Физикийн салбараас гурав дахь эмэгтэй эрдэмтэн Нобелийн шагналтан боллоо

2018-10-04

Х.ОЮУНБОЛД

Шведийн Стокгольм хотод жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд анагаах ухаан, эдийн засаг, математик, уран зохиол,физикийн салбарт чухал нээлт хийсэн эрдэмтнийг Нобелийн шагналаар шагнадаг уламжлалтай. Шагнал гардуулах ёслолыг зохион байгуулагч Нобелийн сангаас энэ жил шагнал хүртэх ёстой эрдэмтний нэрсийг шалгаруулан зарлажээ. Одоогоор тус сангаас анагаах, физикийн салбарын эрдэмтдийг шалгаруулаад байна. Нобелийн шагналд шалгарсан хүмүүсийг танилцуулъя.

Нэрт эрдэмтэн Нобелийн нэрэмжит анагаах ухааны салбарт олгодог шагналаар АНУ-ын  эрдэмтэн 70 настай  Жеймс П.Эллисон болон Японы эрдэмтэн 76 настай Тасуку Хонжо нарыг хорт хавдрыг эдгээх  эмчилгээг сайжруулсан ажлыг нь үнэлж шагнасан байна. Тэд хүний биеийн  дархлааны тогтолцооны тусламжтайгаар өвчтөн хорт хавдраа эмчлэхэд анхаарч ажилласнаар энэ шагналыг хүртжээ. Эрдэмтэд  биеийн эсэргүүцлийг сулруулдаг хорт хавдрын эсийг  нээж илрүүлжээ. Ялангуяа, энэ өвчинтэй  тэмцдэг тунгалаг эс Т-ийг саармагжуулахад нөлөөлдөг PD-1, CTLA-4 уургийг дарангуйлах аргыг боловсруулжээ. Энэ шинэ нээлт нь анагаах ухааны салбарт дийлдэшгүй өвчин гэж тооцогдсон арьсны хорт хавдартай тэмцэхэд  үр дүнтэй болохыг баталснаар шинэ төрлийн эмчилгээг хөгжүүлэх боломжтой болсон байна. Энэ өвчнөөр жил хүрэхгүй хугацаанд арьсны хорт хавдартай гэсэн оноштой өвчтөний 50 гаруй хувь нас бардаг ажээ.  Францын эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэмтэн Эрик Вибьер тэдний энэ  нээлтийн талаар “AFP” агентлагт ярихдаа хорт хавдартай тэмцэх энэ шинэ аргыг антибиотек нээсэнтэй зүйрлэж болно” гэжээ. Мөн энэ өвчинд нэрвэгдсэн хүмүүст дуулгах сайн мэдээ хэмээн хэлсэн байна. Харин  тэдний араас физикийн салбарт гавьяа байгуулсан эрдэмтэнд олгодог шагналыг Канадын эрдэмтэн Донна Стрикланд, АНУ-ын эрдэмтэн Артур Акшин, Францын эрдэмтэн Жерард Мороу нарт олгосноо Шведийн шинжлэх ухааны академиас мэдэгдсэн байна.  Тэд хараа зүйн салбарт хамгийн богино давтамжтай, хүчтэй чимхүүр хэлбэрт лазераар мэс засал хийх аргыг нээснээр энэ шагналыг хүртжээ. Энэ шинэ аргыг нээснээр нүдний хавдрыг авах, лабораторийн орчинд нян, бусад бичил биетийг гэмтээлгүй судлах болон лазерийн бусад төрлийн мэс заслыг хийх боломжтой юм байна.  Харин  55 жилийн дараа эрдэмтэн Донна Стрикланд энэ шагналыг авснаараа энэ салбараас Нобелийн шагнал авсан гурав дахь эмэгтэй эрдэмтэн болж байгаа юм. Түүнээс өмнө  Мария Кюри 1903, Мариа Гёпперт Майер 1963 онд хүртэж байжээ.  1901-2017 он хүртэл 49 эмэгтэй Нобелийн шагналтан болжээ. Бусад салбар болох хими, эдийн засгийн болон Нобелийн энхтайвны салбарын шагналын эздийг ирэх даваа гаригт тодруулан зарлана. Энэ жил уран зохиолын салбарт шагнал гардуулах ёслол болохгүй. Учир нь Шведийн энэ сан хүчирхийлэлтэй холбоотой хэрэгт орооцолдсон учраас ирэх жил хүртэл энэ ёслолыг хойшлуулжээ.  Нобелийн шагналыг  117 жилийн турш олгож ирсэн бөгөөд 49 тохиолдолд нь Нобелийн шагналын зургаан төрлийн аль нэгт нь шагнал олголгүй өнжиж байжээ.  Хамгийн сүүлд 1972 онд  Нобелийн энхтайвны шагналыг олгоогүй аж. Түүнчлэн Шведийн энэ академи уран зохиолын салбарын шагналыг олгохгүй эсвэл жилээр хойшлуулах шийдвэрийг нэр дэвшигч бүрдээгүй болон  XX зуунд гарсан дэлхийн дайны улмаас долоон удаа гаргаж байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ