Д.Даваа-Очир: Нэр дэвшигчдийн бүртгэл, баталгаажуулалтыг цахимаар хийнэ

2023-10-18
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УЯНГА

УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-ны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очиртой ярилцлаа. 

 

-Сонгуулийн болон Улс төрийн намын хуулийн шинэчлэлийн дагуу 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хэрхэн хийж байна вэ? 
-Их хурлын сонгуулийг хосолсон тогтолцоогоор зохион байгуулах, Гадаад улсад байгаа иргэдээс санал авах, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх, сонгуулийн зардлыг бууруулах зэрэг чиглэлээр энэ оны зургадугаар сарын 16-ны өдөр Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Мөн долоодугаар сарын 7-ны өдөр Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Дээрх хоёр хууль нь үзэл баримтлал, зохицуулалтын хувьд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шинэ тутам хуульчлагдсан тул хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэлийг бүрэн хангах, сонгогч, иргэд, олон нийтэд хуулийн тогтоомжид оруулсан өөрчлөлтийн талаарх мэдээлэл, ойлголт өгөх уулзалт сургалтыг өргөн хэмжээнд зохион байгуулах, хүний болон бусад нөөцийг бүрдүүлэх, бэхжүүлэх нь нэн тэргүүний ажил болж байна. Энэ дагуу хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталж үндсэн таван чиглэлийн 27 арга хэмжээ авч ажиллахаар тусгасан.
Сонгуулийн тэгш өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, сонгогчдод ойлгомжтой, хүртээмжтэй сонгуулийн сурталчилгааны эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор “нэгдсэн самбар” ашиглахаар хуульчилсан. Нэгдсэн самбар нь суманд хоёр, аймгийн төвийн суманд тав, нийслэлийн хороонд дөрөв хүртэл хэмжээтэй байх бөгөөд уг самбарыг сум, дүүргийн Засаг дарга бэлтгэж, байршуулах ажлыг зохион байгуулна. 


Улс төрийн намын тухай хуульд зааснаар төрөөс намд үзүүлэх шууд дэмжлэгийг 2024 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнг үндэслэн тооцож, хуульд заасан шаардлага хангасан намд 2025 оны нэгдүгээр сараас эхлэн дэмжлэг үзүүлнэ.  Мөн шууд бус дэмжлэг буюу намын удирдах дээд байгууллагыг хуралдуулах, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хурал зохион байгуулах, иргэдийг мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх зорилгоор төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимыг сонгуулийн бус жилд нэг удаа үнэ төлбөргүй ашиглах зохицуулалтын хэрэгжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор цөөнгүй ажил төлөвлөөд байна.


Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах, улс төрийн намыг дотоод ардчилалтай, хяналттай, хариуцлагатай, ил тод үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн зохицуулалтыг улс төрийн нам, олон нийтэд тайлбарлан таниулах, хуулийг нэг мөр, зөв ойлгуулах үүднээс хэрэглээний гарын авлага боловсруулах асуудлаар нэгдсэн гарын авлагатай болно. Хуулийн шинэчлэлтэй холбогдуулан Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулна. Хууль тогтоомж сурталчилах, мэдээлэл өгөх ажлын хүрээнд сонгуулийн хороодод ажиллах төрийн албан хаагч, иргэдэд сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Мөн аймаг орон нутгийг өргөн хүрээнд хамруулж байгаа.


-Гишүүдийн тоо нэмэгдэхтэй зэрэгцээд ачаалал нэлээн нэмэгдэх байх. Зарим хэсэгт цахимаар шийдвэрлэх боломж бий юу? 
-Сонгуулийн тогтолцоо болон Их Хурлын гишүүдийн тооны өөрчлөлттэй холбоотойгоор сонгуульд нэр дэвшигчдийн тоо нэмэгдэнэ. Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч есөөс 11 төрлийн баримт, лавлагааг бүрдүүлдэг. Үүнийг цахимжуулах, холбогдох лавлагаа, тодорхойлолтыг цахимаар авах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан” цахим системийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу хөгжүүлж байна. Энэхүү систем нь сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад үүсдэг олон төрлийн бүртгэлийн үйл ажиллагааг цахимаар авах, бүрдүүлэх боломжтой юм. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-монголиа”-гийн үйлчилгээний төрөлд нэмэгдсэн бөгөөд 2023 оны орон нутгийн нөхөн болон дахин сонгуулиар системийн туршилтыг амжилттай зохион байгуулсан. Мөн бие даан нэр дэвшигчдийн гарын үсэг зуруулах үйл ажиллагааг “И-монголиа” системээр дамжуулан цахимаар зохион байгуулах техникийн шийдлийг боловсруулж байна. 


-Жилээс жилд сонгуулийн ирц буурч байгаа нь сонгогчдын боловсролтой холбоотой. Ер нь сонгуулийн байгууллага сонгогчдын боловсрол руу чиглэсэн ажлыг хэр хийж байна вэ? 
-Хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хоёр дахь жилдээ зохион байгуулж буй 18-25 насны сонгогчдод сонгуулийн ач холбогдол, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны онцлог, сонгуульд хариуцлагатай оролцох тухай мэдлэг олгох “Хариуцлагатай сонгогч” албан бус, үндэсний хөтөлбөрийн агуулгад нэмэлт, өөрчлөлт оруулан сонгуулийн боловсрол олгож байна. Хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт 110 сургагч багш бэлтгэсэн. Одоогийн байдлаар 18-25 насны  4400 сонгогчид мэдлэг олгох сургалт зохион байгуулаад байна.


-Сонгуулийн автоматжуулсан систем хангалттай байгаа юу. Нэмж авах уу. Танай байгууллагын хүний нөөцтэй холбоотой бүтэц өөрчлөлтийн асуудлыг байнгын хороон дээр хөндөж байсан? 
-Холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комисс байгуулан худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Энэ удаад 507 санал тоолох төхөөрөмж, түүний иж бүрдэлийг худалдан авч нөхөн хангалтыг хийхээр ажиллаж байна. Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв Сонгуулийн автоматжуулсан системийн иж бүрдэл, саналын хуудасны загвар бэлтгэх, санал хураалтын дүнг нэгтгэх программ хангамжуудад техникийн үзлэг хийж байна. Тус үзлэгээр 2493 санал тоолох төхөөрөмж, 2150 хяналтын камер, 10 сервер тэдгээрийн дагалдах хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж сонгуульд ашиглах бэлтгэлийг хангаж байна.


Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотойгоор Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ дагуу Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын санхүүжилт, түүнд тавих хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульчлагдсан бөгөөд үүнтэй холбоотойгоор уг чиг үүргийг хэрэгжүүлэх бүтцийн нэгж байгуулах, Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэх чиглэлээр Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоолгох асуудлаар санал, дүгнэлтээ бэлтгэн Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. Мөн Төрийн албаны тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу шинээр нэмэгдэх орон тоо бүрээр Албан тушаалын тодорхойлолт батлуулах, зарлах зэрэг ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 207 (7192)

Эрдэмтэд Н.Тэгшбаярыг дэмжиж АН-д уриалга хүргүүлжээ

Монгол улсын “Үндсэн хууль”-д Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан

20 цаг 37 мин
Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

“Ипотекийн зээлийн хүсэлт өгөөд бараг л хоёр жил хүлээж байгаа.

23 цаг 29 мин
Амралтын өдрүүдэд Боловсролын яармаг, Европын кино өдрийг зориорой

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас га

23 цаг 34 мин
С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой э

23 цаг 39 мин
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, байгууллагаас нэхэх ёсгүй

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Мэдээлэл технолог

23 цаг 44 мин
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийти

Уржигдар 18 цаг 42 мин
Германд хэт барууны үзэлтэй улстөрчид нэмэгдэж байна

Хэт барууны үзэлтэй Германы улстөрийн Альтернатив намын улстөр

Уржигдар 18 цаг 40 мин
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад айлчилна

Бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгаж дахин сонгуульд ялалт ба

Уржигдар 18 цаг 39 мин
“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

Уржигдар 17 цаг 29 мин