Ван хан Тоорилын өвлийн өргөөний туурийг хамгаалалтад авъя-2

Ч. Үл-Олдох

2018-10-23

Ахмад археологич Д.Наваан агсан  Ван хан Тоорилын  өргөөний туурийг “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан  Туулын  Хар Түнгэ буюу Туулын шугуйгаас  олж илрүүлснээ зарласан   2006 оны намар сэтгүүлч нөхдийн хамт уг газар очиж сурвалжилсан юм. Одоогоос 12 жилийн өмнө гэсэн үг л дээ. Тухайн үед тэр хавийн газар зэлүүд, хүн, малын бараа  харагдахгүй, авто замаас ч хол  байсан. Одоо эргэн тойрон  айлууд   бууж,  зарим нь сүүлийн хоёр  жил  хашаагаа эрс  томсгон тэлж,  ногоо тарьдаг талбай хүртэл бий болгоод амжсан нь түүхийн дурсгалт газрын эко бүтцийг эвдэхэд хүрч байгаа талаар  “Зууны мэдээ” сонин өмнөх дугаартаа нийтэлсэн юм. Мөн түүхийн ухааны доктор Ц.Минжингийн байр суурийг хүргэсэн билээ.

Ер нь бол өнгөрсөн зун “Буурал түүхийн жимээр” эрдэмтдийн баг Чингис хааны дурсгалт газруудаар аялахдаа энэ талаар асуудал дэвшүүлсний мөрөөр бид сэдэв хөндөн уншигчдадаа хүргэж буй юм. Тэд чимээгүй өнгөрсөн бол Ван хан Тоорилын өвлийн өргөөний туурь өнөөдөр эсвэл маргааш айлын хашааны газар, аль нэг компанийн ашиглалтын талбай болчих байсан ч юм бил үү.

Нөхцөл байдал ийм хэм­жээнд  хэдийнэ хүр­чихжээ. Тиймээс Ван Хан Тоорилын  өвлийн өргөөний туурийг нэн яаралтай хамгаалалтад авах хэрэгтэй юм.

Туулын Хар Түнгэ дэх  энэхүү орд өргөөг эрэн хайх ажил 1940-өөд оны үеэс эхэлсэн байдаг. Энэ нь эрдэмтдийн анхаарлыг  эртнээс татаж ирсэн гэдгийг илтгэж буй юм.  Хамгийн анх 1944 онд  академич Х.Пэрлээ, Оросын эрдэмтэн Радловтой хамтран тандалт судалгааг хийсэн бол археологич Д.Наваан  газар зүйн байрлалыг тогтоох тандалт судалгааг 1966 -2003 онд хийж, 2006 оны хавар малтлагын ажлыг эхлүүлсэн байдаг. Тус малт­лагаар  өргөөний бүтэц маш тодорхой гарсныг  сур­валж­лахаар очсон сэтгүүлчдийн баг  харж байсан юм. Илрүүлсэн олдворуудын заримтай ч танилцаж байв.

Ван Хан Тоорил нис­терон шашинтан байсан, тэнгэр шүтлэгтэй хоёрдмол шашинтай байсан гэхчлэн эрдэмтэд маргадаг. Тэгвэл өвлийн өргөөний шүтээний сүмийн  тахил нь сармагчин, бар, заан, луу, ригвади/домгийн амьтан/, ургамлын чихмэл түүнчлэн арга билгийг харуулсан дүрсүүд олдсон юм. Өдгөө эдгээр дурсгалын зарим болох дээврийн хээ угалз бүхий шавар ваарны хэлтэрхийнүүд Чингис хаан дээд сургуульд хадгалагддаг гэсэн мэдээлэл байна. Учир нь тухайн үед  малтлагын ажилд тус сургуулийн оюутнууд баг болж оролцсон байдаг. Ихэнх  дурсгал нь  Д.Наваан агсны ажиллаж байсан  МУИС-ийн Археологи-антропологийн танхимд хадгалагдаж байх учиртай. Түүний судалгаа болон Ван Ханы өвлийн өргөөний тууриас олдсон дурсгалын үнэ цэнэ, хадгалалт хамгаалалтын   тухай тодруулга авахаар хандсан боловч  тус тэн­химийн эрхлэгч,  Д.Наваан археологчийн шавь нарын нэг, доктор   У.Эрдэнэбат “завгүй”  гэх шалтгаар  тат­гал­заж олон хоног чи­рэг­дүүл­сэн тул  энэ та­лаар  мэдээлэл  авч чадсангүй.

Туулын Хар Түнгэ, Ван Хан Тоорилын өвлийн өргөө бол Чингисийн хаанчлалын үеэс өмнө Хэрэйд улс хүчирхэгжиж, соёлын үнэт зүйлсээр арвин болсон үед баригдсан хамгийн тансаг өргөө, эртний хотын хэв маягийг хадгалсан ур хийцтэй байж.  Түүнчлэн Тэмүүжин, Жамуха хоёр анд бололцсон дурсгалт газар. Мөн Тэмүүжин хар булган дахаар бэлэг барин ирж Ван  Ханы ивээлд багтан өсч хүмүүжсэн нутаг. Хатан Бөртэгээ  алдчихаад араас нь аян дайнд эндээс л  мордсон. Багын анд Жамухыг амлалтаасаа буцахад нь анх андгай тангараг тавьсан Туулын Хар Түнгэ, Ван Ханы ордод авчирч цаазалсан ч гэлцдэг. Учир нь уг өргөөнөөс хойшх Дадар ууланд хийсэн  малтлагаар археологич Д.Наваан  1981 онд Жамухын алтан бүсийг олж улсын санд тушаасан  нь өдгөө Монголбанкны “Эрдэнэсийн сан”-д хадгалагддаг  гэсэн мэдээллүүд  байдаг.

“Монголын нууц товчоо”-ны түүхэн баримтыг түшвэл  Чингис хаан уг  өргөөг  1203 онд  өөрийн гурав дахь хатан  Есүйн өвлийн орд болгосноор 1225 оны намрыг  дуустал  буюу 22 жил  тэнд амьдарсан байдаг. Эцэст нь “Монголын нууц товчоо”-ны 224 дүгээр талд өгүүлснээр Чингис хаан  1225 оны хавар Туулын хар шугуйд их ордоо засч буун  өвлийг хүргэж, тэндээсээ Есүй хатнаа аван  Тангудыг дайлаар мордсон түүхтэй. Өөрөөр хэлбэл, Чингис хаан амьдралынхаа сүүлчийн нэг жилийг өнгөрүүлсэн түүх бүхий орд өргөө юм. Хаан их  ордоо нүүлгэж ирсэн гэхээр тэр хавийн газар нутагт  Чингис хааны  их шүтээн нь болоод  түүхийн ховор  дурсгалууд  хадгалагдаж байгаа ч юм бил үү гэх таамаг бий.

Манайхаас бусад улс оронд бол их хаадынхаа  орд өргөөг улсын тусгай хам­гаалалтад аваад зогсохгүй сэргээн босгож, олдворуудыг нь дэлгэн харуулсан түүхийн  музей болгоод зогсохгүй  түүнд  түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлсэн байдаг. Тэр  тусмаа тухайн үеийн Хэрэйд аймгийн газар нутаг дээр оршиж буй  Улаанбаатар хотын хувьд төвөөс холгүй  20-хон км-ийн зайд байгаа Ван Ханы өргөөний туурийг  хамгаалж, хотын  аялал жуучлал хөгжүүлэх зорилгоор сэргээхэд болохгүй юм үгүй. “Буурал түүхийн жимээр” эрдэмтдийн багийн гишүүн, судлаач, доктор О.Сүхбаатар энэ талаар хэлэхдээ   “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан бүх газрыг хамгаалалтад авч дархлах ёстой юм. Бусад улс орнууд их  хүмүүсийнхээ түүхэн дурсгалт газруудад уул уурхайн үйлдвэр огт байгуулаагүй. Тэр газруудаа дархалж, музей, үзэсгэлэн нээж, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаануудыг л явуулдаг шүү дээ” хэмээн ярьсан юм.

Тухайлбал, манай урд хөршид  Мин болон Чин гүрний үеийн хаадынхаа ордонг музей болгосон нь дэлхийн олон орны аялагч, жуулчдыг татдаг сонирхолтой газруудынх нь нэгд зүй ёсоор тооцогддог. Тайванийн Үндэсний хааны ордон  музей л гэхэд Монголын түүхэнд холбоотой 700-гаад дурсгалыг дэлгэсэн байдаг. Японы Нарагийн эзэн хааны ордон музей л гэхэд жил бүрийн намар үзэсгэлэн гаргадаг уламжлалтай ч зорьж очигсдын тоо улам нэмэгдэж  байгаа гэдэг. ОХУ-д  их Петрийн яваад өнгөрсөн газраар дурсгалын самбар босгож хамгаалсан байдаг. Фран­цад их жанжин, эзэн хаан Наполеоны явж өнгөрсөн газруудад тэр нутгийн цэргийн, залуучуудын үйл ажиллагаа явагддаг.

Гэтэл манайд эсрэ­гээрээ Чингис хааныхаа төрж, өссөн, өчнөөн жил амьдарч, төрт улсаа байгуулж ирсэн  газарт эхнээсээ  уул уурхайн лицензүүд өгч, амралт, аялал жуулчлалын газрууд барьчихаад байна. Хэнтий аймгийн  нутаг Эзэн Чингис хааны түүхэн газрын нэг Хөдөө аралд л гэхэд алтны уурхай орчихоод байгаа. Дундговьд  аймагт Чингис хааны Ван хантай богино хугацаанд ч гэсэн шийдвэрлэх тулаан хийсэн түүхт газарт Хятадын компани оччихсон жонш ухаж байна. Чингис хааныг дэлхий нийт “Мянганы хүн”-ээр тодруулсан байхад  монголчууд  бид их хааныхаа дурсгалт газруудад ийнхүү хайхрамжгүй хандаж байгаа нь харамсалтай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ