Тэд эдийн засаг хүнд байгааг хүлээн зөвшөөрөв

2013-08-16

Д.БОЛОР

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр албан өрөөндөө үе, үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийг хүлээн авч өнөөгийн нийгэм, эдийн засаг, хөгжлийн талаар санал бодлоо солилцлоо. Ерөнхийлөгчийн урилгаар Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Ерөнхий сайд асан С.Баяр, Д.Содном, Ш.Гунгаадорж, Д.Бям­басүрэн, Р.Амаржаргал, Сү.Батболд болон өдгөө энэ албыг гүйцэтгэж яваа Н.Алтанхуяг нар иржээ. Мөн УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй парламент удирдаж явсан түшээд болох Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Лүн­дээжанцан нар хаалттай хуралдлаа. Тэд нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлаар ярилцана гэсэн зарыг холбогдох албаныхнаас тараах ч өөр эх сурвалжууд “Рио Тинто” компанитай холбоотой асуудалд гарц хайх гэж цугласан, эдийн засгийн доройтлын тухай ярилцсан гэх мэдээ хэлж байв. Үүнийг батлах гэсэн шиг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнд хамаарахгүй Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан нар хурал тарсны дараа Ерөнхийлөгчийн өрөөнөөс гарсан. Хуралд оролцогчид хаалттай өрөөнд юу ярьсан тухайгаа ний нуугүй хэлсэн бол С.Баяр, Н.Багабанди нарын дарга нар хэвлэлийнхнээс дайжин нуугдан байж гарч одсон юм. Хаалттай хурлаар юу ярилцсан тухай тэд ийн ярилаа.

 

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: ХҮНД ҮЕИЙГ ТУУЛАХ БЭЛТГЭЛ ХЭРЭГТЭЙ

-Ер нь их хариуцлагатай хандах цаг ирээд байна. Олон түмэн ч ойлгож байгаа. Энэ асуудлыг Засгийн газрын тэргүүнүүддээ дуулгаж, санаа бодлыг нь сонслоо. Манайхан Оюутолгойтой холбоотой асуудалд маргаан гаргахгүйгээр олон улсын амьдралд байдаг эрх хэмжээнд шийдэж болно шүү дээ. Нэг талдаа зүгээр яриад байдаг, нөгөө талдаа асуудал түгжрээд байдаг зүйл биш. Монгол Улс 1990 оноос хойш олон хүнд үеийг тууллаа. Цаашид манайхаас төдийгүй олон улсын нөхцөл байдлаас шалтгаалах шалтгаанаар нэлээд хүндрэл үүсэх бай­далтай байна. Бид бэлт­гэлтэй л байх хэрэгтэй.

 

Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж: БҮГДЭЭРЭЭ ХЭЛЭЛЦВЭЛ БУРУУГҮЙ ГЭДЭГ

-Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн гишүүдтэй Эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа нөхцөлд яах вэ гэдгийг л харилцан дүгнэж, санал бодлоо ярилцлаа. Цаашид яах вэ гэдгийг УИХ, Засгийн газар шийднэ. Бидний санал бодлыг сонсч төвлөрүүлээд ойрын үед авч хэрэгжүүлэх байх. Аюулгүйн зөвлөлөөс зөвлөмж гарна биз. Өнөөдөр бид одоогийн Засгийн газрыг дүгнэхдээ биш эдийн засгийн байдал ямар байна вэ гэдэг дээр л санал бодлоо ярилцах нь зөв. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Хүн бүхэн ярьж, бичиж, ярьж байгаа эдийн засгийн байдал  дэлхий нийт ч таагүй байна.  Манай улсын байдал ч хүнд байна. Үүнээс гарах арга зам, Оюутолгойн асуудал, мөнгө зээлийн бодлого ямар байх ёстой юм бэ гэсэн асуудлуудыг л ярилаа. Хүн хүний бодол өөр, өөр ч эцсийн дүнд асуудлаас яаж гарах вэ гэдэгт л утга дүйж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ