЭР ПУТИН ТРАМПТАЙ МЭНДЭЛСЭНГҮЙ

 

Аргентинд Владимир Путин, Дональд Трамп нар хүйтэрч муудсан харилцааны суурь дээр анх удаа өөр хоорондоо гар барьж мэндэлсэнгүй. Урьд өмнө нь өөрсдөд нь төвөг саад болдоггүй байсан хэдий ч Их хорийн уулзалтад оролцогчид зураг авахуулах албан ёсны ёслол дээр ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нар хоорондоо хол зайтай зогсоцгоов. Энэ удаа лидерүүдийн хэн нь ч бие биеийн өөдөөс нэг ч алхам хийсэнгүй.

Эх сурвалж: polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ