“Валдайн илтгэлд юун тухай өгүүлэв?”

2018-10-06

Д.ЭНХЭЭ

Валдайн клуб ээлжит илтгэлээ Орос улс Дорно зүгт анхаарлаа хандуулж байгаа тухай бичиж түүнийгээ энэ жилийн Дорнын эдийн засгийн форумд зориулан бэлтгэжээ. Нэрд гарсан улс төр судлаач Сергей Караганов уг илтгэлийн үндсэн гол санааны талаар “Огонёк” сэтгүүлтэй ярилцахдаа өгүүлснийг орчуулан хүргэж байна.

 

Эхлээд валдайчуудын томьёолсон “Дорно зүгт …” гэсний учрыг тайлах гэж оролдъё.

  1. “Дэлхий тэр аяараа манай гарагийн аж ахуйн амьдралын төв болсон Зүүн Ази руу анхаарлаа хандуулж байна” хэмээн Сергей Караганов онцлов.

Энэ бүс нутагт Хятад, хоёр Солонгос, Япон, Тайван зэрэг улс орон багтдаг хэмээн нийтээр ойлгодог. Энд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурдац ямар байгаа вэ? БНАСАУ-ын тухайд бол ойлгомжтой шалтгаанаар би юм хэлэхгүй. Хятад улс сүүлийн жилүүдэд 7% орчим үзүүлэлттэй байгаа, энэ орны эдийн засгийн цар хүрээ одоо АНУ-ын дараа хоёрдугаарт тооцогдож байна. Тайваны жилийн өсөлт 3% жаахан илүүтэй, Өмнөд Солонгос 3% арай хүрэхгүй, Япон 1% – ийн өсөлттэй байна.

Номхон далайд гарцтай томоохон улс орнуудын үзүүлэлтийг харьцуулбал: АНУ-3% орчим, Канада, Мексик-2%, Чили, Индонези-5% илүүтэй, Австрали – 3% илүү байна. Тийм учраас бодитой авч үзвэл дэлхийн эдийн засгийн туйл Ази-Номхон далайн бүс нутаг руу шилжиж байна. Үүнийг бараг хэлэлцэж дуусч байгаа Номхон далай дамнасан түншлэл байгуулах хэлэлцээр үндсэндээ баталгаажуулж байна. Гэхдээ энэ түншлэлд Хятад улс ороогүй. Энэ хэлэлцээр дэх АНУ-ын оролцоог Дональд Трамп хэдийгээр зогсоосон ч дараагийн ерөнхийлөгч ийм хуучинсаг, өөрийгөө тусгаарласан байр суурь баримтлахгүй байх магадлал маш өндөр хэмээн авч үзвэл эрт орой хэзээ нэгэн цагт Trans Pacific Partnership бодит зүйл болно.

Сергей Караганов дээр дурдсан энэхүү дүгнэлтээ бүхий л Зүүн Ази, тэр тусмаа Ази-Номхон далайн бүс нутгийн нөхцөл байдлыг зөвхөн Хятадын хөгжилд тулгуурлан гаргасан бололтой.

  1. “Алс дорнодод эдийн засгийн өсөлт оросын дунджаас хоёр дахин их байна”-хэмээн Сергей Караганов өгүүлж байна.

Гэхдээ оросын албан ёсны статистикийг авч үзвэл арай өөр дүр зураг харагдана. Алс дорнодын холбооны тойргийн хүн амд ногдох бүс нутгийн нийт бүтээгдэхүүн (үндсэн урсгал үнээр нэмэгдсэн нийт өртөг) 2010-2016 онд 1,81 дахин өссөн. Оросын статистикийн газрын мэдээгээр энэ үзүүлэлт нийт Орос улсын дунджаар 1,79 дахин өсчээ. Тийм учраас саяхан Владивостокт болж өнгөрсөн Төрийн зөвлөлийн Тэргүүлэгчдийн хуралдаан дээр ерөнхийлөгч Путин онцлохдоо: – “Зөвхөн зарим нэг хэсэг газар нутаг төдийгүй Алс дорнод бүхэлдээ эдийн засаг, нийгмийн салбар, хүн ам зүйн хөгжлөөр түрүүлж өсөх хурдац руу гарах ёстой.”-гэсэн нь тохиолдлын хэрэг биш юм.

Харин Сергей Караганов Алс Дорнодын түрүүлсэн хөгжлийг болчихсон баримт мэтээр ярьж байна.

  1. “Өнөөгийн “барууны хүн” гэдэг бол өнгөрсөн цагийн хүн, ирээдүй рүү тэмүүлэх гэж байгаа хүн бол харин Дорныг сонирхох ёстой”-хэмээн Караганов үзэж байна.

Дорныг сонирхох гэдгийн тухайд маргахад хэцүү. Харин “барууны” тухайд гэвэл 1992 оны Европын холбооны тухай Гэрээний: “Холбоо нь хүний нэр төр, эрх чөлөө, ардчилал, тэгш эрх, эрх зүйт төрийг хүндэтгэх, хүний эрх, түүний дотор цөөнхөд хамаарах этгээдийн эрхийг сахиж мөрдөх үнэт зүйлсэд үндэслэсэн болно. Эдгээр үнэт зүйлс нь олон эшт үзэл, үл ялгаварлах, тэвчээртэй, шударга, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх зэргээр тодорхойлогдох нийгмийн хүрээнд гишүүн улс орнуудын хувьд нийтлэг байна”-гэсэн  2 дугаар зүйлийг сануулахыг хүсч байна.

Эдгээр үнэт зүйлсийг Сергей Александрович үнэхээр соёл иргэншлийн улирч өнгөрсөн зүйл гэж үзэж байгаа юм болов уу? Япон, Өмнөд Солонгос, Тайван зэрэг улс орны нийгмийн институтууд Европын холбоог үүсгэн байгуулахад баримталсан шиг яг л тийм үнэт зүйлсэд тулгуурлан байгуулагдсан.

  1. Эцэст нь Сергей Караганов: – “түүхийн хувьд бид удирдлагын чөлөөт ардчилсан биш харин авторитар тогтолцоотой байхаас өөр аргагүй улс. Хэрвээ бид төвлөрсөн, авторитар биш байсан бол өнөөдрийн хил хязгааргүй улс орон байх байсан”-хэмээн тун сонин хачин зүйл хэлсэн.

Зүүн Азийн тэргүүлэх улсууд болох Япон, Өмнөд Солонгос, Тайван яагаад ч авторитар улс орон биш болохоор түүний дээр өгүүлсэн дүгнэлтэд эргэлзэж болох юм. Тэдгээр улс орон дахь улс төрийн томоохон хүчний нэг нь ч нүднээ ил тод ажиллаж байгаа ардчилсан институтуудэд огтхон ч эргэлздэггүй. Хятадын хувьд арай өөр. Энэ тухай хожуу өгүүлнэ.

Сергей Карагановын бодлоор бид авторитар дэглэмтэй байхаас аргагүй нь “Орос улс Хятадын нэг адил Чингис хааны эзэнт улсын өв залгамжлагч” болохоор түүхэн хийгээд генетик талаасаа хамааралтай юм гэнэ. Өөрсдийн амьдралаа илүү өргөн хүрээнд чөлөөт ардчилсан зарчмаар авч яваа өнөөгийн монголчууд харин энэ талаар юу гэх бол гэдэг нь сонин байна.

Улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдлын тухайд харин ЗСБНХУ-ын авторитар, дэндүү төвлөрсөн удирдлагын улмаас улс орон задарч, 1991 оныг хүртэл үндсэндээ хадгалагдаж байсан 1913 оны Оросын эзэнт улсын загвар газар нутгийнхаа гуравны нэгийг үндсэндээ (үүрд хэмээн бодож байна) алдсан билээ.

  1. Одоо Хятадын тухай. Удахгүй төрж мэндлэх “их Евразиин” төв нь Карагановын нотолж байгаагаар энэ улс байх гэнэ. Бид ч үүнд дасан зохиоцх ёстой юм байх. Гэхдээ дотооддоо хурц асуудал (дүрвэгсэд, популизм болон бусад) их байгаа ч Европын холбоо Хятадын ноёрхлыг мөн л хүлээн зөвшөөрөх гэж үү? Сергей Александровичийнхоор бол Европын холбоо түүний бодож олсон “Их Америкт” нэгдэж, тэр нь “Их евроази”-тай өрсөлдөх юм байх.

Магадгүй, хятадын нөлөөний бүсэд Энэтхэг (дэлхийн маш ардчилал), Пакистан, Иран, Саудын араб болон Персийн булангийн улс орнууд орж болох юм. Тэгвэл ийм том бүрэлдэхүүний дунд бид харин бултаж, агуу том дорнод хөршийнхөө эрхшээлд бүрмөсөн орохгүй байж болох юм биш үү? Гэхдээ өнөөгийн чиг хандлагаас авч үзвэл “Их Евразид” Оросоос өөр хэн ч хятад маягаар орохыг хүсэхгүй. Сергей Карагановын мөрөөдөл биелдэг юм гэхэд бидний хувьд юу болох вэ? Өнөөгийн Хятадын өмнө бөхөлзөх нь Оросын хувьд тусгаар тогтнолоо алдана гэсэн үг бөгөөд Карагановын үзэж байгаагаар бол өнөөдөр бид тэгэх гэж маш их яарч байгаа юм гэнэ. Авторитар Орос орон Хятадын вассал болох тухай Владимир Сорокины бичсэн “День опрочника” өгүүллийг уншихад гэмгүй.

Ийм ирээдүй болоосой гэж миний хувьд, тэр тусмаа европын соёл иргэншлийг булшлах тухайд хүсмээргүй байна.  100 жилийн өмнө Освальд Шпенглерийн зөгнөж бичсэн “Европын мөхөл”-ийн тухай номыг эргэж саная. Герман, Итали, Испани, Польш болон европын бусад улс оронд тоталитаризм, авторитаризмын эрчимтэй үржсэн нянгаар хүнд өвчилснийг даван туулж гарсан. Европын өнөөгийн асуудлууд мөн л түвэгтэй хэдий ч чөлөөт ардчиллын тууштай институтууд түүнийг шийдэж чадна.

Сергей Александровичийн хайртай авторитаризмын түшиг тулгуур болсон Хятадад 10-15 жилийн дараа юу болох бол? Япон, Өмнөд Солонгост болсон шиг чөлөөт ардчилал бас нэг удаа үүсч бий болохыг харах юм биш байгаа?

Өсөн нэмэгдэж байгаа Хятадын хүчин чадлыг шагшин гайхаж цагийг дэмий хоосон үрэлгүй зөвхөн Европын холбоог төдийгүй, мөн Хойд Америк, Япон, Өмнөд Солонгос, Тайван, Латин америкийн олон улс орон, Америк, Изариль, Австрали, Шинэ Зеланд, бас Энэтхэгийг багтаасан “Их Европ” руу, хүний нэр төр, эрх чөлөөний үнэт зүйлс хэрэгжих тэр орон зай руу эргэж орцгооё.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ