Ван ханы өргөөний туурийг тусгай хамгаалалтад авъя

Ч. Үл-Олдох

2018-10-16

Сонгинохайрхан дүүргийн нутаг “Шувуун фабрик”-ийн ойролцоох Ван ханы өргөөний туурийн газар хамгаалалтгүйгээс болж өнөөдөр тэр хавийн хүмүүс ойр орчимд нь хашаа байшин барьж, ногоо тарих зэргээр газрыг нь эвдэж эхэлжээ.

 

Эрдэмтэн, судлаачдын хамтарсан  “Буурал түүхийн жимээр”  баг өнгөрсөн намар Чингис хааны түүхэн дурсгалт газруудаар  аялж,  олон асуудал дэвшүүлсний  нэг нь Ван ханы өвлийн өргөөг хамгаалалтад авах тухай байв.

Аяллын багийнхан  Хар зүрхний хөх нуур, Хөдөө арал, Дэлүүн болдог, Туулын хар шугуй, Гурван голын сав газар  гээд олон газраар явсан.

Уул уурхай орсон, алт ухаж эхэлсэн хэмээн сэтгэл түгшээж буй  Хөдөө аралд эрдэм шинжилгээний хурал хийж, түүхийн дурсгалын үнэ цэнийг мэдрүүлэх, хайрлаж хамгаалах талаар илтгэл хэлэлцүүлсэн юм. Тэр дотроос Ван ханы өргөөг онцлохын учир нь одоогоос 10 гаруй жилийн өмнө археологийн малтлагаар илрүүлж олноо зарласан тус газарт  өдгөө ямар ч хамгаалалт алга.

Түүхийн сурвалжид Туулын Хар түнгэ хэмээн тэмдэглэгдсэн өдгөө  нийслэлээс 20 орчим км,  Сонгинохайрхан дүүргийн нутаг “Шувуун фабрик”-аас холгүй Ван хан Тоорилын өвлийн өргөөний туурь оршдог. Ван ханы өргөө байснаас гадна хожим Чингис хааны хайртай хатан Есүй хатан амьдарч байсныг зарим эх сурвалжид бичсэн байдаг. Анх 2006 онд  МУИС-ийн багш, ахмад археологич Д.Наваан агсан уг туурийг илрүүлэн малтлага хийсэн юм. Өнөөдөр тус газар ямар байдалтай байна вэ гэвэл,  өргөөний туурийг тойруулан  холгүйхэн төмөр хайс татсан хэдий ч алсдаа  айлууд  хашааны газраа нааш цааш  татах,  газар тариалан эрхэлдэг хүмүүс хэзээ мөдгүй  түрээд ороод ирэхээр нөхцөл байдал үүсчээ. Дээр нь сул шороо ихтэйгээс  өргөөний туурь элсэнд дарагдаж мэдэхээр болсон байна.

Д.Наваан агсныг тус газарт археологийн  малтлага хийж байх  үед өвлийн өргөөний туурь нэлээд тод гарч ирсэн байдаг. Тухайлбал, чулуун шалны хээ тодхон гарсан, шүтээний сүмийн хана  болон өвлийн өргөөний суурийн хэсэг, дөрвөн булан нь   тод гарсан  байв. Түүнчлэн шүтээний сүмд залж асан  билэгдэлт амьтдын дүрс бүхий зарим олдворууд ч гарсан нь бий. Тэгвэл өнөөдөр тэр байдал орвонгоороо эргэжээ. Овоо, багана босгосноос өөр Тоорил ханы өвлийн өргөө эсвэл Есүй хатны өргөө байсан гэхийг батлах зүйл тэнд алга. Ядаж дурсгалын томхон самбар босгож бичээс хийчихсэн бол ойр хавиар өнгөрч буй хүмүүс ийм учиртай газар юм байна гэдгийг ойлгохсон. Хүүхдүүд ч гэсэн “Монголын нууц товчоо”-нд дурдагддаг Ван ханы өргөө энд байжээ гээд чулуу, шороог нь хөндөхгүй байхсан. Гэтэл ийм сэдэл санааг төрүүлэх  зүйл тэнд алга.

 

УЛААНБААТАР ХОТЫН ГАЗАР  ЭРТ ЦАГТ ХЭРЭЙДИЙН НУТАГ БАЙВ

 

Ван ханы өвлийн өргөөний туурийг хамгаалалтад авах онцгой шаардлага бий. Нэгдүгээрт,  түүхийн дурсгал. “Монголын нууц товчоо”-д олонтаа дурдагддаг. Их Эзэн Чингис хааны  эцэг Есүхэйгээс эхлэн  олон арван түүхэн үйл явдалтай   холбоотой  газар нутаг. Иймд Хэрэйдийн түүх, газар нутгийг одотгож үзэх учиртай юм. Хэрэйдийн ханлиг, түүний  нутаг дэвсгэр нь XI-XII зуунд Яг явган (Заг Завхан), Туул, Сэлэнгэ элсэн говийн хооронд баруун талаараа Наймантай, хойд өмнөд талаараа Мэргидтэй, зүүн талаараа Хамаг Монголтой, өмнөд талаараа Тангад улстай хиллэж байсан гэж гардаг. Тэр нь өдгөө нийслэлийн нутаг дэвсгэртэй таарч байгаа юм.

Хэрэйдүүд XI-XII зууны үеэр ихээхэн  хүчтэй болж, улмаар феодалын түрүү үеийн шинж төлөв бүхий ханлиг тэдний дунд үүсэн бий болсон гэж үздэг.  Рашид ад Дин “Судрын чуулгандаа”-даа “Тэд (Хэрэйд) өөрсдөө монголчуудын төрөл (овог) юм. Нутаг нь монголчуудын нутаг Онон, Хэрлэн гол юм.  Хэрэйд нь Монголын нэгэн овог аймаг гэдэг нь хэнд ч ойлгомжтой байдаг боловч тэднийг “монголжсон түрэгүүд”, эсвэл “түрэгжсэн монгол” гэдгээр түүхчид өнөө ч маргалдсаар байдаг. Хэрэйдийн түүхэнд нэр нь үлдсэн хамгийн эртний Буюруг цолтой хан бол Маркус болно” гэж бичсэн байдаг.

 

ЧИНГИС ХААН, ВАН ХАН НАР ТУУЛЫН ШУГУЙД ГУРВАН УДАА УУЛЗЖЭЭ

 

Хэрэйд улс, Ван ханы талаар тусгайлан судалсан түүхч, судлаач байхгүй. Харин түүхийн ухааны доктор, судлаач Ц.Минжин  нэлээд хэдэн  судалгааны өгүүлэл бичиж нийтлүүлсэн. Тэрээр  “Хэрэйдийн ханлиг” , “Ван хан Тоорил” өгүүлэл бичиж, “Чингис хаан, Тоорил ван нарын холбоотой түүхт үйл явдлын жагсаалт”-ыг гаргасан  юм.  Тэрээр судалгаандаа “Тоорилыг Туулын хар шугуйд байхад Есүхэйн хүү Тэмүжин “аавын минь анд билээ” хэмээн 1178 оны шар нохой хар булган дах барин ирж анх холбоо тогтоов. Учир нь Тэмүжин өөрийн хүчин чадлыг зузаатгахын тулд юуны урьд хүчирхэг нөлөө бүхий хэн нэгний тусламж дэмжлэгийг авах хэрэгтэй байсныг сайтар ойлгож тэр үед тус болох хүн бол гагцхүү Хэрэйдийн Тоорил ханаас өөр хүн байсангүй. Хэрэйд аймаг нь тэр үед Монголын хамгийн хүчирхэг аймаг болсон байв. Тоорил хан Тэмүжиний тарж бутарсан иргэдийг Тэмүжинд хурааж өгсөн түүх ном шастирт алга байна. Гагцхүү Бөртэг Мэргидээс чөлөөлж авахад Тэмүжинд тусласан удаатай. Бусад аян дайнд тэр олз ашиг горилон оролцож байсан болохоос биш Тэмүжинийг тэнхрүүлж тусалчихъя гэсэн үнэн санаа агуулж байсан нь харагдахгүй байна. Харин Ван ханд Тэмүжин чин сэтгэлээсээ тусалж, аварч явсан түүх арвин” гэж дурдсан нь сонирхолтой дүгнэлт юм.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

Ц.Минжин: ЭКО БҮТЦИЙГ НЬ ЭВДЧИХЭЛГҮЙ ХОТЫН  АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛГООСОЙ

Д.Наваан гуайн анх олж илрүүлсэн Ван ханы өвлийн өргөөний туурь бүхий энэ орчим нь   одоогийн нийслэлийн  газар нутаг, түүхэнд  тэмдэглэгдсэнээр  Хэрэйд аймгийн нутаг юм.

XII  зууны үед Хэрэйд аймаг маш хүчирхэг, өндөр соёлтой,нестрон  шашин  өндөр хөгжсөн байсан. Тэр том хүчирхэг аймгийн төв буюу хааны ордон байсан газар гэдэг түүхэнд маш чухал ач холбогдолтой. Нэгдүгээрт, Хэрэйд аймгийн төв байсны хувьд, хоёрдугаарт   Их монгол улсыг хүчирхэгжүүлэх  гол хүн хүч, эдийн засгийн нөөц суурь нь Хэрэйд аймагтай холбоотой. Тэгэхээр Их Монгол Улсыг хүчирхэгжүүлэхэд Хэрэйдийг   байдан дагуулснаар Чингис хааны сүр хүч төдий чинээ ихэссэн. Гуравдугаарт, Чингис хааны энэ ордон нь  Есүй  хатных нь өвлийн өргөө  байсан.  Өөрөөр хэлбэл, Чингис хааны  гурав дахь  өргөө байсан газар  бол  Их Монгол Улсын газар  нутгийн цөм хэсгийн  нэг гэж үзэж болно.

Тэгэхээр ийм чухал газрыг одоо болтол  улсын хамгаалалтад  аваагүй байна гэдэг байж боломгүй. Ордны туурь байсан, үгүй  гэлцдэг асуудал нь   тэнд  хийсэн археологийн судалгаагаар баталгаажсан. Яаж батлагдсан бэ  гэхээр одоо ч  газрын зураг дээрээс  харагддаг. Ордны шал, чулууны өрөлт, ордны халаалтын  байдал нүдээр харахад илхэн байдаг. Түүхэн ач холбогдлын хувьд ийм чухал газар. Хоёрдугаарт, ялангуяа нийслэлийн  бүс нутагтай ойрхон, хот дотор  аялал жуулчлал, эсвэл хотын ойрхон бүсэд аялал жуулчал хөгжүүлэхэд нэг том түшиц болох  газар юм.

Анх тэр газарт хөшөөг босгоход одоогийн УИХ-ын дарга М.Энхболд оролцож байсан. Нээлтэд нь  би оролцож  үг хэлж байсан юм. Зүгээр нэг газар хөшөө босгоогүй. Улаабаатарын ойр  нэг чухал түүхэн  газар гэж хөшөө босгосон. Нийслэлийн орчинд  аялал жуулалын  бүс  болгоход  газар байцын хувьд  ч, түүхэн ач холбогдлын  хувьд ч  чухал. Хамгаалалтгүйгээс болж өнөөдөр ямар асуудал үүсч байна гэвэл, тариа ногоо  тарьдаг хүмүүс ойр орчимд нь хашаа барьж газрыг нь эвдэж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, газрын эко бүтцийг алдагдуулж эхлэхэд тун ойртсон харагдсан.  Дээхнэ үед бол  партизан цэргүүдийн хадлангийн газар гэж хэлээд  хамгаалж байсан байдаг. Партизан цэргүүд  түүхэн газар гэдгийг мэдэж байсан учраас хамгаалж авч үлдэж чадсан. Ер нь бол тэр орчмын газар үе үеийн нутгийн иргэдийн хамгаалалтад байгаад байна. Төр бодлогоор хамгаалах цаг болсон.

Ван хан Тойролын өргөөний туйран дээр хөшөө босгох үеэр. 2006 он.

 

ЧИНГИС ХААН, ВАН ХАН ТООРИЛ НАРЫН ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

 

1178 ОН-ШАР НОХОЙ ЖИЛ

Туулын хар шугуйд:

-Хэрэйдийн хан Тоорилтой анх холбоо тогтоов.

 

1179 ОН-ШАРГАЧИН ГАХАЙ ЖИЛ

Буур хээрт:

-Тэмүжин, Ван хан, Жамухын тусламжтайгаар  Мэргэдийг  довтолж Бөртийг буцаан авчирав.

 

1189 ОН-ШАРГАЧИН  ТАХИА ЖИЛ

Хөх нуурт:

-Хамаг Монгол хаантай болсныг зарлан Тахай, Сүхэхэй хоёрыг Тоорил ханд  элчээр  илгээв.

 

1196 ОН-УЛААН ЛУУ ЖИЛ

Улз голын орчим:

-Чингис хаан “…өшөөт Татартай байлдъя.  Тоорил хан  эцэг даруй иртүгэй” гэж  элч илгээв.

Хусату шүтүэн, Нарату шүтүэнд:

-Мэгүжин сүүлт  тэргүүтэй татарыг  Чингис хаан, Тоорил хан  нар хамтран довтлов.

 

1198 ОН-ШАР МОРЬ ЖИЛ

Хүсэхүй Гүсэүр нуур:

-Тоорил хан, Чингис хаанд  элч илгээж,  ядарч яваагаа дуулган  асарч тэтгэхийг гуйжээ.

Хэрлэн голын эхэнд:

-Тэмүжин  Тахай баатар, Сүхэхэй хоёрыг элчээр  илгээж, Тоорил ханыг угтуулан, өөрөө Хэрлэн голын эхэнд  тосон уулзав.

Туул голд:

-Тоорил ханыг тэтгэн , эцгийн ёсоор хүндэтгэн  найр хийжээ.

 

1199 ОН-ШАРГАЧИН ХОНЬ ЖИЛ

Хишилбаш нуурт:

-Тэмүжин Ван  ханы өшөөг авахын тулд умард Найман  аймагтай байлдав.

Байдрагийн бэлчирт:

-Буцах замд нь өмнөд Найманы цэрэг тосон байлдахаар хүлээж байв.

-Ван  хан Жамухын ятгалга үгэнд  орж Тэмүжинг  шөнө дунд  орхин явав.

Саарь хээрт:

-Ван хан найманд дийлэгдэн эд хөрөнгө, эмс хөвүүдээ булаалгасан тухайгаа элчээр хэлж  дөрвөн хүлэг баатраа ирүүлэхийг гуйжээ.

Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатар нь  эд хөрөнгө эмс хөвгүүдийг нь  Найман аймгаас салган Тоорил ханд өгөв.

Туулын хар  шугуйд:

-Тэмүжинд  элч заран, найр хийж,  Тэмүжинг Сэнгүмийн ах  болгож, эцэг, хөвүүн болж ёслов.

 

1200 ОН-ЦАГААН БИЧ ЖИЛ

Саарь хээрт /Хөдөө аралын  орчим/:

-Тайчуудыг довтлох асуудлыг Тэмүжин, Тоорил хан нар хэлэлцэв.

Ононы элсээс Онгод Тулас хүртэл:

-Тэд  Тайчууд руу  шууд  дайран  ороход  зугтсан  тул нэхэн  хөөж устгав.

 

1201 ОН-ЦАГААГЧИН ТАХИА ЖИЛ

Хайлаарын Тэниг гохины талд:

Зарим Монгол  овог аймгууд Жамухыг  гүр хаанд  өргөмжлөн  Тэмүжиний эсрэг  холбоо байгуулан  довтолсон ч ялагдав.  Энэ байлдааны дараа  Ван  хан Хуба Хаяад, Чингис хаан  Цэгцэрийн  ууланд өвөлжжээ.

 

1202 ОН-ХАР НОХОЙ ЖИЛ

Хүйтэн:

-Ван  хан,  Чингис хаан  хоёр  цэргээ нэгтгэн Жамухтай байлдав. Уг байлдааны дараа Ван хан  Жамухыг  нэхэж, Чингис хаан Тайчуудыг  сөнөөхөөр  цааш  хөдлөв.

 

1203 ОН-ХАРАГЧИН ГАХАЙ  ЖИЛ

Жэжээр-Өндөрийн  хярын Бэрхэ Элэтэд:

Жамуха, Алтан, Хучир,  Хар хятадын Өвөгжин ноён, Сүбээдэй Тоорил, Хачиун  бэхи нар эелдэж Нялха Сэнгүмтэй уулзан Чингис хааны эсрэг  хуйвалдан, Ван ханд Сайхан-Тодэ гэгч хүнээр элч илгээв.

– Ван  хан Чингис хааныг довтлохыг эс зөвшөөрсөнд Сэнгүм  өөрөө  хүрч ирэн ятган  Тэмүжинг “Багалзуур идэхээр”  ирээч хэмээн элч  илгээв.

-Тэмүжин Бухатай, Хиратай хоёр  элчийг элчлүүлж, адуу таргалсны хойно очихоо хэлүүлэв.

Мау-Өндөрт:

-Чингис хаан  урилга  аваад  ирээгүйд  Сэнгүм, Жамаух нар гэнэдүүлэн довтлосон ч Чингис хаан  баригдсангүй, цөөн  нөхөдийн хамт Балжун  нуурын усаар тангараг өргөжээ.

Түнхэлэг  горхины зүүн этгээдэд:

Чингис хаан Ван хан, Сэнгүм, Алтан, Хучир, Даридай нарт элч элчлүүлэв.

Жэжээр Өндөрийн Жэр хавцал:

Чингис хаан  гол цэргээ засан Ван  ханаар  толгойлуулсан Хэрэйд аймгийг ялжээ.

Эх сурвалж: Доктор Ц.Минжингийн судалгаанаас

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ