Меркельгүйгээр Герман улс ямар байх бол?

2018-11-30

Ангела Меркель Фото: Francois Lenoir/Reuters

 

Д.ЭНХЭЭ

Ангела Меркелийг хэн залгамжлах бол хэмээх асуултад Герман улс, Европ, дэлхий даяараа тун удахгүй арванхоёрдугаар сарын 8-нд хариулж чадах нь. Германы “төмөр хатагтай” ойрын ирээдүйд Христийн ардчилсан холбоо (ХАХ) намын даргын албыг, дараа нь ХБНГУ- ын канцлерийн албан тушаалыг үлдээж, улс төрийн тавцанг орхино гэдгээ мэдэгдсэн явдал олон нийтийн дунд шуугиан маргаан дэгдээсэн. Немцүүд эмгэнэж гашуудах уу, аль эсвэл эсрэгээрээ Германы түүхэнд шинэ хуудас нээхийн төлөө шилэн аягатай шар айргаа өргөх хэрэгтэй юү, хамгийн гол нь Европт ямар нэг зүйл өөрчлөгдөх болов уу? Энэ тухай Кристина Акоповагийн бичсэн “Лента.ру”-гийн материал өгүүлнэ.

 

Юм бүхэнд хязгаар бий

“2021 онд би канцлерийн албан тушаал, мөн бундестагийн суудалд нэр дэвшихгүй” эдгээр үг ХБНГУ-ын канцлерийн алдаа, улс төрийн ээлжит бүтэлгүйтлийг зүй ёсоор дуусгавар болгожээ. “Колийн охин” (чухамхүү холбооны канцлер асан Гельмут Колийн ачаар Меркель улс төрийн карьерээ эхэлсэн)-ыг немцүүд маргахын аргагүй хайрлацгаасан. Гэхдээ юу ч мөнх оршдоггүйн жамаар фрау Меркелийн эрин ч мөн онцгойрсонгүй.

2015 онд эхэлсэн дүрвэгсдэд “хаалга нээх бодлого”-ыг түүний гол алдаа хэмээн нэрлэж байна. Тэр цагаас хойш янз бүрийн баримтаар Германд хоёр сая орчим дүрвэгч орж иржээ. Өнгөрсөн оны сүүлчээр дүрвэгсдийн хямралд тавих хяналтаа алдсанаар гэмт хэрэг урьд хожид байгаагүйгээр өсөхөд хүрснийг канцлер хүлээн зөвшөөрөв. Үр дүн нь түүхэнд хүлээц тэвчээртэй гэгддэг немцүүд дэлхий дахины өмнө буруугаа засч залруулах, Гуравдугаар рейхийн лидерийн үзлийг өнөөгийн үеийнхэн хуваалцахгүй, улс төрийн үзэл бодлоо өөрчилж байна гэдгээ нотлон харуулахыг хичээж байна.

Гишүүдийг нь  муугаар нэрлэдэг “Германы төлөө Альтернатив” нам тийм ч муу хувилбар биш бололтой. Меркель аль болохуйц сайн байлгахыг хүссэн, гэхдээ хүчээ буруу тооцсон. Одоо хүчийг түүнгүйгээр тооцоолох болно.

 

Сонгуулиуд туйлдуулав

Холбооны сонгуульд уламжлалт ХАХ/ХНХ (Христийн нийгмийн холбоо)-ийн эвсэл сонгогчдын 34 хувийн буюу өмнөх дөрвөн жилийн амжилтаасаа есөн хувиар бага санал авсан өнгөрсөн оны есдүгээр сард жижигхэн хонх жингэнэсэн. “Эвслийн” үнэнч түнш болох Германы социал демократ нам (ГСДН) дайнаас хойшхи хугацааны хамгийн муу дүн, сонгогчдын 21 хүрэхгүй хувийн санал авсныг ч санахгүй байхын аргагүй.

Саван дахь дарь арай ч бүрмөсөн дуусчихаагүй гэдгээ ард түмэндээ харуулж нотлохын (өөртөө ч бас нотлох) тулд Меркель “Ямайка” (далбааны өнгөөр: ХАХ/ХНХ-хар, ЧөАН (Чөлөөт ардчилсан нам)-шар, “Ногоонууд”-ногоон) хэмээх эрх барих шинэ эвсэл байгуулах улс төрийн яггүй алхам хийхээр шийдэв. Удаан хугацааны хэлэлцээр, маргаан хүссэн үр дүнд хүргэсэнгүй. Бүтэлгүйтэл. Гэсэн ч Ангела уламжлалт түншүүд болох Шульц тэргүүтэй ГСДН руу тэргүүнээ бардам дээш өргөсөөр хандсан. Урьдчилсан хэлэлцээрүүд амжилттай болж “их эвсэл” дахин нэгдэв. Меркель хөлөг онгоцны жолооны дэргэд тогтож үлдсэн бөгөөд Шульцыг харин хэн ч дахиж хараагүй… Der Spiegel-д бичсэнээр энэхүү “хуурамч гэр бүл” тийм ч удаан хамт амьдрахгүй, яг нарийндаа дахин хоёр жил ХАХ/ХНХ-ныхонтой хамтран ажиллах хэрэг байна уу даа гэх асуудал социал-демократуудын өмнө босч ирэх 2019 оны эцэс хүртэл л тэсэх ажээ.

Өнөөх жижигхэн хонх өдрөөс өдөрт өсч томорсоор том гэгчийн харанга болж Бавар, Гессений бүсийн парламентын сонгуулиар хүчтэй чанга хангинав. Холбооны өмнөд газар нутагт ХНХ (ХАХ-ны “дүү” нам) 1954 оноос хойшхи хамгийн муу үр дүн (37 хувийн санал) үзүүлж, 10 хувийн санал авч дөнгөж тавдугаарт орсон уламжлалт түнш-ГСДН – тай хамт ландтагад (орон нутгийн парламент) үнэмлэхүй олонхийн суудлаа алдан байж арайхийн ялалт байгуулав. Гессенд ч нөхцөл байдал иймэрхүү болов. ХАХ тэргүүн байранд үлдсэн ч сонгогчдын 11,3 хувийг алдсан тааруухан үр дүн харуулав. Бас дахиад л бүтэлгүйтэл.

 

Дараагийнх нь хэн бэ?

Олон хүн Меркелийг явна хэмээн таамаглаж байсан болохоор түүний мэдэгдэл тийм ч их шуугиан тарьсангүй. Бүр 2017 оны зун тэрээр канцлерийн албан тушаалд дөрвөн бүрэн эрхийн хугацааг хаших гэж байгаа нь сүүлчийнх хэмээн ярьж байсан. Харин одоо явах гэж байгаа тухай албан ёсны тов тодорхой мэдэгдлийн дараа ХАХ-ны тэргүүн, канцлерийн албан тушаал хоёр салшгүй холбоотой, ийм байх нь бодлого хэрэгжүүлэх, улмаар улс орныг удирдан жолоодоход хялбар дөхөм байх болно гэсэн фрау Меркелийн үгийг шинжээчид шууд сануулах болов.

Үүний хамт Берлинд хийсэн хэвлэлийн хурал дээр Ангела бүрэн эрхийн хугацаа дуусахаас нааш канцлерийн албан тушаалыг орхих бодолгүй байна гэдгээ онцолж тэмдэглэсэн. Тэгэхээр Меркель 2021 он хүртэл бидэнтэй хамт байх нь. Гэтэл бас учир шалтгаан байнаа. Түүний байнгын холбоотон (ГСДН) 2019 онд эвслээс гарах магадлал өндөр байгаа бөгөөд германы “төмөр хатагтай” намын гүнзгий хямралыг харгалзан бас дахиад л түнш хайх, цөөнхөөр засаглах, эсвэл хугацаанаас өмнө сонгууль явуулах шаардлагатай тулгарна. Сүүлийн хувилбар Ангелад яагаад ч таалагдахгүй.

Түүний гол хамтран зүтгэгч, аль эсвэл магадгүй, өрсөлдөгч нь Гамбургэд арванхоёрдугаар сард болох хурлаар намын нөхөд нь сонгох христийн ардчилагчдын шинэ тэргүүн байх болно. Тэр “азтан” ХБНГУ-ын дараагийн канцлер болох магадлал маш өндөр. ХАХ-ны даргын албан тушаалд нэр дэвшигчдийн сонгуулийн өмнөх бага хурлууд аль хэдийн эхэлсэн. Энэ албан тушаалын төлөөх тэмцэл ХАХ намын ерөнхий нарийн бичгийн дарга Аннегрет Крамп-Карренбауэр, эрүүл мэндийн сайд Йенс Шпан, Бундестаг дахь ХАХ/ХНХ жигүүрийн (фракцын) тэргүүн асан Фридрих Мерц нарын гурван улстөрчийн дунд өрнөнө. Нэг дэх болон гурав дахь нэр дэвшигчид онцгой анхаарал татаж байгаа, учир нь урьдчилсан санал асуулгаар Шпан ойролцоогоор 8 хувийн санал авах төлөвтэй, харин үлдсэн 92 хувийг нөгөө хоёр хэрхэн хуваах вэ гэдгийг таах л үлдэж байна.

 

АКК-д тавьсан найдлага

Меркель одоохондоо хэн нэгэн нэр дэвшигчийг онцолж дэмжих талаар юм хэлээгүй боловч германы хэвлэлийнхэн “АКК” хэмээн цоллосон Аннегрет Крамп-Карренбауэр хэмээх эмэгтэйг хувьдаа таашааж байгаа бололтой. Хэлж дуудахад амаргүй урт нэртэй эмэгтэй ХАХ намын даргад сонгогдох магадлал хамгаас өндөр хэмээн нэрлэж байна.

2018 оны эхээр чухамхүү Меркелийн саналаар АКК төрсөн нутаг Саартаа ерөнхий сайдын албан тушаалыг орхиж, намын ажлын төлөө Берлинийг зорьж, ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд очсон билээ. Сүүлийн үед тэрээр “их эвслийг” шүүмжилж байсан хэдий ч шинжээчдийн үзэж байгаагаар энэ шүүмжлэл дэндүү сулхан байжээ. ХАХ аль эрт өөрийн өнгө төрхөө алдсан: арван жилийн өмнө христийн ардчилагчид “гурав дахь хүйс” болон ижил хүйстний гэрлэлтийг сайшаана гэдгийг төсөөлөхийн аргагүй байсан.

Аннегрет Крамп-Карренбауэр
Фото: Michael Sohn / AP

 

АКК консерватор үзэлтэйн хувьд эсрэг санал хэлж байсан: улстөрчийн хэлснээр “сонгодог гэрлэлт болон түншүүд хүүхдүүдтэйгээ хамт нэг дор амьдрах бусад хэлбэрийн хооронд маш тодорхой зааг ялгаа байх ёстой” ажээ. ХАХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга мөн үр хөндөлтөд илүү хатуу байр суурь баримтлахын зэрэгцээ үр хөндөх сурталчилгааг эсэргүүцдэг. Меркель, өөрийнх нь хэлснээр дотоод итгэл үнэмшилтэй нь зөрчилдөж байсан хэдий ч уламжлалт бус гэрлэлтийн шийдвэрийг дэмжсэн. Тэгээд ч Ангела “дотоод итгэл үнэмшилтэй нь зөрчилдсөн ч” Аннегретыг ХАХ-ны, дараа нь Герман улсын баримталж буй чиг шугамыг цаашид үргэлжлүүлж чадна хэмээн найдлага тавьжээ.

Намын ерөнхий нарийн бичгийн даргад түүний нэрийг дэвшүүлэхдээ Меркель ХАХ-нд хэрэгтэй шинэчлэлийн хуурамч орон зай бүрдүүлжээ. Гэхдээ канцлертай үзэл бодол ойролцоо байх нь АКК-д шоглоом болж үлдэх вий: намын гишүүд, жирийн немцүүд өөрийнхөө лидерээр ХБНГУ-ын өнөөгийн “төмөр хатагтай”-н хуулбар, “Меркель-2”-ыг харахыг хүсэх болов уу даа.

 

Залуучуудад зам тавьж өгөх

Христийн ардчилагчдын хоёр дахь хувилбар нь ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд Йенс Шпан. Намын нөхдийн дунд түүнийг эсрэгээр, канцлерийг шүүмжлэгч (оппонент) хэмээн үздэг бөгөөд тэр бол зөөлөн хэлэхэд этгээд санал бодлоороо олонд танигдсан нэгэн.

Тухайлбал, өөрийн эрхтнийг шилжүүлэн суулгахыг шууд эсэргүүцээгүй Германы иргэн нэг бүр амьсгаа хураасныхаа дараа бүрэн донор болох тухай хууль гаргах саналыг саяхан Шпан дэвшүүлсэн. Энэ санал шүүмжлэлийн давалгаа өрнүүлсөн бөгөөд католик сүм хийд ч энэ шүүмжлэлийг дэмжжээ. Гей гэдгээ зарласан Йенс бол дүрвэгсдийг улайран эсэргүүцэгч. Тэрээр өөрийгөө “буркофоб” хэмээн нэрлэдэг, өөрөөр хэлбэл нүүрээ бүтээдэг паранжаг хориглохыг дэмждэг гэсэн үг.

Меркелийн дүрвэгсдийн бодлогыг тэр улаан галзуу шүүмжилсэн бөгөөд канцлер жинхэнэ эвтэйхэн тактик хэрэглэж, түүнд өөрийнхөө дөрөв дэх танхимд сайдын албан тушаал санал болгосон. Меркелийн Засгийн газрыг шүүмжлэх нь өөрийнхөө хаалганд гоол оруулсантай адил тул Шпан ХБНГУ-ын лидерт хаягласан шүүмжлэлээ тэгсгээд намжаасан. Одоо харин залуу улстөрчийн сэтгэл сэргэж, удахгүй болох сонгуульд азаа үзэхээр шийджээ. Идэр залуудаа тэрээр Герман-Америкийн хамтын ажиллагааны шугамаар залуу лидерүүдийг бэлтгэх хөтөлбөрт оролцож байсан, тэгэхээр хэрвээ тэр ХАХ намын дарга, дараа нь канцлер болох аваас АНУ-тай ойртохыг нь хүлээж болно. Дүрвэгсдийн эсрэг хана босгодог “Германы Трамп” ХБНГУ-д хэрэгтэй юү? Баримт биш л дээ. Гэхдээ хэрвээ Шпан намын эрх мэдэлд очвол канцлерийн албан тушаал дахь Меркелийн хоногийн тоо дуусна гэдэг нь ойлгомжтой.

Йенс Шпан
Фото: Markus Schreiber / AP

 

“ОХУ-ын анд нөхөр” байж болох, Хойд Рейн-Вестфал холбооны мужийн ерөнхий сайд Армин Лашет ХАХ намын даргын албан тушаалд нэрээ дэвшүүлэхээс татгалзав. Канцлерийн албан тушаалын төлөөх тэмцэлд идэвхтэй оролцох бүрэн боломж түүнд бий. Бүр 2000-аад онд ОХУ-д болж байсан олон арга хэмжээ, форумд Лашет идэвхтэй оролцож явсан болохоор Москватай эвлэрэх тийшээ тэр явж чадах байсан. Гэсэн хэдий ч чухамхүү христийн ардчилагчдын дарга л канцлер болох магадлал өндөр болохыг харгалзан ХБНГУ-ын лидер болох боломж түүнд бага юм.

 

Хувийн тооцоонууд

 

Явах тухай Меркелийн мэдэгдлийн дараа Бундестаг дахь ХАХ/ХНХ фракццын тэргүүн асан, “саарал кардинал” Фридрих Мерц тэмцэлд оролцох болов. Улс төрийн тавцан дээр одоогоор нам жим Мерцийг хоёр мянгаад оны эхээр Ангела Меркелээс дутахааргүй улс төрийн гялалзсан од хэмээн үздэг байсан.

Тэр үеийн ХАХ-ны дарга, парламент дахь фракцийн тэргүүн Вольфганг Шойбле (одоо бундестагийн дарга) албан тушаалаа орхих үедээ энэ хоёр албан тушаал салангид байх хэрэгтэй хэмээн хатуу захиж байсан. Намыг тэргүүлж байсан Меркель, парламентад ХАХ/ХНХ-ны фракцын тэргүүн болсон Мерц хоёрыг хэлж байсныг нь таахад төвөггүй.

Тэдний хооронд харилцаа эхнээсээ л болж бүтээгүй. ХАХ-ны сонгогчдын тоог либерал үзлээр тэлэхийг Ангела хичээж байсан бол Фридрих харин хуучны консерватив зарчмуудыг л хамгаалж байлаа. “Үнэнч” биш нөхдийг Меркель замаасаа алхам алхмаар зайлуулсаар өөрөө фракцын дарга болж амжсан. Меркелийн орлогч болох саналыг Мерцэд тавьсан ч энэ нь түүний нэр хүндээс доогуур байсан тул татгалзсан. 2004 онд улс төрч ХАХ-ны удирдах байгууллагуудаас гарч, хожим нь бундестагт дахин нэр дэвшихгүй байх шийдвэрээ зарласан.

Гэхдээ энэ бол түр зуур нам гүм болсон хэрэг байв. Фридрих улс төрөөс нэгмөсөн явж байгаа гэж хэлээгүй, амсхийсэн шалтгаанаа тэр фрау канцлерийн бодлоготой санал нийлэхгүй байгаагаар тайлбарласан. Одоо бол харин урт удаан хугацаагаар гялалзан буцаж ирэх боломж гарлаа. ХБНГУ-ын ажил хэргийн хүрээнийхэн дэмжиж байгаа улс төрч энэ боломжийг алдах бодолгүй байна. АНУ-тай хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлздэгээрээ Мерц Шпаныг санагдуулах боловч олон хүн түүний илтгэх авьяас, итгүүлж үнэмшүүлэх төрөлх чадварыг онцлон тэмдэглэж байгаа бөгөөд нэлээд олон тооны намын нөхөд дэмжих бололтой. Түүнтэй хамт ХАХ өөрийнхөө консерватив “христийн” чиг хандлагаа буцаахыг эрмэлзэх байх, гэхдээ Меркелийн бодлоготой энэ нь хэр зэрэг боломжтой гэдэг нь нээлттэй асуулт болж байна.

Фридрих Мерц Фото: Fabian Bimmer / Reuters

 

“Меркель-Мерц” хэмээх холбоо үнэхээр ажиллах боломжгүй байж тун магадгүй юм. Тээглэх эхний чулуу нь байж болох асуудал бол дүрвэгсдийн талаарх явуулж байгаа өөрийн бодлогоороо Меркель бүдэгрүүлсэн, өнөөдөр буцааж сэргээхийн төлөө Фридрихийн сурталчилж байгаа герман төрөлх чанар. Мерцийн дэвшүүлж байгаа намын “Сэргэлт, шинэчлэл” германы өнөөгийн лидерийн карьерын төгсгөл болно.

 

Гэгээн саруул ирээдүй

 

Меркельгүйгээр Герман улс ямар байх бол? Энэ асуудлыг дэлхийн олон нийтийн мэдээллийн бүх хэрэгслээр хэлэлцэж байна. Хэвшиж заншсанаараа Ангела бага цөөн, тэхдээ тов тодорхой хэлж ярьсаар. Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиситэй хамтарсан хэвлэлийн хурал дээр тэрээр “Олон улсын хэлэлцээр дээр баримтлах байр суурь [ХБНГУ-ын засгийн газрын] огт өөрчлөгдөхгүй гэж бодож байна”-хэмээн мэдэгдсэн. Одоо канцлер гадаад бодлогын асуудлууд дээр төвлөрөх бодолтой байна. Энд Меркель хийгээд Европын холбооны хувьд хоёр үндсэн чиглэл бий,  баруун талд АНУ, зүүн талд ОХУ.

Ойрын ирээдүйд Меркель явах нь АНУ-ын хувьд нэг бодлын Трампыг баярлуулах үр дүн болох байх. Атлантыг дамнасан түншлэлийг хоёр орны тэргүүнүүд өөр өөрөөр харж байгааг тэдний дөрөвдүгээр сарын уулзалт харуулсан. Тооцоог илүүд үздэг чанараараа Трамп үндэсний эрх ашгийн төлөө буюу энгийнээр “улс орон бүр өөрөө өөрийнхөө төлөө” гэж байгаа бол Германы лидер Европын холбооны гишүүн-улс орнууд нэгдмэл байснаар хүч чадалтай байх болно хэмээн харж байна.

Тийм учраас хэдийгээр америкийн лидер Ангелаг “Европын ерөнхийлөгч” хэмээн цаасан малгай өмсгөсөн ч АНУ, ХБНГУ шууд хамтарч ажиллах тухай түүний саналд эелдэгхэн татгалзсан хариу өгсөн. Меркельгүйгээр америк-германы харилцаа огт өөр өнгөөр туяарах байх. Ялангуяа түүний оронд АНУ-тай нягт хамтран ажиллах хүсэл сонирхолтой Мерц, эсвэл Шпан нар эхлээд ХАХ-нд, дараа нь Бундестагт ирвэл шүү дээ.

Тэгвэл ОХУ-ын хувьд? Хоёр орны харилцаа түүхэн талаасаа өвөрмөц онцлогтой төлөвшиж тогтсон. Путин, Меркель нар орос, герман хэлээр ярьж байгаа, Ангелагийн ажлын ширээн дээр герман гаралтай оросын хатан хаан Екатерина хоёрын хөрөг зураг байдаг гэх мэт хувийн жижиг деталиуд ч чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа. Гэсэн хэдий ч 2014 онд Крым ОХУ-тай нэгдсэний дараа Ангела маш эрч хүчтэйгээр шахаж шаардсан оросын эсрэг хориг бат бэх найрамдалд саад тотгор болж байна.

Дональд Трамп, Ангела Меркель нар
Фото: Michael Kappeler / Reuters

 

Түүнийг эзгүйд хязгаар тогтоосон арга хэмжээг өөрчилж, цуцлах тухай яригдаж болох бөгөөд чухам тийм учраас дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Меркелийн явж байгаад Москва үнэхээр баярлана даа хэмээн өгүүлцгээж байна. Кремлийн хэвлэлийн албаны дарга Песков үүнтэй холбогдуулан “Бусад улсын дотоод хэрэгт ОХУ хөндлөнгөөс оролцож байгаагүй, одоо ч оролцдоггүй”, ОХУ, ХБНГУ-ын хамтын ажиллагаа хэвийн горимоор үргэлжилж байгаа хэмээн шуурхай мэдэгдсэн.

Хоригийг гарцаагүй цуцлана гэдэгт найдах хэрэггүй. Харин Меркельгүйгээр Герман, Оросын харилцаа илүү найрсаг болно гэдэг бол маргашгүй факт. Европ даяар “хэт” намуудын нэр хүндийн өсөлт үргэлжлэх бололтой, харин өнөөх “Германы төлөөх Альтернатив” нам ч гэсэн Москватай ойртохын төлөө байгаа.

Трампын хэлснээр “ерөнхийлөгч” буюу Меркель хэмээх лидергүй болж байгаа Европын холбооны талаар санахгүй өнгөрч болохгүй. Энэ албан тушаалд хэн түүнийг орлож чадах вэ гэдэг асуулт нээлттэй үлдэж байна. Холбооны улсуудын төлөөлөл дунд зохих ёсны нэр хүнд олж автал ХБНГУ-ын шинэ канцлерт тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Лидерийн байр сууринд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон цойлж гарч ирэх байх, гэхдээ тэр орчин цагийн сорилтуудыг тэр давж гарч чадах болов уу. Тэрээр байнга л нэг ёсны Меркелийн туслах нь байж, германы лидерийн байр сууринаас хамаарч байсан билээ.

Европын Карнеги төвийн захирал Томас Валашек францын лидерийн хэтийн төлөвийг дүрслэхдээ “Макронтой хамаатай асуудал юунд орших вэ гэвэл тэр өөрөө Европыг томоор төсөөлж харж байгаагаар урагшлуулж чадах хэмжээний хангалттай хүч тэнхээтэй хүн биш, түүнд Германы дэмжлэг хэрэгтэй”гэжээ. Харин тэр Герман нь цаашдаа ямар болох юм бол, энэ талаар одоохондоо хэн ч хэлж чадахгүй байна.

ХБНГУ-ын ирээдүйн “гэрэл гэгээ”-ний хэмжээ, баримжааг тодорхойлоход арванхоёрдугаар сарын 8-ны христийн ардчилагчдын сонгууль шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Гинжин холбоо маш энгийн. 2018 онд ХАХ-ны тэргүүн, 2021 онд канцлер. Гэхдээ 2021 он хүртэл гурван жил байна, тийм учраас Ангелад “баяртай” гэж хэлэхээр яарах хэрэггүй. Фрау Меркель ямартай ч одоохондоо канцлер хэвээрээ байна. Одоохондоо.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ