Найман хувийн зээл хэр удаан тэсэх бол?

2013-08-15

Зарим банк ачааллаасаа болоод орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг гаргахгүй байгаа талаар иргэд ярьж байна. Ингэхдээ тэд томоохон салбарууд руугаа харилцагчдаа илгээж, хүмүүсийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа юм. Зах зээлээс хоёр дахин хямд хүүтэй энэ зээлийн цаана ямар нууц оршиж байна вэ.

“НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛ УДАХГҮЙ ДУУСНА”

 

Олны ам дамжсан яриан дунд дээрх өгүүлбэр тэнэж явна лээ. Агаараар “халдварлан” тарж буй энэ ярианаас үүдэн яарсан, сандарсан хүмүүс ч олширчээ. Энэ нь барилгын компаниудад олз болж, эрэлт өссөн нэрээр ам метр талбайнхаа үнийг хоёр сая төгрөгөөс эхлэн дуудаж байна. Өнгөрсөн онд байрны ам метр талбайн үнийг нэг сая төгрөгт багтаана гэж амласан Засгийн газар маань өнөөдөр найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн журамд өөрчлөлт оруулж ам метр талбайн үнийг шинэ байранд 2.2, хуучин бол 1.9 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан тухай үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл ч бас нисч байна. Энэ үнэн бол, эрх баригчдын бодлого үнийн өсөлтийн өмнө сөхөрч байна гэхээс өөрцгүй болно. Үнэхээр журам ийн өөрчлөгдвөл компаниудад энэ нь үнээ өсгөөд байгаарай гэсэн дохио болоод л хоцорно. Ингэхээр найман хувийн зээл хаягласан эзэндээ биш, харин хэдэн компанийн захирлын хэтэвчийг түнтийлгэх өгөөш болоод дуусах янзтай.

 

ЗЭЭЛ АВСАН КОМПАНИУДЫГ ЗАРЛАСАНГҮЙ

 

Өнгөрсөн тавдугаар сард Төвбанкнаас арилжааны банкуудад 800 гаруй тэрбум төгрөг байршуулсан. Энэ мөнгө одоо зах зээлд гараад банкуудын барилгын материал болоод дуусч байгаа. Уг нь энэ мөнгөөр барилгын компаниудад орон сууцны нийлүүлэлтийг гацаа үүсгэлгүй гаргах үндсэн зорилготойгоор банкуудад байршуулсан юм. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ зээлийг ямар ямар компани авсан, хэрхэн зарцуулсан хийгээд яагаад хөнгөлөлттэй зээлд хамрагдсан хэр нь үнээ өсгөж байгаа талаар салбарын сайдаас авахуулаад Монголбанкны ерөнхийлөгч хүртэл мэдэгдэл хийх хүн олдсонгүй. Хямд орон сууц нийлүүлнэ гэж Төвбанкны хөнгөлөлттэй зээлд хамрагдчихаад хариуд нь ус цацсан барилгын компаниудын нэрийг зарлана хэмээн дуулиантай мэдээ тарснаас хойш удаж байна.

Ингээд зогсоогүй сайд, дарга нарын мэдэгдэл хоорондоо тэнгэр газар шиг зөрүүтэй хэвээр байна. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн өнгөрсөн сард “Хөтөлбөрт хамрагдсан 50 гаруй компаниас 18 нь үнээ өсгөсөн, 11 нь үнээ бууруулсан” гэсэн. Гэтэл Барилга хот байгуулалтын сайд нь “NTV” телевизээр ярихдаа 7-8 компани үнээ өсгөсөн гэх жишээтэй. Ер нь хөнгөлөлттэй зээлд хамрагдсан нэг компанийн нэрийг нуухад л цаана нь дунджаар 800 иргэн хохирч байгаа юм.

ДАРААГИЙН САНХҮҮЖИЛТ ЗАСГИЙН ГАЗРЫН БОНД

 

Банкууд иргэдэд найман хувийн зээлийг хангалттай өгч байгаа гэсэн тайлбартай сууна. Ингэхдээ дунд нь хавчуулсан хачир нь “Ойрын хугацаанд зээлийг өгөх санхүүжилт нь хангалттай байгаа. Энэ санхүүжилт дуусахаар Засгийн газар бонд гаргахаар яригдаж байна” хэмээх тайлбар.

Бонд гэдэг бол хүнээс хугацаатай мөнгө зээлж, хүүтэйгээр эргүүлэн төлнө гэсэн үг. Засгийн газар бонд гаргавал талбар нь дотоодын зах зээл байх юм. Гадаад зах зээлд бол мэдээж бонд гаргах нүүргүй болчихсон. Тэгээд ч гадаадын хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газарт итгэж мөнгө зээлэхгүй. Харин дотоодын зах зээлийн хувьд бүр ч өөр. Яагаад гэвэл дотоодын зах зээлд гаргасан Засгийн газрын өрийн бичгийг худалдан авах хүн бүр ч цөөн. Учир нь Монголын хөрөнгийн биржийн “http://mse.mn/content/show/id/53” цахим хуудаст дурдсанаар өнгөрсөн онд Засгийн газрын бондын арилжаа нэг удаа явагдаж, 100 мянган төгрөгийн үнэ бүхий таван ширхэг бондыг 525 мянган төгрөгөөр арилжаалжээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид Засгийн газарт итгэж мөнгө зээлэхгүй байгааг эндээс харж болно. Тэгэхээр дараагийн эх үүсвэр гэгдээд байгаа Засгийн газрын бонд дахин арилжигдахдаа ердөө л хагас сая төгрөгийн орлоготой байвал яаж ч бодсон өнөөх найман хувийн хүүтэй зээлийг санхүүжүүлж дөнгөхгүй. Тиймээс байдал тун бүрхэг болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ