“Үйлтэй толгой”-гоос үнэнийг сонсъё

2013-08-27

Ч.ҮЛ-ОЛДОХ

“Рио Тинто”-д захидал бичээд албан тушаалаасаа огцорч, араасаа олон хүнийг ажилгүйчүүдийн эгнээ рүү дагуулсан Ц.Сэдванчиг  ганц нэг юм хэлж буй ч “Ам нээхээс уушги нээ” гэгчээр хэзээ бүгдийг илэн далангүй ярихыг мэдэхгүй. Тэр лав “Алтан загас” үмхчихээгүй  байлтай. Харин түүнээр туг тахьчихаад гэмгүй царайлж арьсаа хамгаалж суугаа Н.Алтанхуягийн Засгийн газрын “но” бол эхнээсээ илэрч байгаа. Цаана нь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх нэрээр монголчуудыг хэдэн зуун жилээр тооцогдох өрөнд унагаж, ломбардандаа бат гэгч хийж авахаар улайран улангассан  “Рио Тинто”   үлгэрт гардаг 15 толгойт шиг шидээ үзүүлж буй. Хөшигтэй улс төрийн цаад, наадах тодорхой бус, хөл толгойгүй үйл явдлууд ар араасаа өрнөж байгаа нь л өнөөдрийн сэдэв гэдэг нь хэнд ч ойлгомжтой болов уу. Энэ бүхний  зөв, бурууг хэлэлцэх цаг хэзээ ч юм тохиож л таарна. Гэхдээ тэр нь  хэтэрхий оройтсон байх вий гэдэгт л хамаг учир оршиж байна.

ОЮУТОЛГОЙ ДАХЬ “ҮЙЛИЙН  ГУРВАН ТОЛГОЙ”

 

 Оюутолгойд үүссэн асуудал эхнээсээ л учиртай бөгөөд үйлтэй толгойнуудыг дамжиж ирсэн. Сүүлийн үед  “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал  Ц.Сэдванчиг, манай Засгийн газар, “Рио Тинто”  гурав тэрхүү “Үйлийн гурван толгой”-д дүр бүтээж байв. Засгийн газрын тухайд бол экс Ерөнхий сайд  С.Баяраас эхлээд С.Батболд, Н.Алтанхуяг гээд бүгд л тэдний өмнө  хоёр алгаа хавсарч сунаж мөргөсөөр  ирсэн түүхтэй. Энэ удаа   Монголд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр сайхан загнаж алгаа дэлгэсэн “Рио Тинто”-д найрсаг бус мэндчилгээ дэвшүүлсэн “хэрэг”-т  унаснаар  нэг үйлтэй толгой ажилгүйчүүдийн эгнээ рүү  шилжиж орхисон. Тэр  бол  хэдхэн хоногийн өмнө “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал гээд данайж суусан, одоо хөдөө амарсан шигээ  лааз өшиглөх, биллъярд  цохих хоёрыг “хийж” яваа   Ц.Сэдванчиг юм. Хэргийн учрыг  тэр нөхрөөр л сайтар яриулж байж гэмээ нь  учиг нь олдож мэдэх ч  энэ асуудлыг хөшигтэй байлгах сонирхол манай Засгийн газар, цаашилбал “Рио Тинто”-д байгаа нь харагдаж байна.  Нөгөөтэйгүүр, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлыг Монголын Засгийн газар бус “Рио Тинто” томилдог болсныг энд бичилтгүй, энэ нь угаасаа хэнд ч тодорхой байгаа. Одоо болоод цаашид тэдний “захиалгаар” тус компанийг удирдах болсон Да.Ганболдтойгоо Н.Алтанхуяг ч, “Рио Тинто” ч эвийн цавуу шиг зүйтэй сайхнаар хамтын ажиллагаагаа өрнүүлэх биз. АН-ын анхны партизануудын нэг  гэсэн нэрийн хуудас, тус нам дахь МоАХ-ны “виз” болоод гаднын хөрөнгө оруулагчдаас давхар “урилга”-тайгаар энэ удаа дүр бүтээх болсон  Да.Ганболд өөр хүн байж таарна. Мэдээж, Ц.Сэдванчиг мэтийн зөрүүд бух шиг “тэргэнд орохгүй” зөрж  муйхарлахгүй.   Гар, сэтгэл нийлэх хүнээ тавьсан учраас л Ерөнхий сайд маань нам нэгт журмын нэгэн нөхрөөрөө  “туг тахьсан”-ыхаа  дараа “Рио Тинто”-гийн шаардлагыг хүлээж авах нь зөв хэмээн хэвлэлийнхэнд дуулгасан гэж үзэх үндэслэлтэй. Тэгэхээр  эсрэг талын гол баатар Ц.Сэдванчиг хамаг учрыг мэдэж бас сөрж зогссон болж таараад байгаа юм. Үнэнийг хэлэх этгээдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл “байцаасан” эсэхийг мэдэхгүй. Ямар ч гэсэн сулд нь ганхуулж, ямар ч хамгаалалтгүй үлдээж боломгүй санагдах юм. Түүнийг хаана юу хийж яваа гэхээс илүүтэй юу болоод байгааг тодруулах санаатай энэхүү нийтлэлийг бичих зуур утас цохисон боловч холбогдсонгүй. Ингээд “Эрдэнэс Оюутолгой” компанийн  захирал Да.Ганболдод хэдэн асуулт хаяглахаар хандтал   гадагшаа томилолтоор явсан сурагтай.   “Рио Тинто” компанийн хуралд оролцож үг хэлэх болсон  гэнэ. Шинэхэн захирал  ямар ч гэсэн эхний даалгавраа өвөртлөн  ийнхүү Английг зорьжээ. Одоо харин түүнийг  ямар хэл сурагтай ирэхийг харж суух л үлдлээ.

 

“РИО”-ГИЙН ЛОМБАРДААС ИРҮҮЛСЭН  МЭДЭГДЭХ ХУУДАС БА ЮУ БОЛООД ӨНГӨРЧИХӨВ ӨӨ?

 

Нууцлаг захидлыг Ц.Сэдванчиг долдугаар 19-нд илгээсэн юм билээ. Учир нь “Рио Тинто” наймдугаар сарын дундуур арилжааны арав гаруй банкнаас зээл авах, эсэхээ шийдэж хариу өгөх учиртай байсан гэж байгаа. Үүний тулд эхлээд Монголын Засгийн газраар нэмэлт санхүүжилт авахыг дэмжүүлэх, ийм утгатай албан захидлыг компанийнхаа нэр дээр гаргуулан авч өрийн барьцаанд  тавих ёстой байж. Ингээд өөрсдөө захидлынхаа эхийг бэлтгэн бүр Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэрээр ирүүлэхийг шаардаж төслөө ирүүлчихсэн байж. Гэтэл Засгийн газар улс төрийн урьдчилсан тохиролцоонд хүрээгүй, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхдээ алсыг харалгүй үрэлгэн загнасанаа эхнээс нь ойлгож “гэмшиж” эхлээд байсан юм билээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Монголын гадаад  өр хэрээс хэтэрснийг  удаа дараа сануулах болж, өвлийг яаж давах вэ гэдгээс илүү улсын төсөв, санхүүжилтийг цаашид яахаа мэдэхээ байж ямар ч гарцгүй болчихоод байсантай давхцсаныг эх сурвалжууд хэлж буй. Энэ нь ч Ц.Сэдванчигийн хэлээд буй “Захидал явуулахад Засгийн газар бэлэн бус байсан” гэсэнтэй утга дүйж буй. Ингээд  Ц.Сэдванчигийг нэг удаагийн “гал хамгаалах”  хэрэгсэл болгон ашигласан байх магадлалтай. Түүнээс ч ноцтой  асуудлууд бас бий. Тэр нь зөвхөн “Ажлаас чөлөөлөв” гэдгээр тогтохгүй ч байж мэдэх юм. Тухайлбал, тэрээр “Рио Тинто” руу долдугаар сарын 19-нд захидал явуулсан байдаг. Түүндээ нэмэлт санхүүжилтийг хүлээж авах боломжгүй гээд тэрхүү шалтгаанаа ТЭЗҮ болон хууль эрх зүйн талаас тайлбарласан гэж байгаа. Захидал илгээсэн яг тэр өдөр буюу мөн долдугаар сарын 19-ний өдөр  дэлхийн зах зээл дээрх “Рио Тинто”-гийн хувьцааны  ханш 10 хувиар унаж, Монголд ам.долларын ханш 110 төгрөгөөр өссөн байх жишээтэй. Гэхдээ түүний тавьсан шаардлагууд монголчуудын зүгээс олон жил ярьж, Оюутолгойгоос Монголын ард түмэн хожих ёстой болохоос хэмжээ, хязгааргүй өрөнд орох асуудал байж таарахгүй гэсэнтэй агаар нэг байсан гэдэг нь эргэлзээгүй. Ийм ч учраас өнөөдөр тэр захирлын  албан тушаалаасаа бууж “Рио”-гийн “хорхойтой араанд”  лавхан зуугдсан  нэгэн  болж хувирсан. Цаашид яахыг таашгүй.

 

УИХ –ААР  “АЙЛГАСАН” УУ?

 

 Засгийн газар Оюутолгойн гэрээгээ  сайжруул гэсэн үүргийг өмнөх парламент гаргаж байсан. З.Энхболдын ангийнхан ч ийм л байр суурьтай байгаа. Шинэчлэлийн Засгийн газар ч  бодлого, хөтөлбөртөө дээрх асуудлыг тусгаж “шинэчлэл хийх” зорилттой ажиллаж байгаа хэмээж  буй. Үндсэндээ Оюутолгойд хөрөнгө оруулагчид Монголын төр, засгийг бүхэлд нь худалдаад авчихсан. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг ч тэр.  Олон үзэл бодлын нэгдэл болсон УИХ-ын тухайд бол эсрэг дуугардаг цөөхөн хүн эхнээсээ л байсан, одоо ч байгаа. Тэгвэл Ц.Сэдванчигийн гаргасан  нэг алдаа нь “Танайх хөрөнгө оруулалтаа нэмэх бол манайх энэ асуудлыг УИХ-аараа хэлэлцүүлж, батлуулах ёстой. Намрын чуулган хүртэл хүлээх хэрэгтэй” гэсэн өгүүлбэрийг өөрийн санаачилгаар захидал дотор шургуулж   “гал хамгаалсан”  юм болов уу гэсэн асуулт гарч байна. Ийм утгатай яриа ч хариуцлагатай албан тушаалтнуудын хооронд болоод өнгөрч байгаа нь хардлага дагуулж байгаа юм. Гэтэл өөрийнх нь хэвлэлд ярьснаар бол  захидал явуулахыг Засгийн газар, Ерөнхий сайд мэдэж байсан. Захидал угаасаа явах байсан юм гээд байдаг. Тэр нь үнэн бол дээрх өгүүлбэрийг мань хүн зөрүүд зангаараа нэмчихсэн нь ортой юм байлгүй.  Тийм ч учраас “Рио”-гийн гэдэн хөдөлсөн байж таарна гэсэн логик үйл явдлын өрнөл дотор нисч  байгааг тэмдэглэхгүй байхын аргагүй. “Рио Тинто”-гийн хувьд Оюутолгойн асуудлыг хаалттай байлгах сонирхолтой юм чинь юу боллоо гэж УИХ-аар нээлттэй бөгөөд өргөн дэлгэр хэлэлцүүлэхийг зөвшөөрөх вэ дээ. Ёстой нөгөө юу үнэн бэ гэвэл, тэр үнэн гэдэг шиг болж өгвөл чимээгүй залгиад дуусах л төлөвлөгөөтэй байгаа биз. Тэгээд нэг л мэдэхэд үлгэр ч жаргаж, монголчууд өрөнд байдгаа алдаж үр хүүхэд маань модоо барьчихсан байх нь дамжиггүй. Тийм болгох уу, тэсч байгаад тэмцэж сөрөх үү гэдэг асуулт өнөөдөр хоолойд тээглэсэн яс болж, эхнээсээ жолоо цулбуургүйгээр өр зээл тавьж улс төрийн амлалтаа биелүүлж санал худалдаж авч сандал суудлаар наймаалцаж ирсэн улстөрчдийг өөрсдийнх нь ухсан нүхэнд бусадтай хамт унагаах болчихлоо.Нүхэнд унах уу, нүүчих өөр  гарц байна уу…гэдэг асуултад одоо монгол толгойнууд хариу бодох цаг иржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ