Жүжигт мөнхөрсөн Нансалмаа, дуурийн театрын Хоролмаа

2018-10-15

Ч.ГАНТУЛГА

Бид “Сонгодог урлаг” булангаараа Монголын дуурийн урлагийн анхдагчуудыг цувралаар танилцуулж байгаа. Энэ удаа Монголын анхны Хоролмаа буюу Ардын жүжигчин Т.Хандсүрэнгийн тухай онцолж байна.

 

Монголын сонгодог урлагийн охин тэнгэр, авьяас нь асгарсан, алтан үеийнхний нэг нь Ардын жүжигчин Т.Хандсүрэн байв. Тэрээр шанз дарж, сайхан дуулдаг байсан тухай Монголын театрын түүхнээ тэмдэглэсэн байдаг. Урт гэзгээ дээш нь шууж, дугуй цагаан малгайг хазгай тавьж, намбалаг гэгч нь алхдаг байсан гэж нэгэнтээ театрын тайзнаа хамт тоглож явсан Ардын жүжигчин Л.Цогзолмаа дурссан нь бий. Яг л тэр төрхөөрөө үзэгчдийн сэтгэлд үүрд үлджээ. Т.Хандсүрэн анх 1934 онд “Учиртай гурван толгой” жүжгийн Нансалмаагийн дүрийг бүтээсэн юм. Харин есөн жилийн дараа Б.Смирнов, Б.Дамдинсүрэн нар түүнд Хоролмаагийн дүрд дуулах санал тавьжээ. Ингэж тэрээр Монголын театрын тулгын чулууны галыг бадраасан алдарт “Учиртай гурван толгой” бүтээлийн эерэг, эсрэг дүрийг бүтээсэн анхны жүжигчин болсон байдаг.

 

ЭСРЭГ ДҮРИЙН МАСТЕР

 

Ардын жүжигчин Т.Хандсүрэн 1933-1988 оныг хүртэл урлагийн алтан тайзнаа гялалзахдаа 200 гаруй бүтээлийн гол болон туслах дүрийг бүтээсэн гавьяатай. Түүнийг манай алтан үеийнхэн “Эсрэг дүрийн мастер” хэмээдэг. Учир нь түүнээс өөр эсрэг дүрийн мөн чанар, дотоод сэтгэлийг нь гаргадаг жүжигчин одоо ч ховор юм. Тэрээр энэ тухайгаа “Би үзэл суртлын хувьд хоцрогдсон, буруу зүйлд автагдсан хүний дүрд тоглохдоо зөрүүдэлсээр байгаад эцэст нь ямар уршиг бий болж байгааг тод харуулахыг хүсдэг” гэж нэгэн дурсамждаа тэмдэглэжээ. Түүний бүтээсэн “Харанхуй засаг” жүжгийн авгай, “Говийн хүүхэн Гүндэгмаа” жүжгийн Гүндэгмаа, “Шарай голын гурван хаан” жүжгийн хаан гэрийн хатан, “Мандухай сэцэн хатан” жүжгийн Ергөн хатан, “Амарсанаа” жүжгийн Южин гээд сэтгэлд хоногшсон дүрүүдээс нь ямархан авьяастай уран бүтээлч байсныг нь харж болох юм.

 

ГЭРТЭЭ МААМ, ТЕАТРТАА БАГШ

 

Т.Хандсүрэн ганц охинтой. Охин М.Жаргал нь гадаад харилцааны мэргэжилтэй юм байна. Түүний бага нас ээжийгээ дагаж, театрт өнгөрсөн хэмээн дурсчээ. М.Жаргал “Би ээжийгээ Маам хэмээн авгайлдаг байсан. Тоглосон жүжгүүдийг 20-30 удаа үзсэн байх шүү. Аав минь эрт тэнгэрийн оронд очсон учир ижий минь амьдралын бүхий л ачааг нуруундаа үүрсэн дээ. Надад “Хүнд үргэлж туслаж байгаарай” гэж захьдаг байсан” гэж  дурссан юм. УДЭТ-ын үе үеийн уран бүтээлчид Т.Хандсүрэн гуайг “Багш” хэмээн хүндэлдэг байж. Хэдийгээр үргэлж эсрэг дүрээр тайзнаа амьдарсан ч өөрийнхөө амьдралд үргэлж гэрэл гэгээтэй, сайн сайхны төлөө тэмүүлж, амьдралын зөв зарчмыг баримталдаг байсан тухай хамт ажиллаж байсан уран бүтээлчид нь ярьсан байдаг.

 

ЖҮЖИГЧИН, ДУУЧИН

 

Ардын жүжигчин Т.Хандсүрэн 1915 онд Түвдэнгийн гурав дахь охин болж хорвоод мэндэлжээ. Том ах Т.Аюурзана нь орхон үүлдрийн хониор ажил үйлсээ мөнхөлсөн гавьяат зоотехникч байжээ. Харин дунд ах Т.Шагдарсүрэн нь Төрийн шагналт, академич, мэс засалч байв. Ээж Буяндэлгэр нь хөгжимчин байсан учир охиноо урлагт дуртай, хөгжмийн авьяастай болоход нь нөлөөлсөн гэдэг. 14 настайгаас нь авьяас нь тодорч, ардын дуу дуулж радиод бичүүлсэн нь одоо ч Алтан фонодод хадгалаастай бий. Тиймээс ч “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаад дуулж, Монголын сонгодог урлагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн гавьяатан юм. Түүнээс хойш цаг үе бүхэн өөрийн Хоролмааг бүтээсэн бөгөөд энэ цагийн Хоролмаа бол гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ