Н.Алтанхуяг: “РИО ТИНТО”-гийн шаардлагыг хүлээж авахад буруудахгүй

2013-08-23

Д.БОЛОРМАА

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр маргаан дагуулсан хэд, хэдэн асуудалд хариулт өглөө. Түүний яриаг сийрүүлэн хүргэе.

Валютын ханш өсч эдийн засаг хүндэрч эхэлсэн тухай судлаачид ярих боллоо. Үүнийг засгийн хэмжээнд яаж зохицуулах юм бэ?

-Эдийн засгийн тухай асуудлыг ярьж байна. Олон янзын хүмүүс олон янзын дүгнэлт хийж байх шиг байна лээ. Гэвч ихэнх дүгнэлт нь үндэслэл судалгаа муутай. Тэгээд ч эдийн засгийн асуудал сайн, муу байгаа тухай хэн нэгэн хүн яриад явдаг юм биш.  Статистикийн тоо баримтад тулгуурлаж ярих учиртай. Өнөөдрийн байдлаар эхний долоон сарын байдлаар Монгол Улсын нийгэм, эдийн засаг ямар байгаа вэ гэдэг статистикийн тоо баримтууд гарсан байгаа. Үүнээс таван үзүүлэлтийг онцолж байна. Нэгдүгээрт, эдийн засгийг тодорхойлдог хүчин зүйл бол эдийн засгийн өсөлт. Өнгөрсөн зургадугаар сарын байдлаар манай улсын эдийн засаг 11.3 хувь өссөн. Хоёрдугаарт, инфляц буюу бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хувьд  2012 оны төгсгөлд жилийнхээ дүнгээр 14 хувиар өссөн байсан. Харин энэ удаа 8.3 хувьтай байна. Энэ нь өргөн хэрэглээний барааны үнийг өсөлтийг хязгаарлая гэсэн Засгийн газрын бодлого амжилттай хэрэгжиж байгааг илтгэнэ. Гуравдугаарт, ажлын байр нэмэгдэж ажилгүйчүүдийн тоо багаслаа. “Монгол хүн Монголдоо сайхан амьдаръя” гэдэг хөтөлбөрийн хүрээнд 37 мянга гаруй ажлын байр шинээр бий болсон. Энэ тоог би цээжний бангаар хэлээгүй шүү. Цаас хараад хэлж байна. Дээр нь барилга, хөдөө аж ахуйн салбарт томоохон үзүүлэлт гарсан. Харин сөрөг үзүүлэлтэй хоёр зүйл байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт багассан, валютын ханш хөдөлсөн нь үнэн.

Гадаадын хөрөнгө оруулалт юуны учир багасав. Үүнд Засгийн газраас зүгээс яагаад арга хэмжээ авахгүй сууна вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалт буурсан шалтгаан ийм байна. Нэгдүгээрт, “Оюутолгой” компани өнгөрсөн гурван жилд оруулбал зохих хөрөнгө оруулалтаа хийгээд дууссан. Одоо дахин шинэ хөрөнгө оруулалт буюу гүний уурхайд хөрөнгө оруулах тухай. Үүнээс болж манай улс руу чиглэсэн нийт хөрөнгө оруулалт буурч байгаа мэт харагдаж байгаа юм. Хоёрдугаарт, Монголд хөрөнгө оруулалтын орчин муу болсон гэх шум дэлхийн зах зээл дээр хоёр жилийн туршид яригдлаа. Одоо ч дуусаагүй байна. Гуравдугаарт, урт нэртэй хуулийн хүрээнд компанийн дундаж хөрөнгө оруулалтыг зогсоосон байгаа. Энэ гурван хүчин зүйл нөлөөлөөд байна. Үүнийг арилгахаар бид ажиллаж байна. Засгийн газрын эрх хэмжээнээс хэтэрсэн, хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарвал УИХ-аар оруулж хэлэлцүүлэх болно. Яах вэ, өнөөдөр валютын ханш өөрчлөлтэйгээр холбоотой томоохон зохион байгуулалттай гүтгэлгийн кампанит ажил өрнөж байна. Сонин хэвлэлийнхэнд мөнгө хаяад  нийтлүүлж байгаа бололтой.  Гэхдээ шинэчлэлийн Засгийн газрын гол зорилго бол тоогоор хөөцөлдөх биш худал бүхэнд хариулт өгөх биш юм. Харин яаж улсынхаа эдийн засгийг сайжруулах вэ гэдэгт л тулгуурлан ажиллаж байна. Ирэх сард  Засгийн газрын нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа ард түмэндээ тавина.  Манай Засгийн газар нээлттэй, ил тод байдлыг өдөр тутамдаа эрхэмлэдэг учраас ард иргэдээс нуугаад байх юм алга.

Валютын ханш  хэлбэлзэхээс шалтгаалж татвар, шатахууны үнэ нэмэгдэх нь гэсэн хардлага байна?

-Засгийн газар хямарсан, мөнгө олох гэж татвараа нэмнэ,   найман хувийн зээл дуусч байгаа гэх мэтийн сөрөг мэдээлэл Засгийн газрын эсрэг чиглэж байгаа.  Хэрэг дээрээ энэ бүхэн Засгийн газрын нэр хүндийг  унагах гэсэн санаатай үйлдэл.  Тэгээд ч бид Татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Ингэснээр татвараас зайлсхийж, ашиг олохгүй байгаа гэсэн хуурамч тайлан гаргадаг гэх асуудалд зохицуулалт хийх боломжтой болно.  Иймээс цаашид найман хувийн хүүтэй зээл зогсохгүй, татвар нэмэгдэхгүй, бензин шатахууны үнэ нэмэгдэхгүй гэдгийг албан ёсоор хэлье.

-“Оюутолгой” компани 1700 ажилтнаа халсан явдал энэ өдрүүдийн халуун сэдэв байлаа. Танд ажилгүй болсон иргэдийг ажилд нь оруулах боломж харагдаж байна уу?

-Зарим хүн “Оюутолгой” компанийн үйл ажиллагаа бүрмөсөн зогссон мэт ойлгоод байх шиг байна. Тэгвэл үгүй. Зөвхөн анхны хөрөнгө оруулалтаа хийгээд дууссан учраас дараагийн ээлжинд далд уурхайн олборлолт явуулах эсэхийг шийдэхээр хүлээж байгаа юм. Ил уурхайгаа олборлоод дууссаныхаа дараа 1700 ажилтнаа халсан асуудлыг сайн судал гэж Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавд хэлсэн байгаа. Мятав даргын хэлж байгаагаар “Оюутолгой” компанийн үндсэн ажилтан болох 61 хүн ажилгүй болсон юм билээ. Харин бусад нь туслан гүйцэтгэгч компанийнх нь ажилтнууд бололтой. Тэглээ гээд  манай Засгийн газрын зүгээс энэ ажилгүй болсон 1700 хүнийг ажлын байраар хангах боломж бий. Өөрөөр хэлбэл, 1700 хүнийг битгий улстөржүүлээд  бай л даа.  37 мянган хүнийг ажлын байраар нэмж байгаа юм чинь иймхэн хүнийг ажлын байраар хангаж чадалгүй яадаг юм бэ.

Удахгүй ээлжит бус чуулган хуралдана. Энэ үеэр төсвийн тодотгол хийнэ гэх мэдээ байна. Төвсийн тодотгол хийнэ гэвэл ямар салбарт зонхилж хийх вэ?

-Одоогоор төсвийн тодотгол хийх эсэхийг яриаагүй байна. Шаардлагатай гэвэл УИХ-д оруулна.

-“Оюутолгой” компанийн далд уурхайд хөрөнгө оруулалт хийвэл манайд ашиггүй гэж судлаачид хэлж байна. Харин Засгийн газрын зүгээс далд уурхайд хө­рөнгө оруулахыг дэмжиж байгаа бололтой юм?

-Өнгөрсөн долоо хо­ногт үе, үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээс энэ талаар санаа оноог нь сонссон. Бүгдээрээ л хөрөнгө оруулалтаа тогтвортой байлгахыг хурлаар хэлнэ лээ. “Оюутолгой” компанийн ил уурхайг олборлоод дууссан. Одоо далд уурхайг олборлоход хөрөнгө оруулалт шаардлагатай. Иймд хоёр талаасаа гүний уурхайд хөрөнгө оруулалт хийх эсэхийг ярих ёстой. Ер нь ашиггүй болно гэж байхгүй. Хамтдаа олборлоод ашигаа хуваагаад л авна шүү дээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ