ДАШТ-2018 ОХУ-ын эдийн засагт 952 тэрбум рублийн ашиг авчирчээ

2018-10-22

Д.ЭНХЭЭ

Оросын эдийн засагт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний авчирсан эдийн засгийн нааштай үр дүн 950 тэрбум рублийг давж, ойрын таван жилийн жил тутмын өсөлт 150-210 тэрбум рублээр үнэлэгдэж байна хэмээн хөлбөмбөгийн ДАШТ – ний зохион байгуулах хорооны тайлангийн судалгаанд дурджээ. Энэ талаар “Интерфакс” агентлаг энэ сарын 16-нд мэдээлсэн байна.

“2013-2018 оны хоорондох дотоодын нийт бүтээгдэхүүнд 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үзүүлсэн нийт нөлөө 952 тэрбум рублээр үнэлэгдэж байгаа нь ОХУ-ын нэг жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний нэг орчим хувь болж байна. Дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалт, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр жуулчдын гаргасан зардал, мөн бэлтгэх зардал зэрэгтэй энэ нөлөө уялдаж байна. Энэ нөлөөг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах бусад тэмцээнийхтэй харьцуулах боломжтой” хэмээн “Интерфакс” – т ирүүлсэн уг тайланд өгүүлсэн байна.

2013-2018 оны хооронд дотоодын нийт бүтээгдэхүүн өсөн нэмэгдсэн явдал жилд 315 мянган ажлын байр бий болгож, түүнийг тогтвортой хадгалсан, мөн төсөвт орох татварын орлого 164 тэрбум рублиэр нэмэгдсэнээр хүн амын хөдөлмөрийн орлого 459 тэрбум рублиэр өсөхөд хүргэжээ.

“Энэ хугацаанд мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого мэдэгдэхүйц буюу 797 тэрбум рублиэр нэмэгдсэн явдал юуны өмнө барилгын бүтээн байгуулалт болон аялал жуулчлалын салбарт өндөр хувь нэмэр оруулсантай холбоотой” хэмээн тус тайланд тэмдэглэжээ.

Зохион байгуулагчдын мэдээгээр ихэнх бүс нутгийн хувьд ДАШТ-2018-д бэлтгэх, зохион байгуулахад оруулсан хувь нэмэр бүс нутгийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний  2-6 хувийг бүрдүүлсэн бөгөөд Калиниград мужийнх 20, Мордовынх  16 хувь байна.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд дэд бүтэц бий болгосон явдал ойрын таван жилд дотоодын нийт бүтээгдэхүүний жил бүрийн нэмэлт өсөлтийг 150-210 тэрбум рубль байхаар хангаж чадна  гэдгийг тус тайланд дурдсан байна.

“Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулснаас хойш тэмцээн зохион байгуулсан бүс нутагт хөгжих аялал жуулчлалын ерөнхий өсөлт, гол төлөв ДАШТ-2018- д бэлтгэх хүрээнд дэд бүтцээр хангагдсан цэнгэлдэх хүрээлэн орчмын газар нутгийн цогц хөгжил зэргээр дотоодын нийт бүтээгдэхүүнд үзүүлэх нөлөө тодорхойлогдох болно” хэмээн тус тайлан илтгэлд өгүүлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ