Намаржаа тавлаг уу?

2018-11-20

Б.ТУУЛ

…Алсын анирхан уулс дундаа

Агаарын ариухан нь хөдөө юм аа хө

Ажил хийж, амьдран суухад

Айдаа сайхан нутаг юм аа хө… хэмээн  хөдөө нутгийн зэлүүд талд давхиж явахад, сэтгэл нэг л амар амгалан, чих тархи чимээ шуугиангүй,  энэ дууг өөрийн эрхгүй  аялаж,  сэтгэлдээ тайвширлыг олдог.  Амралтын өдрүүдийг ихэвчлэн  хотод,  хорт утаан дунд хоолойгоо хорсгон  чихэнд чийртэй дуу чимээн дунд угтдаг сан. Харин өнгөрсөн амралтын өдрүүдийг хөдөө гарч, хотоос холгүйхэн агаар салхинд угтав.

Хотоос холгүйхэн, Төв аймгийн Баянхангай сум орж,  хөдөөгийн амьдрал, намрын зураглалыг  сонирхон сонжив.  Зорьсон газар минь хэдий хангай газар ч өнөө жил хур бороо элбэгтэй байсан учраас  өвсний шим, гарц сайн байжээ. Харин намар оройхон  бороо орсон учраас  зарим жижиг мал нь төдийлөн тарга авч чадаагүй  харагдаж байна. Төв аймгийн Баянчандмань сум, Атар, Нөхөрлөлийн ойролцоо өвөлждөг малчид хадлан тэжээлээ базаагаад, малчдын амьдрал тогтуун сайхан байна. Энэ хавийн малчдын ихэнх нь  ойролцоох газруудаасаа өвс тэжээлээ  хаджээ.  Зам зуур тааралдсан айлууд 10 гаруй машин өвс, өвөлжөөндөө булгасан  байхтай нь тааралдав.  Намрын цагт өвс тэжээлээ хангалттай сайн базаасан зарим малчид ойролцоох сумын хүмүүст өвснөөсөө нийслэл хотын ханшаар зарж борлуулдаг гэдгийг хэлж байв.

Хэдийгээр өвлийн эхэн сар гарсан ч цас ороогүй, тал газар шаргалтаж харагдах нь энэ жил урт намар айлссаных биз.  Дээрээс нь намар цаг цаанаа л хүний сэтгэлийг тайвшруулж, юм бүхэн элбэг дэлбэгээр дүүрэн угтдаг. Тиймээс  намар цагийн шаргал өнгөөр нүд, сэтгэлээ баясгахаар  хөдөөгийн амьдралд түр саатав.

Төв аймгийн оролцоох сумдад намаржаа тавлаг, адуу мал тарга тэвээрэг сайтай, хүн зоны сэтгэл тэнэгэр сайхан байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ