Буриадын соёлын өдрүүд “Баргужин төхөм-Эртний цуурай” жүжгээр үргэлжилж байна

2018-10-23

Х.ОЮУНБОЛД

Буриад улсын  Байкал театрынхан Монгол Улсад айлчлан тоглолтоо хийхээр ирээд байна. Гурван өдөр Монголын үзэгчдэд тоглолтоо үзүүлж сонирхуулахаар ирсэн буриад жүжигчид өнөөдөр Соёлын төв өргөөний тайзнаа тоглох “Баргужим төхөм Эртний цуурай” домогт жүжгийнхээ бэлтгэлдээ оржээ. Энэ  үеэр тус театрын гоцлол дуучин, хөтлөгч Жаргал Бадмаев болон гоцлол дуучин Б.Ганцэцэг нартай уулзаж тоглолтынх нь талаар ярилцсан юм.

-Өчигдөр  Байкал театрынхан нэгдсэн гала тоглолтоо хийсэн .Энэ тоглолтынхоо талаар яривал?

– Б. Ганцэцэг: Буриад улсын  үндэсний дуу бүжгийн чуулга “Байкал” театр гурван том тоглолтыг хийхээр төлөвлөж 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирсэн.  Бид гурав хоног буюу энэ сарын 22,23,24-нд тоглолтоо хийхээр ирээд байна. Манай хамт олон өчигдөр Соёлын төв өргөөнд буриадынхаа ардын өв соёлын шилдэг гэсэн бүжиг, дуу хуурыг үзүүлж танилцуулсан гала нэгдсэн концертыг үзэгчиддээ өргөн барьсан. Өнөөдөр “Баргужим төхөм Эртний цуурай”  бүжгэн жүжгийг үзүүлэхээр бэлдэж байна. Энэ жүжгийн зохиолч, найруулагчаар манай уран сайхны удирдагч Жаргал Жалсанов ажилласан. Тодруулбал, Манай театрын хөгжмийн даргаар ажилладаг Монголын хүүхдийн хөгжмийн нэрт зохиолч Галмандахын хүү. Баттулга энэ жүжгийн  хөгжмийг бичсэн байгаа. Бид одоо тайзаа засаад орой тоглох жүжгийнхээ бэлтгэлийг хийж байна.

Жаргал Бадмаев: Өчигдрийн тоглолт бол буриадуудын соёл ямар байдгийг харуулах зорилготой байсан тоглолт байсан. Манай буриадууд дотроо бас хорь буриад,Сонгоол, баруун, зүүн буриадууд гэж хуваагддаг. Тоглолтын үеэр буриадын бүх бүжиг, дуу хөдөлгөөн, хувцас болон зүүлт ямар байдгийг харуулсан. Тухайлбал, Эрхүү буриадын бүжиг дууны ихэнх нь хөнгөн байдаг бол хорь буриадын дуу бол уянгын тал нь зонхилсон байдаг.

-Манай үзэгчид тоглолтыг чинь хэрхэн хүлээж авав, ямар санагдав?

Жаргал Бадмаев: Манай театрынхан анх удаа  Монголд ийм өргөн бүрэлдэхүүнээрээ ирж тоглож байна. Сэтгэл их өндөр байна.  Яагаад гэвэл өчигдрийн гала тоглолтын  дуу бүжиг бүрт алга ташиж, “браво” гэж хэлэх мэтээр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан. Мөн зарим дуучныг дуугаа дуулж дуусахад дахиулж байсан. Ер нь биеийн  шар үс бостол үзэж дэмжсэн.

Б. Ганцэцэг:  Тоглолтыг Монголын үзэгчид тэр дундаа энд ажиллаж амьдардаг буриадууд  болон зарим байгууллагын удирдлагууд ирж үзсэн. Мөн анх удаагаа гэж хэлж болно. Монгол буриад соёл урлагийн баялаг болон хэл ярианы онцлогийг олж харсан. Буриад дуу бүжиг ямар олон янз байдагийг харуулсан. Би энэ тухай үзэгчид  тоглолтын дараа ярьж байхыг сонссон.

Жаргал Бадмаев: Би энд тоглолттой холбоотой нэг юм яримаар байна. Өчигдрийн тоглолтыг харж байхад энд байгаа буриадууд хорь буриадууд. Тийм учраас тайзан дээр баруун буриадын дуу явахад гоё хүлээж авсан. Гэхдээ бага зэрэг мэдэхгүй шинэ зүйлээ харж байгаа цочролд орсон юм шиг санагдаж байсан. Харин хорь буриадын дуу явахаар бүр босч ирж байсан шүү.

Б. Ганцэцэг:   Монголд хорь буриадууд их амьдардаг. Иймээс манай монголчууд буриадууд гэхээр хорь буриадаар төсөөлдөг. Ерөөсөө энгэртэй дээлтэй, малгайтай гэж. Харин өчигдөр буриадууд дотроо хоорондоо үг хэл яриа, бүжиг дуугаараа ямар ялгаатай юм бэ гэдгийг харсан байх.

-Өнөөдөр тавих жүжгийнхээ тухай яриач? Хорь буриадтай холбоотой жүжиг шиг санаж байна.

Б. Ганцэцэг:   Энэ бол “Баргужин төхөм Эртний цуурай” гэсэн утгатай үг. Энэ бол зүгээр буриадын тухай биш. Хорь буриадын тухай ч биш.  Манай монгол угсаатны өвөг дээдсийн тухай  түүхэн сэдэвтэй жүжиг юм. Тодруулбал,Чингис хаанаас өмнөх үеийн ихэрис, хонгирад, хорь түмэд зэрэг манай монголын эртний овог аймгуудын үед амьдарч байсан баргууд болон хорь түмэд гэсэн хоёр овог аймгийн дунд өрнөсөн дайн тулааны түүхийг харуулна.  Газар нутаг, эрх мэдлийн төлөө байнга өрнөдөг байсан дайн тулааныг зогсоохын тулд хоёр овог аймгийн тэргүүнүүд  сүй тавьж Баргужин гуа, Хорилардай мэргэнийг суулгахаар болдог. Одооныхоор бол найрамдал тогтоох гэж хоёр хүүхдээ нялх бага насанд сүй тавьдаг.  Хоёрдугаар хэсэгт тэд нас биенд хүрч нэг нэгэндээ хайр сэтгэлтэй болж байгааг уянгийн халилтайгаар үзүүлнэ. Мөн үзэгчдээ уйдаахгүйн тулд энэ жүжигт маш сонирхолтой байдлаар аймшгийн, хошин болон үлгэр домгийн зүйлсийг хольсон байгаа. Харин жүжгийн төгсгөлд энэ жүжгийн зангилаа нь утга учир нь энэ хоёр том овог аймгийн Баргужин гуа, Хорилардай мэргэний дундаас манай бүх монголын Алангуа эх төрсөн шүү гэдгээр өндөрлөж байгаа юм. Энэ жүжиг нь анх орос, буриад хэл дээр байсныг монгол үзэгчиддээ зориулж   н. Хангайсайхан гэдэг хүнээр орчуулуулсан.  Харин орчуулгыг Монгол улсын нэрт лектор Идэрчулуунаар уншуулж, хянуулсан.

Бид бүхний гарал үүсэлтэй холбоотой энэ жүжиг учраас монголын үзэгчид маань ирж үзэхийг  хүсч байгаагаа тэд хэлсэн юм. Буриад улсын  Байкал театрын манай оронд хийж байгаа энэ тоглолт нь Монгол, ОХУ-ын соёлын харилцааны найрамдлын сар болон Соёлын төв өргөөний 30 жилийн ойтой давхцаж байгаа юм байна. Үүнийг энэ төвд барьж байгаа бэлэг гэж ойлгож болно. Мөн энэ тоглолтыг гурван өдөр Монголд зохион байгуулахад тусалсан бүх хүмүүст талархаж байгаагаа тэд илэрхийлсэн юм. Дашрамд дурдахад энэ Буриад улсын төрийн шагналт энэ жүжгийн зохиолыг бичсэн найруулагч, уран сайхны удирдагч Жаргал Жалсанов болон  хөгжмийг бичсэн хөгжмийн дарга Г. Баттулга  Буриад улсын төрийн шагналыг хүртсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ