Нөхөн төлбөрийн зардал 42.2 тэрбум төгрөгт хүрчээ

2018-11-06


Ц.БАЯР

Санхүүгийн зохицуулах хорооноос тус салбарын гуравдугаар улирлын тайланг танилцууллаа. Энэ үеэр үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ оны гуравдугаар улиралд 12.8 хувиар өсч 2.35 их наяд төгрөгт  хүрснийг онцлон тэмдэглэв. Зах зээлийн үнэлгээг өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаарх дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулахад 8.4 хувьтай тэнцэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар нийт 304 хувьцаат компани, 54 үнэт цаасны компани тус зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өсчээ. Тухайлбал, даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ 16 хувиар өсч, 327.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнээс 76.4 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 21 хувийг давхар даатгалын компани, 2.7 хувийг урт хугацааны даатгалын компаниуд бүрдүүлжээ.

Тайлант хугацаанд даатгалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын нөхөн төлбөрийн зардал 42.2 тэрбум төгрөгт хүрч, нийт хураамжийн орлогын 34.4 хувийг эзэлж байна. Мөн ердийн даатгалын компаниудын нөхөн төлбөр 98.9 хувийг бүрдүүлсэн хэмээн мэргэжилтнүүд хэллээ. Дээрх үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеэс 30.3 хувиар өссөн дүн аж.

Түүнчлэн банк бус санхүүгийн салбарт энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 540 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн дийлэнх буюу 90.9 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Нийт хөрөнгийн хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 32.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Хөрөнгийн өсөлтийн 74.1 хувь нь зээлийн өсөлтөөс бүрджээ. Мөн энэ хугацаанд 288 хоршоо үйл ажиллагаа явуулсан бол Хоршоодын гишүүдийн тоо 61.881-д хүрчээ. Тайлант улиралд тус салбарын нийт хөрөнгийн хэмжээ 192.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 34.8 хувиар өссөн дүн юм байна. Салбарын нийт цэвэр ашиг 4.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 14.1 хувиар өсчээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ