Б.Батзоригийг “дан дээл” ч үгүй үлдээх үү?

2018-11-06

Засгийн газраас сайдыг огцруулах асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлэв.  Мөн прокурорын байгууллагаас Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлаар УИХ-д хүсэлт ирүүлжээ.

Т.БАТСАЙХАН

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах асуудал парламентад хоёр хувилбартайгаар орж ирлээ.  Түүний ЖДҮХС-гаас  “Тээвэр ачлал” компаниараа дамжуулан 1.4 тэрбум төгрөг зээлсэн асуудал олон нийтэд ил болоод байгаа. Өнгөрсөн долоо хоногт Б.Батзориг мэдэгдэл хийж, сайдын ажлаа өгөхөөр болсон байдаг.

Ерөнхий сайд, МАН-ын бүлгийн зүгээс ч салбарын сайдад нь нэн тэргүүнд хариуцлага  тооцох нь зүйтэй гэж үзсэн бололтой.   Тэгвэл өчигдөр  Засгийн газраас Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас огцруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүү­лэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Санал өргөн мэдүү­лэх тухай” албан бичигт “Батжаргалын Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг Ерөнхий­лөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн мэдүүлж байна” гэжээ.  Энэхүү бичгийг Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын дарга М.Энх­болд гардуулсан.  Энэ асуудлыг өчигдөр болсон МАН-ын бүлгийн хуралдаанаар дэмжиж өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болсон байна. Тэгвэл дараагийн хувилбар нь Б.Бат­­зоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх тухай юм.  Ийм  утгатай  хүсэлтийг  өчигдөр прокурорын байгууллагаас УИХ-д ирүүлсэн тухай улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн.  Харин  МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээгүй бөгөөд  өнөөдөр бүлгээр хэлэлцэж тодорхой ший­дэлд хүрч, ирэх лхагва гаригт УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг  чуулганы хурал­даа­­наар хэлэлцэхээр болжээ.

УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудал яригдсан тохиолдолд 48 цагийн дотор шийдвэрлэнэ гэсэн журам бий. Түүний дагуу маргааш гэхэд Б.Батзориг давхар дээлээ тайлж, дан дээлтэй үлдэх үү.  Бүр “дан дээл” ч үгүй болох магадлалтай байна.  Тэрээр “давхар дээл”-тэй цөөн гишүүдийн нэг.

Шинэчлэлийн Зас­гийн газрыг огцруулах асуудалд гар бие оролцож, гарын үсгээ зурж явсан. Тиймдээ ч У.Хүрэлсүхийн Засгийн газарт ХХААХҮ-ийн сайдаар томилогдож байсан юм.  Б.Батзориг МАН-ын 33-ын бүлэгт харьяалагддаг ч хааяа нөгөө талын асуудлыг дэмжих нь бий.  Ер нь МАН дотроо олон фракц дамжсан улстөрч гэж яригддаг.  Бүр  Хамгийн сүүлд гэхэд эрх баригч намд “Их 10”-ын тухай яригдаж эхлэхэд Б.Батзоригийн нэр ч дотор нь явж байсан гэдэг.  Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоёр дахь сайд ажлаа өгч, парламентаас хоёр дахь гишүүнийг сугалах нөхцөл байдал үүсээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ