Нүхэн жорлонг сайжруулснаар суулгалт өвчнийг 26 хувь бууруулах боломжтой

2018-11-20

Б.ТУУЛ

Нэгэн үе “Азийн цагаан дагина” гэгдэж байсан нийслэл хот маань  утаандаа  уусч,  бохирын үнэртээ дарлуулаад удаж байгаа билээ. Сингапурын “Страйт таймс” сонинд өнгөрсөн өвөл дэлхийн хамгийн  бохир агаартай хотуудын тухай танилцулахад  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийн хотуудын хоёрдугаарт жагсаж байгаа тухай дурьдсан байдаг. Тэгвэл бид нийслэл хотынхоо гэр хороолол дахь  ариун цэврийн байгууламжийг сайжруулахгүй бол тун удахгүй, ус хөрснийхөө бохирдлоор цоллуулахад ойрхон байна.

НҮБ-аас жил бүрийн арванэгдүгээр сарын 19-нд “Дэлхийн 00-ийн өдөр”-ийг тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. Энэ өдрийн зорилго нь ариун цэврийн байгууламжаа сайжруулахын ач холбогдлыг олон нийтэд сурталчилдаг.  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс   “Дэлхийн 00-ийн өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурлыг өчигдөр хийсэн юм. Дэлхийн тогтвортой хөгжлийн 17 зорилтын  зургадугаарт  “2030 он гэхэд бүх нийтээр ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаат үйлчилгээнд тэгш хамрагдах, ил задгай бие засах явдлыг зогсоох” гэж заасан байдаг. Үүнтэй холбогдуулан “Дэлхийн 00-н өдөр”-ийг жил бүр тусгайлсан уриан дор тэмдэглэж ирсэн  бөгөөд 2018 онд “Эх дэлхий дуудаж байна” уриатайгаар тэмдэглэж байгаа аж. Энэхүү үйл ажиллагааг ДЭМБ, ЭМЯ, БХБЯ, БОАЖЯ орон даяар хамтран зохион байгуулж байгааг албаныхан дуулгаж байв. Хэвлэлийн бага хуралд  НЭМҮТ-ийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Гантуяа, Орчны эрүүл мэндийн албаны дарга П.Энхтуяа, НЭМҮТ-ийн мэргэжилтэн Ц.Болормаа нар оролцлоо. Мөн ЭМЯ-ны Орчны эрүүл мэндийн албаны мэргэжилтэн Ш.Уранцэцэг, БОНХЯ-ны мэргэжилтэн Х.Шүрэнцэцэг нар оролцсон юм.

ДЭЛХИЙ ДЭЭР 946 САЯ ХҮН ЖОРЛОНГҮЙ АМЬДАРЧ БАЙНА

 

ДЭМБ-ын тооцоогоор дэлхий дээр 2.4 тэрбум хүн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдаагүй дутагдалтай амьдарч байгаа аж. 2015 оны байдлаар дэлхийн хэмжээнд сайжруулсан ариун цэврийн байгууламжийн тоо 2000 онтой харьцуулахад 68 хувь болж 9.0 хувиар  өссөн боловч 2.4 тэрбум хүн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжгүй, 946 сая хүн жорлонгүй (ТХЗ, 2016) амьдарч байна. Ийм ч учраас сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хүн амыг хангах нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна гэдгийг албаныхан хэлэв. Мөн  ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйн нөхцлийг сайжруулснаар суулгалт өвчнийг 26 хувь, нас баралтыг 65 хувиар бууруулах боломжтой юм байна. Ариун цэврийн байгууламжид нэг долларын хөрөнгө оруулалт хийхэд эрүүл мэндэд зарцуулах зардлыг 5.5-8 доллараар хэмнэж болох тооцооллыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргажээ.

 

УС, ХӨРСНИЙ БОХИРДЛООС БОЛЖ СУУЛГАЛТ ӨВЧНИЙ ТОО БУУРАХГҮЙ БАЙНА

 

Харин Монгол Улсын хэмжээнд ус, хөрсний бохирдлын асуудлыг эрчимтэй ярьж байгаа ч бие засах газрынхаа асуудлыг хот, хөдөөд цэвэрхэн, хүртээмжтэй, ус хөрсөнд бохирдол үүсгэхгүй байхаар бүрэн төгс шийдэж чадаагүй л байна. Тухайлбал, Монгол Улсын хүн амын 68 хувь нь 2015 оны байдлаар хот суурин газар амьдарч байгаа бөгөөд нийслэл хотод 1.4 сая хүн амьдарч байгаагийн 48.8 хувь нь сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангагдсан, харин гэр хорооллын айл өрхийн 97.3 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй учраас энгийн нүхэн жорлон ашиглаж байна.

Үндэсний статистикийн хорооны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдсан хүн амын эзлэх хувь улсын хэмжээнд 2014 онд 58.3 хувь, үүнээс хотод 69.1 хувь, хөдөөд 39.4 хувьтай байна. Иймд гэр хороололд амьдардаг өрхийн хувьд эрүүл ахуйн шаардлага хангасан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй ариун цэврийн байгууламжийг барьж, ашиглах нь анхаарал татсан тулгамдсан асуудлын нэг болж байна. Хамгийн аюултай нь хүний ялгадсаар хооллосон ялаа, шавьжаар дамжин хоол хүнс, эд хогшил, бохирдож улмаар тав хүртэлх насны хүүхдийн дундах суулгалт өвчний тархалт буурахгүй байна гэдгийг албаныхан онцлов.  Энэ талаар хийж хэрэгжүүлж буй ажлын тухай холбогдох албаны хүмүүсээс асууж тодруулсан юм.

 

НЭМҮТ-ийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Гантуяа: ОЮУТАН, СУРАГЧДАД ЭРҮҮЛ АХУЙН ДАДАЛ ЭЗЭМШҮҮЛЭХ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА

 

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2013 онд хийсэн хөрсний бохирдлын байдалд хяналт шалгалт хийсэн дүнгээс үзэхэд хяналтад хамрагдсан нийслэлийн гэр хорооллын 370 өрхийн энгийн бие засах газрын 50.2 хувь нь доторлогоогүй нүхтэй буюу бохироо хөрсөнд шууд шингээдэг, зөвхөн 14 хувь нь соруулж зайлуулдаг, 45.4 хувь нь бохир усаа нүхэн жорлондоо хийдэг байна.  Судалгааны дүнгээс харахад Улаанбаатар хотын нийт гэр хорооллын 180 гаруй мянган айл өрхийн 90 гаруй хувь нь энгийн, шаардлага хангаагүй нүхэн жорлон ашиглаж байна Иймээс сайжруулсан ариун цэврийн байгууламжийг өрх болон оршин суугчдад хэрхэн барьж ашиглах талаар дадал эзэмшүүлэх, эрүүл ахуйн дадал бий болгох зорилгоор бид “Дэлхийн 00-ийн өдөр”-ийг угтан  ЕБС-ийн хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зарласан байгаа. Мөн  оюутан залуучуудын дунд энэ талаарх эссэ бичлэгийн уралдааныг зарлаж явуулсан. Энэ үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулна.

 

ЭМЯ-ны Орчны эрүүл мэндийн албаны мэргэжилтэн Ш.Уранцэцэг: 2020 ОНД ГЭХЭД  ТОХИЛОГ 00-ТОЙ ХҮН АМЫН ТООГ 40 ХУВЬД ХҮРГЭНЭ

 

-Бидний хамгийн гол зорилго бол Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогын шалгуур үзүүлэлт болсон нэг л зүйлийг ярьж байна. 2020 он гэхэд ариун цэврийн байгууламжаар хангагдсан хүн амын тоог 40 хувьд хүргэе.  2025 онд 50 хувь, 2030 он гэхэд 60 хувьд хүргэх зорилттой ажиллаж байна. “Дэлхийн 00-ийн өдөр” бол ганцхан энэ үйл ажиллагааг сурталчилсан өдөр биш юм. Жилийн турш хийсэн ажлаа дүгнэдэг өдөр юм. Жишээ нь, бид 2018 оны эхээр “Ил задгай бие засахгүй байх” гэсэн олон улсын урианд Монгол Улс нэгдэж ороод,  үүнийхээ тэргүүн туршлагыг МУЗН, НЭМҮТ-өөр дамжуулан Баянзүрх дүүргийн хоёр хороон дээр туршиж үзсэн. Дээрх хоёр хороонд нэлээд дэвшилттэй ажлуудыг хийсэн. Эхлээд бид боловсролын хөрөнгө оруулалт хийж, уулзалт хэлэлцүүлгийг хийсэн. Мөн Энэтхэг улсад зохион байгуулсан ариун цэврийн байгууламжийн талаарх энэхүү ажлынхаа тайланг очиж тавьж, мэдээлэл өгсөн.  Цаашид бид  2008 онд гарсан нүхэн жорлонгийн стандартыг  айл бүр дагаж мөрдьё. Эрүүл ахуйн хувьд ямар шаардлагыг хангах вэ гэдэг стандартыг  хэрэгжүүлье. 2015 оноос    “Нүхэн жорлон, угаадасны нүх, MNS5924:2015” үндэсний стандарт шинэчлэгдээд,  хэрэгжиж эхлэж байна. Уг стандартаар төвлөрсөн болон бие даасан ариутгах татуургын системд холбогдох боломжгүй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын ахуйн хэрэгцээнд хэрэглэх зориулалттай нүхэн жорлон, угаадасны нүхний зураг төсөл зохиох, барьж ашиглах асуудлыг айл өрх бүр дагаж мөрдье гээд энэ чиглэлээрх ажлуудыг эрчимтэй хийж байна. Энэ ажилд нийслэлийн дүүрэг, хороод маань идэвхтэй оролцож байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ