У.Хүрэлсүх: Шинэчлэл хийж чадахгүй бол би өөрөө огцорно

2018-11-07

Т.БАТСАЙХАН

УИХ-ын чуулган өчиг­дөр ээлжит бусаар хурал­даж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт аж­лаас нь чөлөөлөх асуудлыг хэлэл­цэн, дэмжлээ.  Ажил хаяад байсан АН-ын бүлгийнхэн чуулганд оролцсон.  Тэд хуралдааны эхэнд Ерөнхий сайд У.Хүрэл­сүхийг  дуудан, ху­ралд оролцуулах нь зүй­тэй гэсэн байр  суурийг илэр­хийлж байсан юм.  Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Болд “Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөж байхад Ерөнхий сайдад үүнээс илүү чухал асуудал юу байдаг юм бэ. Яагаад хуралдааны танхимд орж ирэхгүй байгаа юм. Өнөөдрийн чуулган бол шударга ёсыг тогтоох хам­гийн том ажил учраас ард түмэн харж байгаа. Ерөнхий сайд орж ирээд гишүүдийн асуултад хариулах ёстой” гэсэн.  Тэд Ерөнхий сайдыг орж ирэхээс өмнө хурал­дааныг эхлүүлэхгүй байхыг Их хурлын даргаас  хүсч байв.  Удалгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимд орж ирснээр УИХ-ын чуул­ганы нэгдсэн хуралдаан үргэлжилсэн. Гишүүд Б.Батзориг болон Ерөнхий сайдаас хүссэн асуултаа асууж хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Танд УИХ дахь 64-ийн бүлгээ удирдаад явах итгэл үнэмшилтэй байна уу. Жилийн өмнө та Ерөнхий сайдаар томилогдохдоо манай танхимынхнаас битгий хууль бус юм хүсээрэй гэж байсан. Гэтэл танхим тань, гишүүн чинь хууль бус юм хийчихсэн байна. Ерөнхий сайд аа. Та би ганц л зүйлээс айна, би зөвхөн ард түмнийхээ итгэлийг алдахаас айж байна гээд байх юм. Ард түмэн хэдийнээ танд итгэхээ больчихоод байна.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Таны хэлж буйтай би санал нэгтэй байна. Гэхдээ энэ зөвхөн манай намын ч биш, АН-ын ч асуудал. Би хийх ёстой зүйлээ хийж, тавих ёстой шаардлагаа тавьж байгаа. Миний хүч хүрэхгүй зүйл гэж байна.  Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр шүдгүй арслан шиг байгаа. Ерөнхий сайд ажлаа хийж чаддаг байхын тулд Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ард түмэн бухимдаж, Засгийн газар огцордгоороо огцорсоор байх болно. Бидний тогтолцоо буруу байгаа нь үнэхээр харагдаж байгаа.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Өнөөдөр бид ганцхан сайдын асуудал яриагүй. Монгол төрийн тогтолцоо, Засгийн газар цааш яах вэ гэдгийг ярьж байгаа эхний алхам. ЖДҮХС-гаас олгосон зээлд намын оролцоо байхгүй гэж намын дарга нь мэдэгдэл хийж байна. Гэтэл ЕНБД оролцсон байна. Бүлгийн дарга чинь албан бичиг явуулсан гэдэг яриа гараад байгаа. Энэ асуудлыг туг тахих хэлбэрээр явах боломж байхгүй. Энэ УИХ цаашид ажиллах чадамжгүй гэдэг асуудал хөндөгдөөд байгаа шүү. Өнөөдөр та бид энэ асуудал яаж шийдэгдэхээс шалтгаална. Ард түмнийг тэнэгт тооцоод, аргалж сурснаараа аргалаад явна гэж байхгүй.

 

УИХ-ын гишүүн Б.Батзориг:

-Миний бие салбарын сайдаар нэг жил ажилласан. Энэ хугацаанд салбарын бодлогоо тодорхой болгож, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ард иргэдээ ажилтай орлоготой болгохын төлөө ажилласан. Малын гоц халдварт өвчинтэй тэмцдэг байсан бол одоо урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн орчныг бий болгосон. Энэ жил мал сайхан өсч 84 сая толгой мал өвөлжиж байна.  Энэ бүхнийг бүтээхэд хамтран ажилласан салбарынхандаа талархаж байна. ЖДҮХС-гаас олгосон зээлийн асуудалд би ёс зүйн хариуцлага хүлээж өргөдлөө өгсөн. Монгол Улсын нийт иргэд, хайрт ээжээсээ, хүнс, хөдөө аж ахуйн салбараасаа уучлалт гуйж байна.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-ЖДҮХС-гаас зээл өг гэдэг үүрэг даалгаврыг би өгөөгүй. Би намын даргын хувьд зээлээ буцааж төл, ард түмнээсээ уучлалт гуй гэдэг үүрэг өгсөн. Энэ асуудал ганцхан Ардын намд ч биш, бүх улс төрийн намд сургамжтай зүйл болж байна. МАН уугуул нэрээ сэргээсэн өдөр тохиож байна. Би Ерөнхий сайд болоод эдийн засгийг сайжруулах, шударга ёс тогтоох хоёр зорилт тавьсан. Эхний зорилт харьцангуй сайн хэрэгжсэн. Гэвч хариуцлагын асуудал санаснаар ажил хэрэг болохгүй байна гэсэн юм.  Ийнхүү УИХ-ын чуулганы  хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний асуудал яригдсан тул гишүүд сайд Б.Батзоригоос илүү Ерөнхий сайдад хандан асуултаа тавьж, үгээ хэлсний дараа санал хураалт явуулав. “Б.Батзоригийг сайдын үүрэг ажлаас чөлөөлөхийг дэмжье” гэсэн томъёоллоор  явуулсан санал хураалтад 50 гишүүн оролцсоноос 38 нь дэмжиж, Б.Батзоригийг сайдын үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 1 сар

    Хvрэлсvх юм хийж байгаа шvv! Харин тvvнд хорссон Менхбат тэргvvтэй новшнууд Хvрэлсvхийг УНАГАХ хороо сайн найруулж байна. Хvрэлсvх одоо ард тvмнийхээ дэмжлэгийг авах цаг нь болж байх шиг байна. Ард тvмэн чамайг дэмжихэд бэлэн болсон шvv. Юунаасаа айх юм. Шударга vнэн тогтож л байвал чи улсын баатар шvv! Чацага царайлсан Батvvл биш. 

Холбоотой мэдээ