Түгжрэлийг арилгахын тулд тэгш, сондгой дугаараар ангилна гэв

2013-08-20

Д.БОЛОР

Шинэчлэлийн Засгийн газрын гишүүд даваа гариг бүрт долоо хоногт амжуулсан ажлаа тайлагнадаг уламжлалтай. Энэ удаад зам тээвэр, барилга байгууламж, цахилгаан дулааны орчинд ямар өөрчлөлт, шинэчлэлт бүтээн байгуулалт өрнүүлснийг Ерөнхий сайд  Н.Алтанхуяг  тэргүүтэй албаныхан ярилаа.

         

НАЙМАН САРЫН ДОТОР 28 МЯНГАН МАШИН НЭМЭГДСЭН

Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр:

-Энэ сарын 31-ний дотор өргөтгөж байгаа таван уулзвар замыг нээхээр төлөвлөж байна. Тухайлбал, Гандангийн арын уулзвар, X хорооллын уулзвар гэхчилэн таван уулзвар замыг нээхээр хүн, хүчээ дайчлан ажиллаж байгаа. Гэхдээ хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө шуурхайлахгүй бол ажил амжихгүй шинжтэй байгааг хэлэх ёстой. Үүний тулд энэ сарын 24-31-ний өдрүүдэд машиныг тэгш, сондгой дугаараар ангилан замын хөдөлгөөнд оролцуулах саналтай байна. Энэ саналаа холбогдох албаныханд өгсөн. Түүнээс гадна зам засварын ажил өрнөж байгаа газарт байрлах аж ахуй нэгжид ажилчиддаа тусгай автобусаар үйлчлэхийг хүсч байна. Энэ оны эхний найман сарын байдлаар 28 мянган тээврийн хэрэгсэл шинээр нэмэгдсэн. Үүний 22 мянга нь суудлын автомашин учраас хязгаарлалт хийхгүйгээр засварын ажлыг явуулахад бэрхшээл тулгарч байгаа юм.

Н.Алтанхуяг:

-Яармагийн дэнжид баригдах гээд гацсан амаржих газрын зарим асуудал шийдэгдсэн. Учир нь халуун, цэвэр усны холболт байхгүй учраас барилга нь зогсоод байсан. Тэгвэл Нисэхэд цэвэрлэх байгууламж барихаар болсныг дуулгая. Ингэснээр амаржих газар болон бусад барилгыг барихад төвөггүй болж байгаа юм.

 

83 КМ ТӨМӨР ЗАМ БЭЛЭН БОЛЖЭЭ

Зам тээврийн сайд А.Гансүх:

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймагт зам засварын ажил болон шинээр баригдаж буй төмөр замын ажилтай танилцлаа.  Автозамын ажил хэвийн явагдаж байна. Гэсэн ч  төлөвлөгөөний дагуу үүрэгт ажлаа дуусгахыг үүрэг болгож, шийдвэрлэвэл зохиох асуудлыг газар дээр нь шийдвэрлээд ирсэн. Ер нь Замын-Үүд чиглэлийн 227 км  төмөр замын ажил 37 хувьтай байна. Энэ нь нийт тавих замын 83 км-ийг өнгөрсөн долоо хоногт бэлэн болгосон гэсэн үг. Мөн өнгөрсөн долоо хоногт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Хөвсгөл аймаг руу чиглэсэн 83 км авто замын ажил удаашралтай байсан учраас энэхүү замын 40 км-ийг өөр компанид шилжүүлж ажил эхлүүлэхээр болсон.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ