Ц.Даваасүрэн: Өнөөгийн нийгэмд хуулиас илүү нам хүчтэй байна

2013-08-22

Д.БОЛОР

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга  Ц.Даваасүрэнтэй ярилцлаа. Тэрээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг хугацаа болоогүй хэмээн онцолж байна.

 

Ойрын өдрүүдэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийнхэн хуралдах боллоо. Та Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа юу?

-Үндсэн хуульдаа ард түмэн төлөөллөөрөө дамжуулан төр барина. Төлөөлөл болох гишүүнийг нь иргэд шууд сонгоно гэсэн заалттай. Гэтэл өнөөдөр төлөөлөл биш намыг сонгох болж байна. Санал авах хуудас дээр нь намын нэр байна. Намын ард хүний нэр байхгүй. Энэ нь иргэд төлөөллөөрөө дамжуулан төр барих биш нам сонгох болж таарч байгаа юм. Үгүй ядаж, намынх нь ард хүний нэр байсан бол ийм хүмүүс төлөөлөх нь гэж ойлгож болно. Энэ бүхэн Үндсэн хуулиа зөрчсөн сонгууль болж таарч байгаа юм. Одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиа зөрчиж байна гэдэг чинь ямар сайн Үндсэн хууль гарна, тэрийгээ ч гэсэн зөрчих магадлалыг харуулж байна.  Өнөөдөр Монголын нийгэмд хуулиас илүү нам нь хүчтэй байна. Бид хуульд захирагдаж амьдаръя гэдэг байсан бол өнөөдөр нам хариуцлага, хяналтын тогтолцоог бэхжүүлдэг юм байна гэсэн  буруу ёс суртахуун руу орчихжээ. Намаар дамжиж хяналт, хариуцлагыг  зохицуулдаг гэж.

Үндсэн хууль зөрчсөн ч нам нэгтэй бол авардаг гэсэн хардлага бий?

-Улс төрийн нам, улс төрч гээд хэн ч бай буруу шийдвэр гаргаж Үндсэн хууль зөрчсөн бол шийтгэлээ авдаг байх ёстой. Жишээлбэл, ардчилал өндөр хөгжсөн оронд хууль зөрчсөн  сайд дарга нар бүгд огцорч байна. Харин манайд эсрэгээрээ. Нүүрээ улалзуулаад суугаад байна. Намынх нь нөхөд, эрх баригч нар ч гэсэн улайрч байгаад хамгаалаад үлдэнэ.  Үндсэн хуулийн зүйл заалт зөрчсөн байсан ч хамаагүй улайрч байгаад авч үлдэх жишээтэй. Ийм төлөвшил, ийм ёс суртахуунтай үед хуулийн өөрчлөлт хийнэ гэдэг их эрсдэлтэй. Ер нь бол  Үндсэн хуулийг өөрчлөх ёстой. Гэхдээ цаг хугацаа нь арай болоогүй байна. Нам төвтэй улс төр рүү шилжиж, эрх мэдэл, мөнгө төгрөгтэй нь намын орой дээр гараад суучихаж байгаа шүү дээ. Манай нийгэм эрхзүйт хууль гаргадаг ардчилсан төрт шилжинэ гэж байсан бол нам дамжсан эдийн засаг, улс төрийн бүлэглүүдийг дарангуйлсан тогтолцоо руу ороод байна.  Бодит байдалд ийм л байна. Ийм үед яаж хуулийнхаа асуудлыг шийдэх вэ гэдгийг сайн бодох ёстой.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ